Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 980

 

2019        12        19                                    2019/ШЦТ/980

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

  өсвөр насны шүүгдэгч Ц.М , түүний хууль ёсны төлөөлөгч Д.Цэрэн-Очир, тэдгээрийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жонсон овгийн Ц.М т холбогдох эрүүгийн 1911020900911 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жонсон овгийн Ц.М , 2002 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймагт төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Мал тууврын зам 9-4б тоотод оршин суух, ял шийтгэлгүй,  регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Өсвөр насны шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 08 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнийн 6 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Шаравнямбуутай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж Д.Шаравнямбуугийн биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Өсвөр насны шүүгдэгч Ц.М  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ : “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, хийсэн хэрэгтээ маш их харамсаж байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,

Хохирогч Д.Шаравнямбуу нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би тэр өдөр архи уугаад нэлээн муудчихсан байсан болохоор ийм зүйл болсон байх гэж бодоод мэдүүлэг өгсөн. Одоо ингээд санаад байхаар Амгаланбаатар салж яваад Мөнх-Очир бид хоёр үлдсэн шиг санаад байгаа юм. Ямар ч байсан Мөнх-Очир миний араас гүйж байсныг санаж байна. Тэгээд намайг зодсон байх. Юнителийн сим карт авсан эсэхийг санахгүй байна. ...Бэлэн мөнгө байгаагүй. Бодвол би өөрөө энд тэнд хаясан байж магадгүй. Намайг Мөнх-Очир цохиж биед гэмтэл учруулсан. Одоо миний баруун хөмсөг сэтэрч 2 оёо тавиулсан. Мөн зүүн талын  шанаа хавдсан байдалтай... ...Би хэрэг болдог өдөр буюу 2019 оны 8 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнө Амгаланбаатар, Мөнх-Очир нартай архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэж байгаад шөнө нь Ганаа эгчийн гэрт орж архи уусан. Тэгээд би согтоод хэсэг унтаж байгаад үүрийн 06 цагийн үед сэрээд Ганаа, Амгаланбаатар, Мөнх-Очир бид 4 гэрээс нь гарахад Ганаа ажилчдын автобуснаас хоцорлоо гээд гүйгээд явсан. Би энэ үед архи гараагүй нэлээн их согтолттой байсан болохоор үүний дараа болсон зүйлийг огт санахгүй байгаа юм. Нэг мэдсэн Мөнх-Очир араас хөөгөөд гүйж байсан тэгэхээр нь би өөрийн тухайн үед үүрч явсан гар цүнхээ айлын хашаа давуулаад шидсэн. Тэгээд яасан талаар мэдэхгүй байгаа юм. ...Намайг Мөнх-Очир ганцаараа зодсон. Одоо надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-13/,

Гэрч Ч.Амгаланбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Ганаа ажилтай гээд бүгдээрээ тэднийхээс гараад Ганаа автобуснаас хоцорлоо гээд явсан. Би гэртээ харилаа гээд салаад гэрлүүгээ орсон. Хэдэн минутын дараа Мөнх-Очир над руу залгаад агаа Шаравнямбууг чинь зодчихсон, цус нөжтэй нь хольчихсон. Маргааш өдөр нь Шаравнямбуу өглөө 8 цагт намайг унтаж байхад согтуу орж ирээд би найзынхаа гэрээс ирж байна нэмээд уучихсан одоо би танай дүүг цагдаад барьж өгнө, гомдолтой байна гэж ярихаар нь цүнх юмаа яасан юм гэхэд хашаа давуулаад шидчихсэн зугтаахад амар гэж байсан. Шаравнямбуу манайд орж ирэхэд түрийвчтэйгээ өөрийн авч явсан утастайгаа орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх 15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9658 дугаар дүгнэлтэд: “...Д.Шаравнямбуугийн биед “баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 26/,

Өсвөр насны шүүгдэгч Ц.М  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Амгаланбаатар гэрлүүгээ дээшээ салаад явсан. Шаравнямбуу бид хоёр үлдээд худгийн ойролцоо муудалцсан шалтгаан нь намайг буудал оръё гэхэд нь би одоо эрүүл болчихлоо гэр рүүгээ ороод унтана гэхэд хэл үггүй миний шанаа руу гараараа нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохисон. Тэгтэл намайг чи ч дүү юм даа гээд гүйхээр нь би араас нь гүйгээд гүйцээгүй. Тэгээд би Амгаланбаатар руу залгаж сая Шаравнямбууг зодчихлоо хамраас нь цус гарсан гэхэд цаадах чинь одоо цуг байгаа юм уу гэхээр нь доошоо зугтаагаад гүйчихсэн гэдгийг хэлээд гэртээ орж амарсан. ...Миний бие хохирогчоос уучлалт гуйж хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Өөрийн хийсэн хууль бус үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Иймд уг хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 41-42/,

Өсвөр насны шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 58/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 56/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 57/, хохирогч Д.Шаравнямбуугийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 29/, хохирогч Д.Шаравнямбуугийн толгойн томографын оношилгоо, зураг /хх 27-28/, хохирогч Д.Шаравнямбуугийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 70/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ц.М  нь 2019 оны 08 дугаар сарын 5-аас 6-нд шилжих шөнийн 6 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Д.Шаравнямбуутай маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж Д.Шаравнямбуугийн биед баруун хөмсөгт няцарсан шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, хохирогч Д.Шаравнямбуугийн “...Нэг мэдсэн Мөнх-Очир араас хөөгөөд гүйж байсан тэгэхээр нь би өөрийн тухайн үед үүрч явсан гар цүнхээ айлын хашаа давуулаад шидсэн. Тэгээд яасан талаар мэдэхгүй байгаа юм. ...Намайг Мөнх-Очир ганцаараа зодсон. Одоо надад ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-13/, гэрч Ч.Амгаланбаатарын “...Маргааш өдөр нь Шаравнямбуу өглөө 8 цагт намайг унтаж байхад согтуу орж ирээд би найзынхаа гэрээс ирж байна нэмээд уучихсан одоо би танай дүүг цагдаад барьж өгнө, гомдолтой байна гэж ярихаар нь цүнх юмаа яасан юм гэхэд хашаа давуулаад шидчихсэн зугтаахад амар гэж байсан...” гэх мэдүүлэг /хх 15/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 9658 дугаар дүгнэлт /хх 26/, өсвөр насны шүүгдэгч Ц.М ын “...Өөрийн хийсэн хууль бус үйлдэлдээ харамсаж гэмшиж байна. Иймд уг хэргийг шуурхай шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хх 41-42/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд өсвөр насны шүүгдэгч Ц.М ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, энэ хугацаанд хараа хяналтдаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч, төрсөн эцэг Д.Цэрэн-Очирт даалгаж шийдвэрлэв.

Хохирогч Д.Шаравнямбуу нь “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч Жонсон овгийн Ц.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Ц.М т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ц.М ыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг төрсөн эцэг Д.Цэрэн-Очирт үүрэг болгосугай.

4. Өсвөр насны шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, өсвөр насны шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ц.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН