Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2017/0007/З |
Дугаар | 24 |
Огноо | 2017-08-28 |
Маргааны төрөл | Газар, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 24
2017 оны 08 сарын 28 өдөр | Дугаар 123/ШШ2017/0024 | Төв аймаг |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч:”Цахиурт бизнес групп” ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох,
“Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг илт хууль бусд тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ, хариуцагч Д.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Цахиурт бизнес групп” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-026221 дугаарт /тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн дугаар: ХА-019193-001-NЕ/, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өргөдлийн бүртгэлийн NЕ-026711 дугаарт /Тусгай зөвшөөрлийн өөрчлөлтийн дугаар: ХА-019729-001-NE/ тус тус бүртгэгдсэн. Гэвч Кадастрын хэлтсийн холбогдох ажилтнаас өргөдлийн шийдвэрлэлтийн байдлын талаар асууж тодруулахад “түр байж бай удахгүй холбогдох мэдэгдэл гарах байх” гэсээр албан ёсны мэдэгдэл өгөхгүй байсан. Бид хүлээсээр 2016 оны 10 дугаар сарын 10-ын өдрийн 16/03 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын даргад хандан тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэхгүй байгаа үйлдэлд гомдол гаргасан. АМГТХЭГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ын өдрийн 1/1988 тоот албан бичгээр манай өргөдөлд дурьдсан талбайг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 сарын 20-ын өдрийн 4 дүгээр тогтоолоор тусгай хэрэгцээнд авсан, уг тусгай хэрэгцээнд авсан талбай нь 2 өргөдлийн талбайтай давхцалтай гэсэн хариу өгсөн. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ын өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбайн хүрээнд Ашигт малтмалын газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбай гэж зарласны дагуу дээрх өргөдлүүдийг гаргасан юм. Гэтэл Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ын өдрийн 4 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ын өдрийн 239 дүгээр тогтоолтой нийцэхгүй зөрчилдөж байна. Монгол Улс нь нэгдмэл захиргаатай улс бөгөөд Засгийн газрын дээрх шийдвэр нь бүх аймаг, сумдын нутаг дэвсгэрийг хамруулан гарсан нийтээр дагаж мөрдөх хууль зүйн хүчин төгөлдөр шийдвэр билээ. Дээрх 4 дүгээр тогтоол нь Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дах заалтыг зөрчиж иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй буюу Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг тогтоож, олон нийтэд зарласны дараа нэгэнт батлагдсан Засгийн газрын тогтоолыг зөрчиж гарсан хууль бус акт гэж үзэж байна. Манай компани зардал их гаргасан, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа шийдвэрлэж өгөхгүй боломжгүй байна гэсэн хариу өгч хохироож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.5 дах хэсэгт заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтыг үндэслэн Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 сарын 20-ын өдрийн 4 дүгээр тогтоолыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Энхтайван шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цахиурт бизнес групп” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн №16/05 тоотоор Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүсэлт гаргасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 40 тоотоор “Цахиурт бизнес групп” ХХК-д Баян сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн зүгээс Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны 02 дугаар тогтоолоор аймгийн тусгай хэрэгцээнд авсан газар нутагтай давхцалтай тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай мэдэгдэн уг тогтоолын хамт хүргүүлсэн. Мөн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны 04 тоот тогтоол, 01 дүгээр хавсралт, хуралдааны тэмдэглэл, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 04 тоот тогтоолоор тус тус зарим газар нутгийг тусгай хэрэгцээ хамгаалалтанд авсан. Иймд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрүүд нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Ашигт малтмалын газар “Цахиурт бизнес групп” ХХК-ний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч өргөдлийн бүртгэлийн NE-026221 /ХА-019193-001-NE/, NE-026711 /ХА-019729-001-NE/ дугаарт бүртгэгдэж анхан шатны шүүлт хийсний дараа Төв аймгийн Засаг даргад хандан Баян сумын Овоот нэртэй 1337.73 гектар талбайд, тус сумын Овоот-1 нэртэй 1003.20 гектар талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэхийг 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 6/7184, 10 дугаар сарын 29-ний өдрийн 6/8473 дугаар албан бичгээр тус тус мэдэгджээ.
Төв аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1,52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэн Баян сумын Овоот нэртэй 1337.73 гектар талбайд, Овоот-1 нэртэй 1003.20 гектар талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн хариуг 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 25, 11 дүгээр сарын 30-ны өдрийн 99 дугаартай албан бичгээр Ашигт малтмалын газарт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар[1] тогтоогдож байна. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ гэж заасны дагуу Төв аймгийн Засаг дарга нь “Цахиурт бизнес групп” ХХК-д Баян сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн хариуг 30 хоногийн дотор Ашигт малтмалын газарт хүргүүлсэн байх бөгөөд “дэмжихгүй гэсэн саналтай”-тай холбогдуулан нэхэмжлэгчээс гомдол гаргаж байгаагүй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрх хэрэгжүүлнэ, 12.1.4-д “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах”, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.к-д “сум дүүргийн Хурал нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэж шийдвэрлэх асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлэх”, 25 дугаар зүйлийн 25.1-д Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1.3-д “тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох” гэж тус тус заажээ.
Дээрх хуулиар олгогдсон эрх хэмжээнийнхээ хүрээнд Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тус сумын 3 дугаар багийн нутагт 10 000 га газрыг отрын бүс, нутаг бэлчээр хамгаалах зориулалтаар 10 жилийн хугацаагаар тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авсан байна. Энэхүү сумын тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авсан 10 000 га газартай “Цахиурт бизнес групп” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн Баян сумын Овоот нэртэй 1337.73 гектар талбай, Овоот-1 нэртэй 1003.20 гектар талбай буюу нийт 2340.93 гектар талбайн 2301.93 гектар талбай нь давхцалтай болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар [2] тогтоогдож байна.
Төв аймгийн Засаг дарга “Цахиурт бизнес групп” ХХК-нд маргаан бүхий талбайд “хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг албан бичгээр Ашигт малтмалын газарт 2015 оны 10, 11 дүгээр саруудад хүргүүлснээс хойш 4 сарын дараа Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 4-р сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолоороо “Цахиурт бизнес групп” ХХК-ний хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч байсан талбайтай давхцал бүхий 10 000 га газрыг сумын тусгай хэрэгцээнд авсан байх тул ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох асуудал шийдвэрлэгдэх хугацаанд буюу тусгай зөвшөөрөлд олгосон талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэж үзэх боломжгүй.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д .Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ, 19.6-д Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ, 19.7-д Энэ хуулийн 19.6-д заасан шийдвэр гаргаснаас хойш өргөдөл гаргасан этгээд 1 сарын дотор тусгай зөвшөөрлийг аваагүй, эсхүл эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөөгүй бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэлээс хасч өргөдөл гаргасан этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт тэмдэглэнэ” гэж тус тус зааснаар Ашигт малтмалын газраас ирүүлсэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх тухай саналын хариуг аймгийн Засаг дарга 30 хоногийн хугацаанд өгөх бөгөөд, хариу өгөөгүй тохиолдолд зөвшөөрсөнд тооцох ба энэхүү 30 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Ашигт малтмалын газар шийдвэрлэж, тусгай зөвшөөрөл олгоогүй бол өргөдлийн бүртгэлээс хасч байхаар зохицуулсан байна.
Мөн аймгийн Засаг дарга хуульд заасан “хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлсэн бол Ашигт малтмалын газар өргөдөл гаргагчид тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна.
Иймээс Төв аймгийн Засаг дарга “Цахиурт бизнес групп” ХХК-нд маргаан бүхий талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй гэсэн хариуг Ашигт малтмалын газарт 2015 оны 10, 11 дүгээр саруудад хүргүүлснээс хойш 4 сарын дараа Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр тухайн газруудыг тусгай хэрэгцээ, хамгаалалтанд авсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.
Төв аймгийн Засаг дарга маргаан бүхий талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй саналыг 2015 оны 9, 10 дугаар сард албан бичгээр мэдэгдсэний дараа Ашигт малтмалын газраас 2016 онд дахин Төв аймгийн Засаг даргад хандан эдгээр талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэхийг мэдэгдсэн. Төв аймгийн Засаг дарга 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 207, 208 дугаартай Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх саналаар[3] “дэмжихгүй” гэсэн саналыг Ашигт малтмалын газарт дахин хүргүүлсэн байна.
2. Нэхэмжлэгч Монгол улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор батлагдсан талбайг хайгуулын тусгай зөвшөөрөлд олгоно, уг газрыг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус, Засгийн газрын тогтоолыг үгүйсгэсэн гэж маргаж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.11-д Засгийн газар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоож, нийтэд мэдээлэх бүрэн эрхтэй”, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх бүрэн эрхтэй, 19 дүгээр зүйлийн 19.2-д Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана, 19.2.2-д хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-т заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх, 19.3-д Энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасны дагуу тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн бол төрийн захиргааны байгууллага нь энэ талаар тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд энэ хуулийн 17.1-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана гэж тус тус зааснаас үзвэл Засгийн газар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох бүрэн эрхтэй байх боловч ийнхүү Засгийн газраас зарласан талбайд хайгуулын зөвшөөрөл олгох ажиллагааг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар хуульд заасан журмын дагуу явуулж тухайн талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэхийг аймгийн Засаг даргаас санал авсны дараа шийдвэрлэх зохицуулалттай байна.
Өөрөөр хэлбэл Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор тогтоосон талбайд тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг Ашигт малтмалын газар Ашигт малтмалын тухай хуулиар тогтоосон журмын дагуу шийдвэрлэх, тодруулбал тусгай зөвшөөрөл олгох, мөн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бүрэн эрхтэй байна. Түүнчлэн орон нутгийн өөрөө удирдах байгууллага Ашигт малтмалын тухай хуульд заасан үндэслэлээр орон нутгийн газрыг тусгай хэрэгцээнд авах эрхтэй байна. Иймээс Монгол улсын Засгийн газрын 2014 оны 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор батлагдсан талбайг Төв аймгийн Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тусгай хэрэгцээнд авсан нь хууль бус, Засгийн газрын тогтоолыг үгүйсгэсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.
Иймд Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоол хууль бус болох нь тогтоогдохгүй байх бөгөөд уг захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.1.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.к, 25 дугаар зүйлийн 25.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч ”Цахиурт бизнес групп” ХХК-ний “Баян сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4 дүгээр тогтоолыг илт хууль бусд тооцуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН
[1] Хэргийн 86-р хуудас,
[2] Хэргийн 219, 222-р хуудас,
[3] Хэргийн 82, 86-р хуудас,