| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0863/Э |
| Дугаар | 873 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 873
2019 11 13 2019/ШЦТ/873
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Э.Бадрал,
Шүүгдэгч Х.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/,
Хохирогч Ч.Чимэд-Отгон нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хайрхан Монгол овогт Х.Хд холбогдох эрүүгийн 1911025591052 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Хайрхан Монгол овогт Х.Х, Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 15 дугаар гудамж 302 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /................................................
Шүүгдэгч Х.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди” төвийн баруун урд талын автомашины зогсоол дээр иргэн Ч.Чимэд-Отгонтой “зогсоолын хаалга таглаж машин тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “цээжний 11-р хавирганы хугарал, зүүн шуу, гарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.Хаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би хохирогчтой маргалдахын хувьд маргалдсан. Хавтаст хэрэгт бичигдсэн шиг тийм олон цохиогүй. Би хохирогчийг цохисондоо харамсаж байна. Миний буруу” гэв.
Хохирогч Ч.Чимэд-Отгоноос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 23-ны 16 цагийн орчим Тэди төвөөр охинтойгоо хамт үйлчлүүлэхээр машинтай очоод эрээн хаалт буулгасан газраар орох гэтэл тухайн газрын харуул нь болох нэг ах ирээд энүүгээр ажилчдын машин ордог оруулахгүй гэхээр нь тухайн ахаас оруулчих гэж гуйсан чинь нөгөө ах зөвшөөрөөгүй тэгэхээр нь төлбөрийг нь өгөөд оръё гэхэд мөн оруулахгүй гэсэн тэгэхээр нь хажууханд нь машины хөдөлгөөнд саад учруулахгүй жижиг карма байхаар нь тэнд байрлуултал мөн болохгүй гэсэн тэгэхээр нь учирлаад гуйтал нөгөө ах за тэгвэл битгий удаарай гэсэн. Тэгээд машинаа тавьчихаад орох гэтэл дотроос нэг дарга нь бололтой харуул гарч ирээд наана чинь тавиулахгүй гээд хашгирсан. Тэгээд өөрөө хүрээд ирсэн. Тэгэхээр нь тухайн хүнээс учирлаад гуйтал за тэгвэл утасныхаа дугаарыг тавьчих гэхээр нь машиндаа орж дугаараа тавиад хаалгаа түгжээд охиноо аваад орох гэтэл хажуунаас цайвар цэнхэр өнгийн подволктой цэнхэр бэлтгэлийн өмдтэй биерхүү бүдүүн залуу гарч ирээд машинаа аваад зайл энийг ачлага дуудаад ачуул гэсэн захирангуй байдлаар над руу болон хамгаалагч нар луу хэлсэн. Тэгэхээр нь би тухайн залуугийн өөдөөс “Би энэ хүмүүст учирлаад хэлсэн чамд хамаагүй” гэж хэлээд тухайн залуутай маргаан хийхэд нөгөө залуу над руу дайрах гэж байгаа юм шиг санагдахаар нь охиноо холдуулаад барьж байсан гар утсаа охиндоо бариултал биеэрхүү бүдүүн залуу эхлээд намайг мангастсан. Тэгэхээр нь би зөрүүлээд мангастсан. Тэгсэн намайг заамдаад авахаар нь би зөрүүлээд цамцных нь энгэрээс адилхан зуурсан. Тэгтэлл тэнд байсан хоёр харуул миний хоёр талаас бариад авчихсан байхад нөгөө залуу өөрийнхөө гарыг тавиад миний гарыг цамцтайгаа хамт энгэртээ бариад тавь гэж хэлээд эргүүлсэн тэр үед тухайн залуугийн подволк урагдсан. Тэр үед миний гар тавигдахад гарыг эргүүлж мушгиад дарах гэж оролдсон. Энэ үед миний гаранд хүчтэй өвдөлт өгсөн тул хөлөөрөө жийгээд эргэтэл нөгөө залуу миний гарыг тавьсан. Тэгээд зайгаа аваад салсан. Тэгтэл нөгөө залуу “чи миний цамцыг урчихлаа” гэхээр нь би ямар нэг үйлдэл хийхгүй зогсож байтал нөгөө залуу над руу дайраад зүүн гараараа намайг элгэдэх үед нь гараараа тухайн залуугийн цээж рүү түлхтэл гаран доогуур гараад баруун гараараа миний зүүн шанаа руу цохисон. Тэр үед миний нүд харанхуйлаад хэсэг ухаан балартсан. Энэ үед миний охин хажууд уйлаад сууж байсан. Тэгэхээр нь нөгөө залуугийн өөдөөс хоёр гараа дэлгэн яагаад намайг цохиж байгаа юм бэ гээд дөхтөл нөгөө залуу дахиад баруун зүүн гараараа ээлжлэн нэг нэг удаа миний хэвлий хэсэг рүү цохих үед өөрийгөө хамгаалаад эргэтэл баруун гараараа миний зүүн талын ар, бөөрний дээд хавирган тус газар нэг удаа цохисон. Энэ үед миний хамаг бие суларсан ...” гэх мэдүүлэг /хх-13-14х/,
Хохирогч Ч.Чимэд-Отгоноос шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Би Тэди төвийн урьд талд очиход зогсоол руу орох боломж байгаагүй. Тухайн үед би хүүхэдтэйгээ явж байсан. Тэгээд Тэди төвийн голын хаалганы нийтийн эзэмшлийн талбайд гурвалжин тэмдэг тавьсан байсан. Тэр хэсэгт нь машинаа шахаж тавиад цаанаас орж байгаа наад талаас байгаа машиныг орох боломжтой байдлаар машинаа тавьсан. Би жижүүрээс машинаа тавих гэсэн юмаа гээд гуйхад эхний харуул бол та машинаа тавих боломжгүй гэх хариуг өгсөн. Тэгээд байж байхад харуулын дарга гэх хүн ирсэн. Тэгээд намайг утасны дугаараа тавиад машинаа тавьж болно гэж хэлсэн. Би шаардлагыг биелүүлж машинынхаа цонхон дээр утасныхаа дугаараа тавьсан. Улмаар энэ залуу гарч ирээд хажуунаас чинь машин гарах гэж байна гэж хэлэхээр нөгөө гарах гэж байгаа машиныг өөрөө очиж гараараа дохио өгөөд гаргасан. Араас дахиад машин зөрж орж ирсэн. Би хангалттай машин зөрж орж, гарах боломжтой байдлаар машинаа тавьсан. Машинаа зөвшөөрөл аваад тавьсан байхад та машинаа тавьж болохгүй гэж хэлсэн энэ асуудлаас болоод маргаан үүссэн. Маргалдаад улмаар миний эрүүл мэндэд хохирол учруулсан байдаг. Би орой нь гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд хавирга хугарсан байсан. Би шүүгдэгч Х.Х руу залгаад та уучлалт гуйвал надад гомдол байхгүй гэдгээ хэлсэн хэдий ч тэрээр надаас уучлалт гуйгаагүй юм” гэв.
Гэрч Ц.Пүрэвсүрэнгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд наад талд машинаа оруулж гаргаж байх хооронд манай ээлжийн дарга, нярав ирсэн. Тэгээд л би цаашаа явсан. Тэгсэн удалгүй манай Теди төвийн хоёр давхарт лангуу ажиллуулдаг Гарьд гэх залуу нөгөө машины жолоочтой зууралдчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би наанаас нь болиоч гэж хэлсэн бөгөөд манай ээлжийн дарга нярав хоёр байхаар нь очоогүй ...” гэх мэдүүлэг /хх-18х/,
Гэрч Б.Нямаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Гарьд гэх залуу нөгөө залуугийн зүүн талын бөөр хавьцаа баруун гараараа өлгөх маягтай нэг удаа цохисон. Тэгэхээр нь би дундуур нь орж хоёр тийш нь салгасан тэр энэ үед зогсоол хааж тавьсан залуу нь бөөр лүү цохичихлоо бөөр өвдөөд байна гэх зүйл хэлэн утсаар ярьж байсан ...” гэх мэдүүлэг /хх-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны ..... дүгээр сарын 18-ны өдрийн шинжээчийн №4875 тоот дүгнэлтэнд:
“1. Ч.Чимэд-Отгоны биед цээжний зүүн 11-р хавирганы хугарал, зүүн шуу, гарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шинэ гэмтэл байна.
4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-24/,
Шүүгдэгч Х.Хын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-42х/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39х/,
Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-40х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Х.Х нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 15 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “Тэди” төвийн баруун урд талын автомашины зогсоол дээр иргэн Ч.Чимэд-Отгонтой “зогсоолын хаалга таглаж машин тавьлаа” гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь “цээжний 11-р хавирганы хугарал, зүүн шуу, гарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Х.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Чимэд-Отгон нь гэм хорын хохирлын мөнгө 120.000 төгрөгийг шүүхийн шатанд гаргаж өгсөн тул шүүгдэгчээс уг хохирлын мөнгийг гаргуулж шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Х.Хыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.