| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Галбадар |
| Хэргийн индекс | 186/2020/0054/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 68
2020 01 20 2020/ШЦТ/68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Л.Галбадар би даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Мөнхдэлгэр
Улсын яллагч: М.Энхбаатар
Шүүгдэгч: Ж.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Энхбаатар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ч овогт Ж.Д-д холбогдох эрүүгийн 1911 0317 20020 дугаартай эрүүгийн 1 хавтаст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1976 оны 5 дугаар сарын 17-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт, Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 19-308а тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ч овогт Ж.Д
Холбогдсон хэргийн талаар:
Ж.Д нь 2019 оны 12 дугаар сарны 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-691 тоотод оршин суух иргэн Ч.Ариунтуяаг гэрт нь зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Д нь 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-691 тоотод бусдын эрүүл мэндийн эсрэг хүч хэрэглэн халдаж, хохирогч Ч.Ариунтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар хохирогчийн толгойн тус газарт нь гараараа цохиж зодох, хэвлий тус газарт өшиглөх, толгойн хэсгийн үснээс зулгаах, цээжин хэсгээс татаж зууралдах зэргээр цохиж зодон эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсэн үйлдэл хийсний улмаас хохирогч Ч.Ариунтуяагийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээж, сарвуунд зулгаралт, шанаанд цус хуралт гэмтлүүд учруулсан, үүнээс баруун чихний хэнгэргэн хальсны цооролт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Ч.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр би Ж.Дтэй утсаар ярьж байгаад маргалдсан юм. 2019 оны 12 дугаар сарын 08-ны өглөө манай нөхрийн утас руу Ж.Д залгаж надтай яриад өчигдөрийн асуудлаар хэрүүл хийгээд намайг хаана байгаа юм бэ гэхээр нь гэртээ байгаа талаар хэлээд “яах гээд байгаа юм бэ?” гэсэн чинь танайд очлоо гэхээр нь тэгвэл хүрээд ир гэсэн. Хэсэг хугацааны дараа намайг гэртээ охиныхоо хамт угаасан хувцасаа эвхээд сууж байсан чинь хаалга онгойлгоод огцом чанга хаагдахаар нь гайхаад харсан чинь Ж.Д манай гэрт ганцаараа орилж хашгичаад хараагаад ороод ирсэн. Би түүнийг гэрт битгий орилоод бай хүмүүс унтаж байна гэхэд тоохгүй шууд миний цээжнээс зууралдаж маажаад, үснээс зулгааж зочны өрөө рүү түлхэж оруулаад шкаф руу түлхэж унагаах үед би толгойгоороо шкаф мөргөсөн. Би босож ирээд түүнийг “болиоч солиотой юм уу” гэсэн чинь хажууд байсан охин Намуун-Эрдэнэ айж орилсон юм. Ж.Д миний элэг рүү хөлөөрөө өшиглөөд үснээс гараараа зулгааж бариад нөгөө гараараа миний толгой руу цохиод байсан. Энэ үед хажуу өрөөнөөс нөхөр Өлзийсайхан орж ирээд түүнийг болиоч гэсэн чинь миний үснээс тавихгүй байсан тул надаас түүнийг салгах гэж араас нь зулгаасан чинь Ж.Д миний үснээс зулгаасан чигээрээ тавихгүй зууралдсан чигээрээ гал тогооны өрөө рүү орсон. Өлзийсайхан түүнийг араас нь зулгаасаар байгаад надаас салгаад гэрээс хөөж гаргасан. Тэгээд манай нөхөр хувцасаа өмсөхөөр хажуу өрөө рүү орсон хойгуур намайг шалаа цэвэрлээд сууж байтал Ж.Д дахиад манай гэрт орж ирээд “чамайг гэрт нь алж болдоггүй юм бол гадаа гараа алалцъя” гээд байхаар нь би “яах гээд байгаа юм бэ” гэсэн чинь Ж.Д миний шанаа руу гараараа нэг удаа цохиод үснээс зулгаагаад авсан. Энэ үед манай нөхөр дахин хүрч ирээд түүнийг түлхээд гэрээс гаргасан. ...надтай өмнөх өдөр утсаар ярьж байгаад хоорондоо маргалдсанаас болж тухайн өдөр хоорондоо хэрэлдсэн юм. Үүнээс болж намайг гэрт байхад зодсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Ө.Намуун-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2019 оны 12 дугаар сарын 08-ны өглөө гэртээ угаасан хувцасаа эвхээд сууж байсан чинь хуучин манай ангид надтай хамт сурч байсан хүүхдийн ээж нь болох Ж.Д эгч ууртайгаар орж ирээд ээж рүү уурлаад муухай үг хэлээд ээжийн үснээс нь зулгааж байгаад том өрөөний шкафны хаалгыг мөргүүлээд газар унагаагаад ээжийг босож ирсэн чинь хөлөөрөө ээжийн гэдэс рүү өшиглөөд гараараа толгой руу 2-3 удаа цохиод байсан. Манай ээж тэр хүнийг ерөөсөө зодоогүй. Би энэ үед уйлаад хажуу өрөөнд унтаж байсан аавыг дуудсан чинь аав гарч ирээд Ж.Дг ээжээс салгах гэж оролдсон чинь Ж.Д ээжийн үсийг зулгаачихаад салахгүй байсан. Аав түүний гарыг нь арай хийж салгаад аав нөгөө өрөө рүү ороод хувцасаа өмсөөд байж байх хооронд Ж.Д эгч ээжийг дахиад гэдэс рүү нь хөлөөрөө өшиглөөд гараараа толгой руу нь цохиод байсан. Аав хувцасаа өмсөөд гарч ирээд түүнийг гэрээс түлхээд гаргасан. ...Намайг харахад аав Ж.Дг хашаанаас гаргасан чинь хашааны хаалга нүдээд зогсоод байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №53 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтэнд: “1. Ч.Ариунтуяагийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээж, сарвуунд зулгаралт, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 4. Уг баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, сарвуунд зулгаралт, шанаанд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан шүүгдэгч Ж.Дгийн хүсэлт /хавтаст хэргийн 49-р хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар гаргасан хохирогч Ч.Ариунтуяагийн хүсэлт /хавтаст хэргийн 48-р хуудас/
Шүүгдэгч Ж.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягын тодорхойлолт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/
Яллагдагч Ж.Дгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 42-р хуудас/ зэрэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлосон байна.
Шүүгдэгч Ж.Д нь хэргийг прокуророос зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэлийн талаар болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Ч.Ариунтуяатай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 34-691 тоотод байрлах хохирогч Ч.Ариунтуяагийн гэрт нэвтэрч хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдсаны улмаас Ч.Ариунтуяагийн биед баруун чихний хэнгэргэн хальсны цооролт, цээж, сарвуунд зулгаралт, шанаанд цус хуралт гэмтэл учирсан байна. Эдгээр гэмтлүүдээс баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цээж, сарвуунд зулгаралт, шанаанд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заагдсанаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй талаар шинжээчийн дүгнэлт гарсан байна. Дээрх баруун чихний хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой буюу хохирогч, насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэгт дурьдагдсанаар шүүгдэгч Ж.Д нь хохирогч Ч.Ариунтуяагийн толгойн тус газарт гараа цохих үед үүссэн гэмтэл байна. Мөн энэхүү гэмтэл нь шүүгдэгч Ж.Дгийн үйлдлийн улмаас хохирогчид учирсан, үйлдэл болон хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Прокуророос Ж.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Ч.Ариунтуяад 1.350.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч Ч.Алтантуяа нь “намайг хохиролгүй болгосон, миний зүгээс гомдол саналгүй боллоо” гэсэн хүсэлтийг гаргасан байна. Иймд шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй байна.
Шүүгдэгч Ж.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар прокурор яллагдагчтай тохиролцож хүлээн зөвшөөрсөн талаар гарын үсэг зурж баталгаажуулсан тэмдэглэл, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.Д нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй боловч хохирогч Ч.Ариунтуяатай өмнө маргалдсаны улмаас түүний гэрт ирж хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд дургүйцсэн хувийн таарамжгүй харилцааны илэрхийллээ бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэсэн үйлдлээр илэрхийлэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Харин шүүгдэгч Ж.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтанд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Ж.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул дээрхи зүйлд зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг яллагдагч прокурортой тохиролцсон хэмжээний дотор оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3 дахь хэсгийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон