| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2015/08505/И |
| Дугаар | 6579 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 6579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЦЖ64111901 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 33 б байр 66 тоотод оршин суух Олхон овогт Нанзадын Эрдэнэчимэгийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нанзад овогтой Эрдэнэчимэг миний бие 1981-1983 онд Барилгын 4 дүгээр тмс-ийг төгсөж 1983 оны 7 сарын 1-ний өдөр Барилга засварын 2 дугаар конторын даргын 1983 оны 07 дугаар сарын 20 тоот тушаалаар барилга завсарчинаар томилогдож ажилласан. 1984 оны 4 сарын 10-ны өдрийн хурлын 164196 дугаар тогтоолын дагуу Трестын харъяа Барилга засварын контор татан буугдаж, 10 дугаар тресттэй нэгдсэн учир трестэд засалчнаар үргэлжлүүлэн ажилласан. Ийнхүү ажиллаж ирсэн бөгөөд Улаанбаатар хотын өмч хувьчлалын 1992 оны 05 сарын 22-ны 47 дугаар тогтоолын дагуу Барилга засварын хоршоо болсон тул намайг засалчны ажлаас чөлөөлсөн тушаал, Баян Цахар хоршооны нэгдэлд шилжсэн ажилд орсон тушаал, 1995 оны 09 сарын 25-ны өдрийн 015 тоот ажлаас чөлөөлсөн тушаал зэрэг нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа. Харин Барилга засварын конторын 10 дугаар трестээс 1985 онд чөлөөлсөн тухай тушаал бичигдээгүй ба Барилга завсарын трестэд ажилд орсон тушаал ажлаас гарсан тушаалын хотын архив, төв архив, дүүргийн архивт шүүлтээс үзэхэд огт гарч ирэхгүй байгаа. Миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жил хүрэхгүй, тогтоогдохгүй байгаа тул Н.Эрдэнэчимэг намайг 1983 оноос 1995 онд Барилга завсарын трестэд засалчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэг нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилга завсарын нэгдсэн трестэд , 1992 оны 7 дугаар сарын 01-ны өдрөөс 1995 оны 2 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл Баян цахир хоршоонд тус тус засал чимэглэчинээр ажиллаж байсныг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
Н.Эрдэнэчимэг нь өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор ажиллаж байсан жилийг нотлох баримт буюу ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал архиваас олдохгүй байгаа тул шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.
Хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нанзадын Эрдэнэчимэг нь 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Барилга засварын 2 дугаар конторын даргын тушаалаар Барилга завсарын 2 дугаар конторт барилгын засалчинаар, 1984 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Барилга засварын трестийн даргын тушаалаар Барилга завсарын трестэд үргэлжлүүлэн ажиллаж, 1993 оны 05 сарын 10-ны өдрийн 66 тоот тушаалаар Барилга завсары трестийн барилга засалчны ажлаас чөлөөлж “Баян цахир” хоршоонд шилжүүлж, 1992 оны 07 сарын 01-ний өдрөөс “Баян цахир” хоршооны даргын 1992 оны 07 сарын 02-ны өдрийн 01 тоот тушаалаар “Баян цахир” хоршоонд засварын ажилчинаар ажиллаж 1995 оны 02 сарын 01-ний өдрөөс Баянцахир хоршооны даргын 015 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-7, 8/, гэрч Г.Дэлгэрийн мэдүүлэг /хх-17/, гэрч А.Зоригтын мэдүүлэг /хх-18/, фото зургууд зэргээр нотлогдож байна.
Үндэсний төв архивын газрын болон Архивын газрын тодорхойлолтоор Н.Эрдэнчимэгийн Барилга засварын трестэд ажиллаж байсныг нотлох баримтууд архивын газарт хадгалагдаагүй байна.
Иймд дээр дурдсан баримтуудыг үндэслэн Нанзад овогтой Эрдэнэчимэгийг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилга засварын нэгдсэн трестэд, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилга завсарын “Баян цахир” хоршоонд тус тус засал чимэглэчинээр ажиллаж байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Нанзад овогтой Эрдэнэчимэгийг 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилга угсралтын трестэд, 1992 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Барилга завсарын “Баян цахир” хоршоонд тус тус засал чимэглэчинээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Эрдэнэчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эртхэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ