Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 220

 

“Мөнх-Одцацрал” ХХК-ийХХХн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийг төлөөлж Ю.Таванжин, хариуцагч Г.Гантуул, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэрэн нарыг оролцуулан хийж, Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0241 дүгээр магадлалтай, “Мөнх-Одцацрал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Тэгшжаргал, Г.Гантуул нарт холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Мөнх-Одцацрал” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани барилга угсралт, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр 2005 онд байгуулагдсан бөгөөд 2013 онд Дорноговь аймагт 2 барилгын ажлын гүйцэтгэгчээр шалгарч ажиллахаар болсон юм. Уг барилгын ажилд шаардлагатай материалыг Улаанбаатар хотын 100 айлын барилгын материалын дэлгүүрээс авахад тухайн 139,999,989 төгрөг, 52,000,000 төгрөгийн худалдан авалтад “Нью хэритаж” ХХК-иас 0014714658, 0014714700 тоот падаануудыг бичиж өгсөн бөгөөд үүнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган тайлагнаж, төсөвт төлөх татвараас хасаж тооцсон болно. Гэтэл Татварын ерөнхий газар болон Цагдаагийн байгууллагаас Дархан-Уул аймгийн Татварын хэлтэст “хий бичилттэй, хуурамч падааныг шалгах чиглэл” өгсний дагуу Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Тэгшжаргал, Г.Гантуул манай компанийг шалгаад 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 тоот актаар “НӨАТ-ын падааныг хий бичилттэй, хуурамч падаан ашиглаж, төсөвт төлөх татварыг бууруулсан” гэж 22,743,272 төгрөгийн төлбөр ногдуулсныг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, манай компани 100 айлын барилгын материалын дэлгүүрээс худалдан авалтыг бодитоор хийсэн бөгөөд үүний нотлох анхан шатны бүх баримтууд байгаа. Мөн дээрх падаануудыг “Нью хэритаж” ХХК-иас өгөхөд нь татварын албаны системээс шалгасан бөгөөд “хүчинтэй падаан” байсан тул системд шивэж, тухайн татварын тайланд тайлагнан, төсөвт төлөх татвараас хасаж тооцсон  болно. Бид татвар төлөхөөс зайлсхийгээгүй, уг татварыг биднээс давхар төлүүлэхээр акт тогтоож байгаа нь татвар төлөгчийг хохироосон хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 дугаар актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Гантуул, Д.Тэгшжаргал нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Татварын улсын байцаагч бид Цагдаагийн ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10/5-421 дүгээр албан бичиг, Аймгийн Татварын хэлтсийн даргын томилолтын дагуу “Мөнх-Одцацрал” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 190014731 тоот актаар 17,454,545 төгрөгийн нөхөн татвар, 5,236,363  төгрөгийн торгууль, 52,363 төгрөгийн алданги, нийт 22,743,272 төгрөгийн төлбөр ногдуулсан. Тус компанийн “Нью хэритаж” ХХК-иас авсан гэх хий бичилттэй падаанаар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг бууруулсан зөрчил нь хууль бус үйлдэл бөгөөд татварын улсын байцаагчийн актыг хууль зүйн үндэслэлтэй гэж Татварын маргаан таслах зөвлөлөөс тогтоосон болно” гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийг баримтлан “Мөнх-Одцацрал” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Гантуул, Д.Тэгшжаргал нарын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 тоот актыг хүчингүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0241 дүгээр магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагч Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Гантуул, Д.Тэгшжаргал нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Мөнх-Одцацрал” ХХК болон “Нью хэритаж” ХХК-иуд нь 2013 онд 52,013,200 төгрөгийн, 139,999,999 төгрөгийн үнэ бүхий барилгын материалын худалдах худалдан авах гэрээ хийгдээгүй, түүнчлэн Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс “Нью хэритаж” ХХК-ийн 2011-2013 онуудын санхүүгийн баримтад хяналт шалгалт хийн  дүгнэлт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлсэн зэрэг үйл баримтыг буруу дүгнэж, “татварын албанаас зөвшөөрөгдсөн хуурамч биш НӨАТ-ын падаан, бэлэн мөнгө тушаасан баримт, орлогод авсан баримтууд зэргийг онлайн програмд шалгахад тамга, тэмдэг дугаарлалт, хэвлэмэл байдал зэрэг бүх зүйл, эх хувиар байсан” гэж дүгнэсэн нь өрөөсгөл болжээ. Татварын улсын байцаагчийн зүгээс НӨАТ-ын падааныг хуурамч гэж акт үйлдээгүй бөгөөд гагцхүү түүн дээрх бичилт нь хий гэдгийг шүүх падаан хуурамч биш байсан гэдгээр дүгнэсэн нь буруу байна. “Мөнх-Одцацрал” ХХК-ийн шүүхэд гаргасан тайлбарт “бараа материалын худалдан авалтаа 100 айлын барилгын материалын дэлгүүрээс авсан” гэдэг бөгөөд энэхүү 192,000,000 төгрөгөөр гар дээрээс худалдан авалт хийсэн нь бодитой эсэх, яагаад дансаар мөнгөн гүйлгээг хийгээгүй гэдгийг шүүх нягтлан шалгаагүй, мөн “Нью хэритаж” ХХК 2012-2013 онд бараа, ажил, үйлчилгээ хийгээгүй орлого олоогүй атлаа өөрийн НӨАТ-ын падааныг бусдад дамжуулсан нь тус компанийн буруутай үйл ажиллагаа хэдий ч нэхэмжлэгчид хамааралгүй гэж үзэх нь учир дутагдалтай юм. Татварын албанаас олгогдсон НӨАТ-ын дээрх маргаан бүхий 2 падаан нь татварын цахим системд тайлагнасан хэдий ч бодитоор борлуулалт болон худалдан авалт хийгдсэн эсэхийг татварын хяналт шалгалт хийсний үндсэн дээр тогтоодог. Иймд, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, татварын улсын байцаагчийн актыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

    ХЯНАВАЛ

Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.Гантуул, Д.Тэгшжаргал нар “Мөнх-Одцацрал” ХХК-ийн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 190014731 дугаар актаар тус компанийг “Нью хэритаж” ХХК-ийн 14714700, 14714658 тоот хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг ашиглаж, төсөвт төлөх татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж, нийт 22,743,272.6 төгрөгийн төлбөр тогтоохдоо худалдан авалт хийгдсэн эсэхийг нэг мөр шалгаж тогтоогоогүй, асуудалд бодитойгоор хандаагүй байна.

“Мөнх-Одцацрал” нь Дорноговь аймгийн Засаг даргатай “Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны барилгын угсралтын ажлын гэрээ”-г 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, “Сайншанд сумын 2 дугаар цэцэрлэгийн барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн даргатай “Хүнс, хөдөө, аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын барилгын засварын гэрээ”-г 2013 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тус тус байгуулж, барилга угсралт, засвар, үйлчилгээний ажил гүйцэтгэхэд зориулан “Нью хэритаж” ХХК-иас нийт 191,999,989 /НӨАТ орсон үнэ/ төгрөгийн бараа материал худалдан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Иргэн, хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлснээсээ хойшхи хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн дор дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварыг түүний төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцно:” гээд 14.1.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд төлсөн” гэсний дагуу “Мөнх-Одцацрал” ХХК үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар бусдаас худалдан авсан бараанд төлсөн 17,454,545 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх тухайн татвараас хасаж тооцсон нь буруу биш байна.

Өөрөөр хэлбэл, “Мөнх-Одцацрал” ХХК Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчөөгүй байхад Дархан-Уул аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар 2015 оны 190014731 дугаар актаар төлбөр ногдуулсныг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасантай нийцжээ.

“Нью хэритаж” ХХК тухайн худалдан авалтыг тайланд тусгаагүй, эсхүл өөрийн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг бусдад дамжуулан ашигласан зэрэг тухайн компанийн үйл ажиллагаанд нэхэмжлэгч “Мөнх-Одцацрал” ХХК-ийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.  

Шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 221/МА2016/0241 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

           ШҮҮГЧ                                                                                Х.БАТСҮРЭН