Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0028

 

   Төрийн банкны Хөвсгөл салбарын

   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мэндсайхан, хариуцагч Б.Алтангариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1213 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Болд-Эрдэнэ, Б.Алтангариг нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 17,030,422.87 /арван долоон сая гучин мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг  наян долоон мөнгө/ төгрөгийг барьцааны болон бусад хөрөнгөөс гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Намсрай овогтой Болд-Эрдэнэ, Базаржав овогтой Алтангариг нар нь Төрийн банктай 2013 оны 06 сарын 18-нд ЗГ/223 дугаартай зээлийн гэрээ байгуулан 50,000,000 /тавин сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлийн барьцаанд 2013 оны 06 сарын 18-ны өдрийн ЗГ/223 зээлийн барьцааны гэрээний дагуу хувийн сууц, аж ахуйн зориулалттай газар, үйлчилгээний зориулалттай газар, амралтын газрыг тус тус барьцаалсан. …Банк зээлдэгч Намсрай овогтой Болд-Эрдэнэ, Бямбажав овогтой Алтангариг нарт удаа дараа зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлж төлбөрөө төлж барагдуулах мэдэгдэл, шаардлага өгч, биечлэн уулзаж байсан. Нэхэмжлэл гаргах үеийн байдлаар зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13,728,276.24, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,991,501.93, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 310,644.70 төгрөг, нийт 17,030,422.87 төгрөг байна. Зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийн нийт 17,030,422.87 /арван долоон сая гучин мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг наян долоон мөнгө/-г зээлдэгч Намсрай овогтой Болд-Эрдэнэ, Бямбажав овогтой Алтангариг нарын барьцааны болон бусад хөрөнгөөс гаргуулж банкыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Алтангариг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Н.Болд-Эрдэнэ нь 2013.6.18-нд Төрийн банкнаас 50 сая төгрөгийг зээлэн авч оёдлын үйлдвэр байгуулахаар “Дэд өнгө” ХХК-аас оёдлын тоног төхөөрөмжөө өндөр үнээр худалдан авч байсан. Энэ компанид урьдчилгаа мөнгө өгөөд одоо болтол авч чадаагүй байгаа гэж байсан. Би тодорхой сайн мэдэхгүй байна. Би энэ ажилд оролцож байгаагүй. Хамтран зээлдэгчээр оролцож гэрээнд гарын үсэг зурсан нь үнэн. Гэхдээ уг мөнгийг би зарцуулаагүй. Би өөрийн тэтгэврийн мөнгөнөөс зээлийг тодорхой хэмжээгээр төлөлцөж байсан. Н.Болд-Эрдэнэ өөрөө ажил хийдэг. Тиймээс цалингаас нь суутгаж болох байхад суутгахгүй байж миний тэтгэврийг битүүмжилсэн байгаа. Би энэ зээлийг хариуцахгүй гэжээ.

Хариуцагч Н.Болд-Эрдэнэ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяраар дамжуулан бичүүлж шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Болд-Эрдэнэ нь Төрийн банкнаас оёдлын үйлдвэр байгуулах чиглэлээр зээл авсан юм. Оёдлын үйлдвэрт шаардагдах тоног төхөөрөмжийг “Дэд өнгө” ХХК-наас авахад тэнд 50 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд уг компани дутуу тоног төхөөрөмж нийлүүлж 2 талын тооцоогоор 10 сая төгрөгийг буцаан өгөх болсон юм. Гэвч уг компани оршин байх нэр хаягаа өөрчилж олдохгүй болсон ба 2016 онд “Дэд өнгө Гоёл” ХХК болсныг мэдлээ. Мөн энэ хугацаанд түүний охин нь нас барж энэ зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Бага багаар төлж ирсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ийм өндөр дүнгээр шаардлага гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Иймд эдийн засагчтай уулзаж асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эвлэрэх саналтай байна. Үндсэн зээлийн 13,728,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Н.Болд-Эрдэнэд мөнгөний өглөгтэй хүмүүс байдаг. Тийм учраас харгалзаж үзээд үндсэн зээл болох 13,728,000 төгрөг дээр нь эвлэрэх саналтай байна. Энэ зээлийг банк ч сайн дэмжиж байсан. Тус зээлийн зориулалтыг ч зөрсөн зүйл байдаггүй. ... Мөн хариуцагч Алтангаригийн тэтгэврийн дансыг хаасан. Энэ нь зээлдэгч нарыг хохироож байгаа юм. Гэрээний заалтад байсан заалтаар гэрээг цуцлаагүй байдаг. Энэ гэрээ нь хууль бус хүний эрхэд халдсан гэрээ болж байгаа юм. Иймээс энэ гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү гэсэн саналтай байна. Мөн нэмэгдүүлсэн хүүг буруу бодсон. Сарын хувиар тооцох ёстой байхад хоногтоо хувааж тооцоогүй байна. 13,728,276.24 төгрөгийг зөвшөөрч байна. Зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 2,991,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 310,644.70 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1213 дугаар шийдвэрээр Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнэ, Б.Алтангариг нараас зээлийн төлбөр 17,030,422.87 /арван долоон сая гучин мянга дөрвөн зуун хорин хоёр төгрөг наян долоо/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,102 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Болд-Эрдэнэ, Б.Алтангариг нараас 243,102 /хоёр зуун дөчин гурван мянга нэг зуун хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Хариуцагч Н.Болд-Эрдэнэ давж заалдах гомдолдоо: 2013 оны 6 сарын 18-ны өдөр Төрийн банкны Хөвсгөл салбараас зээлийн гэрээ байгуулж оёдлын үйлдвэрлэл эрхлэх, тоног төхөөрөмж худалдан авах, улмаар захиалгаар бараа бүтээгдэхүүн оёж үйлдвэрлэх зорилгоор 50 сая төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлсэн. Гэвч тоног төхөөрөмж худалдан авахад зориулж 40 сая төгрөгийг “Дээд өнгө” ХХК-нд шилжүүлсэн боловч тоног төхөөрөмж дутуу нийлүүлж цаг хугацаа алдсан. ... Одоогийн байдлаар тус компаниас 17 сая гаран төгрөгийн авлагатай боловч уг ХХК-нь хаана байгаа нь мэдэгдэхээ больсон.  ...банкинд зээл төлөлтийн нөхцөлд өөрчлөлт оруулах, хүүгийн хэмжээг багасгах, хүүг зогсоох талаар удаа дараа хүсэлт тавьсан боловч зөвхөн гэрээний шаардлагыг биелүүлэхийг тулгаж хүсэлтийг хүлээж аваагүй болно. ... Гэрээний хугацаа дууссан тохиолдолд шүүхэд хандсанаар гэрээ цуцлагдана гэж тайлбарлаж миний эрхийг зөрчсөн. ... зээлийн гэрээ нь  хүчин төгөлдөр бусад тооцогдох хэлцэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү,  зээлийн хүүг шүүхээс бууруулж шийдэж болох байсан ч ингээгүй зэрэг нөхцөл байдлыг анхаарч үзнэ үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг  тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр зөв дүгнэн үнэлж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагыг хангасан байна.          

Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Н.Болд-Эрдэнэ, Б.Алтангариг нарт холбогдуулан зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 13,728,276.24 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 2,991,501.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 310,644.70 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хариуцагч Н.Болд-Эрдэнэ “...нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ийм өндөр дүнгээр шаардлага гарсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэсэн тайлбар, шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баасанбаяр “...13,728,276.24 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна, үндсэн хүүгийн үлдэгдэл 2,991,501.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 310,644.70 төгрөгийг хасч тооцож өгнө үү” гэсэн тайлбар, хариуцагч Б.Алтангариг “...би тус зээлэнд хамааралгүй хүн” гэсэн тайлбар тус тус гаргажээ.

Хариуцагч Н.Болд-Эрдэнэ, Б.Алтангариг нар нь  2013 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банкны Хөвсгөл салбартай Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан  зээлийн гэрээ байгуулж, тус банкнаас 50,000,000 төгрөг, 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй  зээлсэн байх ба гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж, гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээнд гарын үсгээ зурж баталгаажуулжээ.

Хариуцагч нар нь авсан зээлээ гэрээнд заасан  хугацаанд  төлөөгүй  гэрээний үүргээ зөрчсөн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчийн  гаргасан тайлбараар нотлогдож байх тул  зээлдэгч  нар нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар үндсэн зээл,  хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй  бөгөөд тэднээс үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулсан нь хуульд нийцсэн ба шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Хариуцагч Б.Алтангариг нь зээлийн гэрээний нэг тал болон оролцож, гэрээнд  гарын үсэг зурсан байх тул түүнийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

Хариуцагч Н.Болд-Эрдэнийн “...зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бусад тооцогдох хэлцэл тул хэрэгсэхгүй болгож өгнө үү, зээлийн хүүг шүүхээс бууруулж шийдэж болох байсан”  гэсэн давж заалдах гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.3-т  зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдаж,  зохигч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар  мэтгэлцдэг бөгөөд шүүх зохигчийн гаргасан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэдэг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах үндэслэл, тайлбартай холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөгдөх  үндэслэлээ нотлоогүй, холбогдох баримтыг  шүүхэд  ирүүлээгүй тул хариуцагч нарыг гэрээгээр хүлээсэн үүргээс нь чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.

Зохигчийн байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан “хүчин төгөлдөр бус байх хэлцэл”-д хамаарах үндэслэл тогтоогдохгүй байгаагийн дээр хариуцагч нар нь Иргэний хуулийн 57 дугаар зүйлд зааснаар  хуульд заасан үндэслэл,  журмын дагуу хэлцлийг “хүчин төгөлдөр бус гэж тооцуулах”-тай холбоотой нэхэмжлэл, зээлийн хүүг бууруулахтай холбоотой хүсэлт шүүхэд гаргаагүй  тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй  гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 1213 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Болд-Эрдэнийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68000 /жаран найман мянган/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.СОСОРБАРАМ

                ШҮҮГЧИД                              Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                    Т.ГАНБАТ