Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 6539

 

Зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 5436796 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж Тайм тауэр хотхон 218 байранд оршин байх “Тайм Тү Тайм” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороолол, 18-57 тоотод оршин суух С.Үнэнбат,

Хариуцагч: Монгол улсын иргэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннүгийн гудамж Тайм Тауэр хотхон 26-88 тоотод оршин суух Ү.Буянтамир нарт холбогдох

Орон сууцны урьдчилгаа төлбөр 49.218.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Үнэнбат, Баянтамир нар нь манай компаний Тайм тауэр орон сууцны хотхоны 216 дугаар байр 88 тоотын 63.1 м.кв бүхий 2 өрөө орон байрыг 1 м.кв-ыг 2.600.000 төгрөгөөр тооцож нийт 164.060.000 төгрөгийн үнээр байр худалдан авсан ба нийт 70 хувийг банкны зээлээр, үлдэгдэл 30 хувь болох 49.218.000 төгрөгийн төлбөрийг 10 сарын хугацаанд тэнцүү хуван төлж барагдуулахаар тохиролцсон. Хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 29-нд орон сууцандаа нүүж орсон, одоог хүртэл тэндээ амьдарч байгаа ч өнөөдрийг хүртэл 30 хувийн төлбөр болох 49.218.000 төгрөгийг төлөөгүй. Иймд хариуцагч нараас орон сууцны үлдэгдэл төлбөр болох 49.218.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч С.Үнэнбатын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ү.Баянтамир, Б.Ууганчимэг нарын хүсэлтээр зээлийн гэрээний батлан даагчаар гэрээнд гарын үсгээ зураад өгөөч гэсэн хүсэлтийн дагуу гэрээнд гарын үсэг зурсан юм. Ү.Баянтамир, Б.Ууганчимэг нар нь “Тайм тү тайм” ХХК-иас нэхэмжлэлд дурдсан Тайм тауэр хотхоны 216-р байрны 88 тоот 2 өрөө байрыг зээлээр худалдаж авсан юм билээ. Голомт банкнаас зээл авахдаа материал дутаад байна туслаач бид нар урьдчилгаа төлбөр төлчихсөн зээлээ төлнө гэхээр нь зөвшөөрөөд нэг гэрээн дээр гарын үэг зурсан юм. Харин одоо байр худалдсан компани нь урьдчилгаа төлбөрөө аваагүй гэж нэхэмжлэл гаргасанд гайхаж байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, бас намайг мэхэлж үйлдсэн зээлийн гэрээг ч хүлээн зөвшөөрөхгүй. Надад шинэ орон сууц худалдаж авах шаардлага байхгүй миний бие маш хүнд өвдөж Солонгос улсад хагалгаанд ороод удаагүй байгаа учраас өөрөө шүүх ажиллагаанд оролцох боломжгүй. “Тайм тү тайм” ХХК нь хэрвээ урьдчилгаа төлбөрөө аваагүй байсан бол Голомт банкнаас зээл олгогдохгүй гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

            Хариуцагч Ү.Баянтамир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний иргэн З.Даваахүүгээс анх зараар танилцаж байрыг нь худалдан авахаар болсон. Энэ явцад байрны 8 хувийн ипотекийн зээлийн урьдчилгаа байхгүй байсан учраас эхлээд Үнэнбатын сансарын 3 өрөө байрыг 30 хувийн урьдчилгаа мөнгөнд оруулж барьцаалах гэсэн боловч хамтран эзэмшигч нь гадаадад байсан тул аваагүй тэр үед энэ байрыг авахаа болих гэж байтал иргэн Даваахүү Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байдаг миний эмээгийн байрыг оронд нь тавьж болно гэхэд нь зөвшөөрч гэвч дахин бүтэлгүйтсэн мөн тэр үед миний зүгээс энэ үнэтэй байрыг авахгүй гэж хэлэхэд иргэн Даваахүү дахин “Тайм тү тайм” компаний захирал Байгаль гэдэг хүнтэй тохирч 30 хувийн урьдчилгаа гаргуулж өгөхөөр болж бид зөвшөөрсөн. “Тайм тү тайм” компани 49 сая төгрөгөө бүрэн авсан оронд нь иргэн Даваахүүд өөр байр өгсөн болно. Энэ явцад бид сар бүр Голомт банкинд 1.400.000 орчим төгрөг төлж байсан. Тиймээс нийгэм эдийн засаг хямралтай үед иргэн Даваахүүгээс гаргуулсан 30 хувь болох 49.000.000 төгрөгийг ойрын хугацаанд төлөх боломж байхгүй. Учир нь миний эцэг болох Үнэнбатын бие муу мөн надтай цуг амьдардаггүй. Миний ээж Ууганчимэгийн бизнесийн орлого эрс буурсан миний өөрийн цалин бага байсны дээр одоогоор ажилгүй байгаа улмаас мөнгийг өгч чадаагүй тул сар бүр график гарган бага багаар төлөх эсвэл “Тайм тү тайм” компаний бидний Голомт банкнаас гаргуулсан зээлийг хааж зарсан үнэтэй байраа буцааж авахыг хүсэж байна. Мөн энэ байрыг авах үед үйл ажиллагааны урсгал зардалд ээж бид 4-5 сая төгрөг хувиасаа гаргасан гэжээ.

            Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан “Тайм тү тайм” ХХК-ийн 49.218.000 /дөчин есөн сая хоёр зуун арван найман мянга/ байрны урьчдилгаа төлбөрийг хариуцагч Ү.Баянтамир нь дангаараа хариуцан төлөхийг зөвшөөрч хуваарийг дараах байдлаар хэлэлцэн тохиролцов.

1. Сар бүр 1.500.000 төгрөгийг З.Даваахүүгийн Голомт банкин дахь 1505026194 тоот дансанд төлж байх үүргийг хариуцагч Ү.Баянтамир хүлээнэ.

2. Дээрх үүргийг биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Даваахүү шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг шаардах эрхтэй гэжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч “Тайм тү тайм” ХХК нь хариуцагч С.Үнэнбат, Ү.Баянтамир нарт холбогдуулан орон сууцны урьдчилгаа төлбөр 49.218.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны явцад хариуцагч С.Үнэнбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Ү.Баянтамиртай эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Хариуцагч Ү.Баянтамир нь нэхэмжлэлийн шаардлага болох 49.218.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч сар бүр 1.500.000 төгрөгөөр төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч С.Үнэнбатад холбогдох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон                                                                                  

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Тайм Тү Тайм” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох орон сууцны урьдчилгаа төлбөр болох 49.218.000 төгрөгийг хариуцагч Ү.Баянтамир төлөхийг хүлээн зөвшөөрч сар бүр 1.500.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Ү.Баянтамирт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 404.040 төгрөгийн 50 хувь буюу 202.020 төгрөгийг улсын орлогоос, 202.020 төгрөгийг хариуцагч Ү.Баянтамираас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Тайм тү тайм” ХХК-нд олгосугай.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

                                     

                    ШҮҮГЧ                                       Л.ЭНХЖАРГАЛ