| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/08309/и |
| Дугаар | 06600 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 06600
2016 оны 11 сарын 14 өдөр Дугаар 101/ШШ2016/06600 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, * хороо, Бага тойруу * байрлах Ж ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Ботаникийн эцсийн буудал, Өөрийн байранд байрлах Ад холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 462 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Худалдан авагч А нь манай компанитай 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХАГ-******* тоот зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, U6 маркийн 360 000 төгрөгийн үнэ бүхий 26 ширхэг гар утас, 240 000 төгрөгийн үнэ бүхий NP-10 төхөөржм 2 ширхэг, 60 000 төгрөгийн үнэ бүхий Жи10/365х/0 нэгжтэй карт 4 ширхэг, К800 маркийн 79 000 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэггар утас, 41 000 төгрөгийн үнэ бүхий Жи/365х/0 нэгжтэй карт 1 ширхэг, FC-9300 маркийн 80 000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг суурин утас, 60 000 төгрөгийн үнэ бүхий Жи10/365х/0 нэгжтэй карт 1 ширхэг, нийт 7 төрлийн бараа материалыг 5 сарын хугацаатайгаар 9 120 000 төгрөгийн зээлээр авсан.
А нь ХАГ-******* тоот гэрээний 2.2.1-т зааснаар 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор буюу 5 сарын хугацаанд 9 120 000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй. Энэхүү хугацаанд гэрээний үүргээс 6 145 000 төгрөгийг төлж барагдуулсан ба одоогийн байдлаар 2 975 000 төгөгийн үлдэгдэлтэй байгаа ба уг төлбөрийг төлөхөөс зайлсхийж байна.
Иймд А сургуулиас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2 975 000 төгрөг, гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т заасны дагуу 191 хоногийн алданги 1 487 500 төгрөг, нийт 4 462 500 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч А нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр гардан авч, хариу тайлбарыг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор шүүхэд ирүүлэх үүрэгтэй байсан боловч хариу тайлбар ирүүлээгүй байна. Ийнхүү ирүүлээгүйн улмаас гарах хууль зүйн үр дагавар, эрх үүрэгтэй танилцсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж ХХК нь хариуцагч Ад холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 2 975 000 төгрөг, алдангид 1 487 500 төгрөг, нийт 4 462 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.
Зохигч талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ХАГ-******* тоот Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч нэг талаас 9 120 000 төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн 37 ширхэг бүтээгдэхүүн /нэгжтэй эрх, гар утас, төхөөрөмж зэрэг/ шилжүүлэх, худалдан авагч нөгөө талаас үнийг гэрээнд заасан тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээсэн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрээний хуулбар /х.х-ийн 9-12 дахь талд/ зэргээр тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний агуулга, зорилго, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзвэл Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Нэхэмжлэгч буюу худалдагч нь зээлээр худалдан авагчийг гэрээний дагуу төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн зөрчил гаргасан тул үлдэгдэл төлбөрийг шаардаж байна гэжээ.
Иргэний хуулийн 20* зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар, үүрэг гүйцэтгэгч нь хууль болон гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгэх бөгөөд зөрсөн бол мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг зааснаар үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй байна. Иймд гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан худалдагчийн шаардлага үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлохдоо, гэрээний үлдэгдэл төлбөрт 2 975 000 төгрөг болон алдангид 1 487 500 төгрөг төлүүлнэ гэсэн боловч хариуцагч талтай тодорхой тохиролцоонд хүрсэн тул алдангийн төлбөр 1 487 500 төгрөгөөс татгалзаж байна гэж шүүх хуралдааны явцад тайлбарлаж байна.
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0,3 хувиар алданги тооцно гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ хэсгээс татгалзаж байх тул алдангийн 1 487 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч гэрээний үлдэгдэл төлбөрт 2 975 000 төгрөг гаргуулна гэжээ.
Нэхэмжлэлийн шаардлагын тус төлбөрийн тооцоолол нь хавтаст хэргийн 7 дахь талд авагдсан өглөг авлагын тайлангаар тодорхойлогдож байна.
Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үүргээ зөрчсөн үндэслэл болон гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн тооцоололтой хариуцагч тал маргаж, шүүхэд тайлбар, нотолгоог гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т, “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.” гэж зохицуулжээ.
Хариуцагч хуульд заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүйд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хянан шийдвэрлэв.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2 975 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, үлдэх 1 487 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 11* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН