Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 25

 

 

 

 

 

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар

123/ШШ2017/00025

Төв аймаг


 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: “Ижил шарга” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Төв аймгийн Засаг даргад холбогдох

“Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ижил шарга” ХХК-ийн захирал Б.Оюунбилэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ижил шарга” ХХК-ний захирал Б.Оюунбилэг, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаар захирамжаар “Ижил шарга” ХХК-д 1 га  газрыг эзэмшүүлсэн. Газрын гэрчилгээг 2013 оны 08 дугаар сарын 05-ны өдөр олгож, газар эзэмших гэрээ хийсэн. Батсүмбэр сумын Засаг дарга Д.Ганбаяр нь өөрийн эзэмшлийн газар дээрээ үйл ажиллагаа явуулах гэхээр үйл ажиллагаа явуулах боломж олгохгүй байсан тул Төв аймгийн Засаг даргад гомдол гаргахад 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09/1963 албан тоотоор “Ижил шарга” ХХК-ний амралт, сувиллын зориулалттай газрын ашиглах эрх нээлттэй байна гэсэн хариу ирсэн. Ингээд эзэмшил газар дээрээ 2015 оны 07 дугаар сард гэрийн буйр цутгаж, хашаа барьсан. Батсүмбэр сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 дугаар захирамжаар “Ижил шарга” ХХК-ний газар эзэмших эрхийг цуцалсан бөгөөд энэ талаараа надад мэдэгдээгүй. Дээрх захирамжийг мэдсэн даруйд Төв аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжаар “Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг зөрчсөн гээд “Ижил шарга” ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгосон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-д зааснаар “...албан тушаалтны шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан заавал биелүүлэх үүрэгтэй” гэснийг зөрчиж аймгийн Засаг даргын захирамжийг би мэдээгүй гэсэн үндэслэлээр сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр А/592 дугаар захирамж гарган, “Ижил шарга” ХХК-ний үргэлжлүүлэн барьсан төмөр болон модон хашааг “Нийтийн эзэмшлийн газар зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан” гэх үндэслэлээр, “Ижил шарга” ХХК-д мэдэгдэлгүйгээр төмөр болон модон хашааг албадан буулгаж, улсын орлого болгон хураан авч, газрыг чөлөөлсөн. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Батсүмбэр сумын Засаг даргын А/592 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах, Батсүмбэр сумын Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Төв аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 123/ШШ2017/0004 дугаар шийдвэр гарч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш Төв аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А/82 дугаар захирамж гаргаж, өмнөх Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/283 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн албан тоотод бичсэн Батсүмбэр сумын газрын даамал нь 2015 оны а/541 дугаар захирамжийг Газрын тухай хуулинд зааснаар мэдэгдсэн гэсэн нь үндэслэлгүй, аймгийн Засаг дарга Д.Баярбатад хандахад хуулийн хугацаанд гомдол гаргасныг хүлээн зөвшөөрч шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйл “оролцогчийг сонсох”, 26.1. “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж заасныг зөрчиж, “Ижил шарга” ХХК-д мэдэгдэлгүйгээр манай эрхийг зөрчиж, аймгийн Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэсэн, мөн уг захирамжийг өнөөдрийг хүртэл гардуулаагүй, албан ёсоор мэдэгдээгүй байна. Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 сарын 13-ны өдрийн А/82 дугаар захирамж нь Захиргааны шүүхийн 2017 оны 02 сарын 02-ны өдрийн 123/ШШ2017/0004 дугаар шийдвэрийг үл хүндэтгэсэн, шүүхийн шийдвэрийг биелэгдэх, хэрэгжих боломжийг хааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсаны дараа өмнө ажиллаж байсан аймгийн Засаг даргын захирамжаа хүчингүй болгосон захирамж гаргасан нь хуульд нийцэхгүй байна. Аймгийн Засаг даргаас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байна гэж тайлбарладаг ч энэ талаар нотлох баримтыг огт өгөөгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан заалтуудыг тус тус зөрчсөн. Батсүмбэр сумын газрын даамлыг захирамжаа гардуулж өгсөн гэж албан бус зүйлийг үндэслэж захирамж гаргасан. Захиргааны ерөнхий хуульд заасан сонсгох ажиллагааг огт хийгээгүй. Бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийг захиргааны байгууллага биелүүлээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд хөөн хэлэлцэх хугацааны талаар тодорхой ярилцсан. Иймд Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/82 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Ижил шарга” ХХК-д амралт сувиллын зориулалтаар эзэмшүүлсэн 1 га газрын эзэмших эрхийг цуцлах тухай Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/541 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар “Ижил шарга” ХХК-ний захирал Б.Оюунбилэг 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргад гомдол гаргасны дагуу аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/541 тоот захирамжаар сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/541 дугаартай захирамжийг хүчингүй болгосон. Гэвч Батсүмбэр сумын Засаг даргын 2017 оны 05/16 тоот албан бичгээр ирүүлсэн “Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/541 тоот захирамжийг хүчингүй болгуулах”-аар гаргасан хүсэлтийн дагуу холбогдох баримт материалыг судлан үзэхэд Батсүмбэр сумын ЗДТГ-ын газрын даамал нь 2015 оны а/541 тоот захирамжаа Газрын тухай хуулийн 40.2-т зааснаар “Ижил шарга” ХХК-ний захирал Б.Оюунбилэгт тухайн үед нь мэдэгдсэн, газрын даамал Давааням нь захирамжаа “Ижил шарга” ХХК-ийн захирал Б.Оюунбилэгт өгөх гэсэн боловч би авахгүй, надад хамаагүй гэж хэлээд явсан гэж хэлсэн. Ийнхүү мэдэгдсэн байхад Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны а/541 дугаартай захирамжийг мэдсэнээсээ 30 хоногийн дотор аймгийн Засаг даргад өргөдлөө гаргалгүй, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хугацаа хэтрүүлж аймгийн Засаг даргад өргөдлөө гаргасныг нягтлан шалгаж үзэлгүйгээр аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн а/541 тоот захирамжаар сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн а/541 дугаартай захирамжийг хүчингүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй байна гэж үзэж, уг захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Өмнөх аймгийн Засаг даргын А/283 тоот, Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгосон захирамж нь Батсүмбэр сумын Засаг даргын Тамгын газарт очоогүй. Энэ талаар захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгааг мэдээгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Төв аймгийн Батсүмбэр сумын Засаг даргын 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаар захирамжаар тус сумын 2-р багийн нутагт 1 га газрыг амралт, сувиллын зориулалтаар “Ижил шарга” ХХК-д эзэмшүүлж, 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан. Батсүмбэр сумын Засаг дарга 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 дүгээр захирамжаар “Ижил шарга” ХХК-д газар эзэмшүүлсэн 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 202 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг Төв аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Үүний дараа Батсүмбэр сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаартай “Албадан нүүлгэх тухай” захирамжаар “Ижил шарга” ХХК-ний барьсан хашааг буулгаж, газрыг албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн.

“Ижил шарга” ХХК-иас Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан “Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаартай захирамж хууль бус байсныг тогтоолгох, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлээгүй Батсүмбэр сумын Засаг даргын үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийн биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2017/0004 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА/2017/0322 дугаар магадлалаар “Ижил шарга” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/592 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, “Төв аймгийн Засаг даргын  2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, биелэлтийг хангахыг Батсүмбэр сумын Засаг даргад даалгах” шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээр дурьдсанаар Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг “хууль бус” гэж, мөн нэхэмжлэгчээс Батсүмбэр сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/541 дүгээр захирамжид холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргахдаа хуульд заасан хугацаа хэтрүүлсэн гэж тогтоогоогүй, харин ч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг дээрх албан бичгийн хариу гарсан буюу түүнийг нэхэмжлэгч хүлээж авсан үеэс тооцсон нь зүйтэй гэж дүгнэсэн. Үүнээс гадна уг захирамжийг биелүүлээгүй эс үйлдэхүйтэй холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг “Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны шийдвэрийг анхан шатны захиргааны байгууллага гүйцэтгэхээр заасан тул хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбогдуулан хуульд заасан журмын дагуу албадан гүйцэтгүүлэхийг шаардах эрхтэй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал зэргээр тогтоогдож байна.

Гэтэл дээрх Төв аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн А/283 дугаар захирамжийг Төв аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/82 дугаар захирамжаар хүчингүй болгосон. Уг захирамжийг гаргах болсон үндэслэлээ “Батсүмбэр сумын Засаг даргын захирамжийг “Ижил шарга” ХХК-ний захиралд тухайн үед мэдэгдсэн байхад хугацаа хэтрүүлж аймгийн Засаг даргад гомдол гаргасныг нягтлан үзэлгүйгээр аймгийн Засаг дарга Батсүмбэр сумын Засаг даргын 2016 оны а/541 тоот захирамжийг хүчингүй болгосон нь хууль эрх зүйн үндэслэлгүй” гэж тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасныг зөрчсөн байна.

Үүнээс гадна “Ижил шарга” ХХК-ний нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 123/ШШ2017/0004 дүгээр шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхэд хариуцагчаас дээрх Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/82 дугаар захирамжийг нотлох баримтаар гаргаж, тайлбарласан ч тус шүүх “цаг хугацааны хувьд шүүхийн шийдвэрийн дараа гарсан... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон ...захиргааны шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” тохиолдолд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болохоор зохицуулсан тул хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд энэ үндэслэлээр шийдвэрийг хянуулах эрх нь нээлттэй” гэж тайлбарлан тухайн захиргааны актыг нотлох баримтаар хүлээж аваагүй нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА/2017/0322 дугаартай магадлалаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 110.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй бол хуулийн хүчин төгөлдөр болно гэж зааснаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА/2017/0322 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Төв аймгийн Засаг дарга нь Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3.г-д газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах бүрэн эрхээ хэтрүүлж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг үндэслэн захиргааны акт гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд  холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаар маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бөгөөд хууль бус болох нь тогтоогдож байх тул түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-д тус тус заасныг баримтлан Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/82 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ижил шарга” ХХК-д олгосугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН