| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2018/0772/Э |
| Дугаар | 841 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 841
2019 11 05 2019/ШЦТ/841
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч П.Ариунболд, Д.Галбадар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн,
Шинжээч Б.Ариунзул,
Иргэдийн төлөөлөгч Д.Содном нарыг оролцуулан Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бээлийнхэн овогт С.Бд холбогдох эрүүгийн 1811020390656 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Бээлийнхэн овогт С.Б, 1975 оны 10 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Абсолют ган ХХК-ний захирал ажилтай, ам бүл 2, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Зуун мод 2 дугаар гудамж 71 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 741 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 1 хоногийг ажлын 8 цагаар тооцож түүний нийтэд тустай ажил хийлгэх ялыг 442 цагаар тогтоосон, хэрэг хариуцах чадвартай................................................................
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байр, 23 тоотод С.Баттулгатай “ээжийн ээмэг ломбарданд тавьсан” гэх шалтгаанаар муудалцаж улмаас зодож эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний хэсгийн язарсан шарх бүхий хүнд хохирол учруулсаны улмаас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очоод С.Баттулга нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Бгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч С.Бгаас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэм буруугаа би бүрэн хүлээн зөвшөөрч байна. гэм буруугийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй. Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /1хх-221-222х/,
Хохирогч С.Чулуунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...энэ хэрэгт нэг ах маань амь насаараа хохироод нөгөө ах минь гэмт хэрэгт холбогдоод цагдан хоригдсон байхад маш хэцүү байна нэгэнт болоод өнгөрсөн асуудал учраас гомдол санал нэхэмжлээд байх зүйлгүй ...” гэх мэдүүлэг /1хх-18-22х/,
Гэрч Х.Батцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...өчигдөр буюу 2018 оны 07 дугаар сарын 18-ны 12 цаг өнгөрч байхад Батнасан гэж хүн ах гэх Баттулга гэдэг хүнийг манай Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж дээр дагуулж ирсэн. Мөнгөнхуяг эмч Баттулга гэдэг хүнийг үзээд маш хүнд байна архины хордлоготой шоктой даралт пүльс хэмжигдэхгүй байна. Эрчимт эмчилгээний тасагт авъя гэж надад хэлсний дагуу эрчимт эмчилгээний тасагт авсан. Тэгээд би стори нээсэн өвчтөн Баттулгын хэл ам ээдэрсэн байдалтай бүх бие өвдөөд байна. 2 хоногийн өмнө дүүдээ зодуулсан, зодуулахдаа бол толгой цохьсон хөл рүү өшиглөсөн цээж дээр дэвссэн гэж сулхан дуугаар надад хэлж байсан. Тэгэхээр нь Баттулгын дүү гэх Батнасангаас асуумж авахад Батнасан надад ярихдаа ах Баттулга 3 хоногийн өмнө гэртээ хүнд зодуулсан орж ирсэн гэж хэлж байсан. Батнасан тухайн үед өөрөө архи уусан байдалтай байсан, би Батнасанд та бас согтуу байна танаас өөр хамаатны хүн байна уу биеийн байдал маш хүнд байна дуудах хүн байвал хэлж яриа гэж Батнасанд хэлэхэд Батнасан энэ дээр дуудаад ч хүн ирэхгүй надаас өөр хүн ирэхгүй, энэ Баттулга үхсэн ч гомдолгүй гээд байсан. Тэгэж байгаад Батнасан намайг нэг эмэгтэй хүнтэй утсаар яриулсан ...наад Баттулга дээр чинь ирэх хүн байхгүй дуудаад ч ирэхгүй надаас өөр хүн байхгүй. Яадаг юм бэ би Баттулгыг зодож гэж ярьж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-25-26х/,
Гэрч Т.Лутаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 10 цагийн үед Долгорсүрэнг эргэх гээд байранд яваад очсон чинь Баттулга жаахан халамцуу архи нь гарч байгаа бололтой сэх сэлгээгүй бөөлжөөд хэвтээд байсан ба Батнасан гэртээ байсан бөгөөд надад хандан өө ээжийн ээмгийг энэ авчихсан байна гэж Баттулга руу заагаад ломбардны бичиг энэ байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-27-28х/,
Гэрч С.Оюунчимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цагийг нь санахгүй байна би 20 дугаар байрны гадна цэвэрлэгээ хийж байсан чинь Баттулга 2 дугаар орцны гадна сандал дээр эвхэрээд хэвтээд өгөхөөр нь би Баттулга дээр очоод чи яасан бэ гэж асуухад Баттулга нүдэндээ хар нүдний шил зүүсэн байдалтай бие нь их зовиуртай сандал дээр эвхэрээд хэвтээд байсан. Тэгээд надад Баттулга манай дүү Батнасан намайг зодсон гээд нүдний шилээ авч үзүүлсэн зүүн нүд нь хөхөрсөн байдалтай байсан ...” гэх мэдүүлэг /1хх-31х/,
Гэрч Мөнгөнхуягаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:”...та ахыгаа зодчихсон юм уу гэж асуухад зодсон яадаг юм наад хүнийг чинь алах ч багадана одоо харин алчихмаар байна гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-32-33х/,
Гэрч Р.Бат-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баттулга гэж хүн ер нь бол халамцуу байсан хүнтэй зодоон цохион хийсэн зүйл байгаагүй боловч зүүн нүдний доод хэсэг жаахан хөх туяатай байсан шиг санаж байна ...” гэх мэдүүлэг /1хх-36-37х/,
Гэрч Л.Пагамдуламаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Баттулгын дүү би хоёр хоногийн өмнө ах Баттулгы архи уугаад байхаар нь хэвлий рүү нь өшиглөсөн бас зүүн нүд рүү нь цохисон гэж хэлж байсан ...” гэх мэдүүлэг /1хх-38-39х/,
Гэрч С.Эрдэнэбилэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2018 оны 07 дугаар сарын 16-ны өглөө босоод 10 цагийн үед аав, охин хамт гурвуулаа байж байхад Баянгол дүүргийн 10 дугаар хороонд ажилладаг найз Наранцэцэг орж ирсэн. Тэгээд би найзтайгаа юм яриад сууж байтал манай гэрийн хаалга тогшсон. Хаалга онгойлгоход Баттулга гэдсээ барьсан амнаас нь цус гарсан царай нь цонхийсон байдалтай орж ирээд Билгээ чи цагдаа дуудаарай Батнасан намайг элэг дээр дэвсээд зодчихлоо гэрт ээж Батнасан хоёр байгаа гэж хэлсэн. Батнасан миний утас түлхүүр хоёрыг аваад үлдсэн гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг /1хх-40-41х/,
Гэрч С.Сувд-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гэтэл Баттулга ах наадмаар Батнасан пизда ахыг нь зодсон гэж хэлээд нүдний шилийг авсан чинь зүүн нүд нь хөхөрсөн байсан. Алчуураа авахад хүзүүн боосон бололтой улаан эрээн болсон шархтай байсан ...” гэх мэдүүлэг /1хх-43-44х/,
Гэрч Эрдэнэусаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Торлогт амралтанд би хоёр хүүхдийн хамт амарч байхад ямар ч маргаан болсон зодоон болсон зүйл огт байхгүй ...” гэх мэдүүлэг /1хх-45-46х/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн №328 тоот дүгнэлтэнд:
“1.Талийгаач С.Баттулга-н цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж /1.2 литр/, уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, эрүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл учирчээ.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Талийгаач С.Баттулгын цогцост хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний цутгалан гэдэсний хэсгийн язарсан шарх, хэвлийн хөндийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, хэвлийн хөндий дэх гэдэсний агууламж /1.2 литр/ зэрэг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уруулд язрал, цус хуралт, зүүн нүдний зовхи, эрүү, цээж, зүүн мөрөнд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Талийгаач нь хэвлийн хөндийн битүү гэмтэл нарийн гэдэсний цутгалан гэдэсний язарсан шарх, задралын улмаас хэвлийн гялтангийн түгмэл идээт үрэвсэл, идээт хордлогоор хүндэрч олон эрхтний дутагдалд орж нас баржээ.
4. ЧДНЭмнэлэгт талийгаачийн нарийн гэдэсний урагдал гэмтлийг оношлоогүй тул зохих эмчилгээг хийгээгүй байна. Яаралтай оношлож мэс засал эмчилгээг хийх шаардлагатай байсан. Эмнэлэгт хугацаа алдаж ирсэн тул мэс засал эмчилгээ хийсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ” гэсэн дүгнэлт /2хх-75-77х/,
Шинжээч Ц.Бадрал мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Дээрх гэмтэл нь хатуу мохой зүйлийн олон удаагийн цохих цохигдох өшиглөх гэх мэтийн үйлчлэлээр үүсгэгдэнэ ...” гэх мэдүүлэг /1хх-83-84х/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 736 тоот дүгнэлтэнд:
“1. С.Б нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.
2. С.Б нь гэмт хэрэгт холбогдсоноос хойш сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.
3. С.Б нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. С.Б нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1хх-96-98х/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-105х/,
Өвчний түүхийн хуулбар /1хх-162-166х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-214х/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /1хх-107х/ зэрэг болно.
Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч С.Б нь 2018 оны 07 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо 20 дугаар байр, 23 тоотод С.Баттулгатай “ээжийн ээмэг ломбарданд тавьсан” гэх шалтгаанаар муудалцаж улмаас зодож эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, нарийн гэдэсний хэсгийн язарсан шарх бүхий хүнд хохирол учруулсаны улмаас 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очоод С.Баттулга нь нас барсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч С.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэсэн байх тул энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Баянгол дүүргийн шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 741 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 442 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож (442:8=55) 55 хоногийг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар 25 хоногийн хорих ялаар тогтоож, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлээгүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 211 хоног цагдан хоригдсон хоногтой болохыг тус тус дурьдах нь зүйтэй.