Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 698

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: *******,*******,******* тоотод байрлах, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,******* тоотод оршин суух, ******* /РД:*******/ холбогдох,

Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 512 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч 2013 оны 03-р сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр 5,500,000 төгрөгийн үнэтэй, чанарын доголдолгүй, шинэ “” ахуйн цэвэрлэгээний төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, гэрээ байгуулахдаа урьдчилгаа 1,000,000 төгрөгийг бэлнээр авч, үлдсэн 4,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай сар бүр 375,000 төгрөг төлж барагдуулах нөхцөлтэйгээр худалдсан.

Гэрээний хугацаа 2014 оны 3 сард дууссан бөгөөд хугацааны эцэст худалдан авагч 3,825,000 төгрөг төлж үлдсэн 1,675,000 төгрөгийг төлөөгүй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 6.2 дах хэсэгт төлбөр төлөх хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөлтийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алданги төлөхөөр тохирсон бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил 2 сар буюу нийт 790 хоног хэтрүүлсэн хоног тутамд 1,675 төгрөг буюу 1,323,250 төгрөг төлөхөөр байгаа боловч хуульд зааснаар төлөх ёстой үнийн дүнгийн 50%-иар тооцоход 837,500 төгрөг төлөхөөр байна.

Иймд гэрээний дагуу аас үлдэгдэл төлбөр 1,675,000 төгрөг, гэрээгээр тохирсон алданги 837,500 төгрөг нийт 2,512,500 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би хариуцагч эвлэрэн хэлэлцэж, 2 500 000 төгрөгийг сар бүрийн 10-ны өдөр 250 000 төгрөг төлж, 10 сарын хугацаанд дуусгах нөхцөлтэйгээр тохиролцов. Энэхүү гэрээний үр дагавар болох дахин нэхэмжлэл гаргахгүй, давж заалдахгүй гэдгийг ойлгосон гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:

би “*******” ХХК-ны нэхэмжилсэн 2 512 500 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг тоос сорогчийг худалдан авах гэрээний явцад утсаар тухайн ажилтантай холбогдож тохиролцоод явж байсан. Гэвч бид тоос сорогчийг гэрээний хугацаанд буцааж өгье гэж амаар ярилцаж байсан боловч бичгээр өгөөгүйн улмаас шүүхэд шилжих хэмжээнд хүрээд байна. Гэсэн ч бид тохиролцоод дахин асуудал үүсгэхгүй авахаар ярилцая гэтэл мөнгөн дүн нь 780 000 төгрөг илүү нэхэмжилсэн байна.

Нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцоод 2 500 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр төлж байхаар тохирсон юм. Талуудын хооронд өөр маргаангүй бидний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэнэ үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 1 675 000 төгрөг, гэрээ зөрчсөний улмаас алданги 837 000 төгрөг, нийт 2 512 500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрч, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 515 500 төгрөгийг 12 500 төгрөгөөр багасгаж, үлдэх 2 500 000 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 2 500 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр төлж байхаар харилцан тохиролцсон байна .

Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5-д зааснаар зохигч талуудын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч д холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2 512 500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн зохигч 2 500 000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, хариуцагч уг 2 500 000 төгрөгийг 10 сарын хугацаанд сар бүрийн 10-ны өдөр төлж барагдуулахаар зохигчийн эвлэрлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч аас 54 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн захирамжид гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧД.ХУЛАН