Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2020/0207/З |
Дугаар | 221/МА2021/0006 |
Огноо | 2020-12-24 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 221/МА2021/0006
“Бм” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Янжиндулам, нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Р, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдлоор, “Бм” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтлмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 554 дүгээр шийдвэрээр: “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Бм ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/02 дугаар дүгнэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар шийдвэрийг шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосноор ашигт малтмалын ашиглалтын MV-021238 дугаар тусгай зөвшөөрөл сэргэхийг дурдаж” шийдвэрлэжээ.
Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” үндэслэлээр төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасан байна. Хуульд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байж дүгнэлт гаргахаар зохицуулсан болохоос дүгнэлтийг баримтаар тогтоосон байх шаардлага нь хуулиар төрийн захиргааны төв байгууллагад тавигдаагүй байна. Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, “нутаг дэвсгэрийнхээ аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд харьяалал харгалзахгүйгээр хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авах, шаардлагатай бол тухайн аж ахуйн нэгж, байгууллагын байгаль орчинд хортой нөлөөлж буй үйл ажиллагааг өөрөө түдгэлзүүлэн зогсоох буюу уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн үйл ажиллагаа байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсэх, хэрэв тийм бол уг асуудлыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх бүрэн эрхээ Аймаг, нийслэлийн засаг дарга хэрэгжүүлжээ.
Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг удирдлага болгосон. Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд “...Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах журам...” 25.1.Энэ хуулийн 24.1-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана...” гэж, 25.1.7-д “...байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ...” гэж, мөн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8.4-т “...Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланд дараах асуудлыг тусгана...” талаар зааж өгсөн ба 8.4.8-д “...Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн захиргаа, төслийн нөлөөлөлд өртөх нутгийн иргэдийн нийтийн хурлын санал, тэмдэглэл...” хуульчилсан байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын санал, тогтоолыг хуурамчаар баримт бүрдүүлсэн нь Увс аймгийн засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1/1272 тоот албан бичиг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын хунт багийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 05 тоот албан бичиг, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Иргэдийн нийтийн хурлын 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэл, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор нотлогдож байх тул анх тусгай зөвшөөрөл авахдаа хууль зөрчиж эрх авсан байдаг.
Мөн ... “Бм” ХХК нь 2018, 2019 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөө Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй ба тайлан ирүүлээгүй.
Ашигт малтмалын харилцаа нь нутгийн иргэд, нутгийн өөрөө удирдах байгууллага, нутгийн захиргааны байгууллага, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар гэсэн 6-7 этгээдийн хооронд явагддаг. Харин шүүгч хамгийн чухал буюу ашигт малтмалын харилцаанд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд заасан орон нутгийн удирдлага байгаль орчны талаар ямар эрх, үүрэгтэй нь тодорхой байгаа төдийгүй шүүхэд эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах эрхийг нь эдлүүлээгүй, төлөөлөл оролцуулаагүй нь хууль бус байна. Шүүгч яамны дүгнэлтэд хэт их ач холбогдол өгч харин нутгийн удирдлагын албан бичиг, саналд хайхрамжгүй хандаж байна. Өөрөөр хэлбэл хэт нэг талыг барьж, хуулийн дээрх зохицуулалтуудыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга давж заалдах гомдолдоо: “...Төрийн захиргааны байгууллагын зүгээс ямар үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцлах талаар Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд тодорхой заасан байна. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” бол тусгай зөвшөөрлийг цуцална гэжээ. Дээрх хуулийн заалтыг үндэслэн тус газрын Кадастрын хэлтсийн даргын 53 дугаар шийдвэр гарсан болно. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багийн Засаг даргаас 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 02 тоот албан бичгээр тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Бм" ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй байгаад холбогдох дүгнэлтийг гаргуулахаар Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандсан байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/02 дугаар бүхий дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалтыг үндэслэн “байгаль орчинд хортой нөлөөлөх эрсдэлтэй” байх тул “Бм" ХХК-ийн эзэмшдэг ашигт малтмалын ашиглалтын М\/-021238 тоот тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь нь зүйтэй” үзсэн байна. Энэ тохиолдолд хариуцагчийн зүгээс байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлтийн хуульд нийцсэн эсэхийг шалгах боломжгүй.
Мөн түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, мөн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” сонсох ажиллагаа хийхгүйгээр буюу урьдчилан мэдэгдэхгүйгээр захиргааны байгууллага шийдвэр гаргах эрхтэй байхаар хуульчилсан болно. Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтийг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол;” мөн хуулийн 28.1.2-т “гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчин хор нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл амьдрах орчин нь хязгаарлагдан, мал уух усгүй болж бэлчээр доройтон улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах байсан. Иймд дээрх гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэр гаргасан болно.
Иймд гомдлыг хуулийн дагуу хянан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 53 дугаар шийдвэрээр “Бм” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл болсон Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ажлын хэсгийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2020/02 дугаар дүгнэлт нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан “байгаль орчинд хортой нөлөөлж байгаа болохыг тогтоосон дүгнэлт” байх шаардлагад нийцээгүй, нэхэмжлэгч “Бм” ХХК-ийг байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоогоогүй хууль бус шийдвэрүүд болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6/-д “байгаль орчинд хортой нөлөөлөх гэдэгт байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл /эс үйлдэхүй/ хамаарах”-аар заасан, хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “Бм” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайдаа үйл ажиллагаа явуулж эхлээгүй, байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйл ажиллагаа явуулсан, эсхүл байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа явуулах эрсдэлтэй болохыг тогтоох ажиллагааг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас хийгээгүй, зөвхөн нутгийн захиргааны байгууллагуудын саналыг үндэслэн дүгнэлт гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн, энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчжээ.
Зүй нь, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд хортой нөлөөлөх үйл ажиллагаа буюу байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан талаар нутгийн захиргааны байгууллагын санал ирүүлсэн бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ талаар нөхцөл байдлыг судалж, зөрчил байгаа эсэхийг бодитойгоор тогтоож дүгнэлт гаргах учиртай тул “...хуульд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзаж байж дүгнэлт гаргахаар зохицуулсан болохоос дүгнэлтийг баримтаар тогтоосон байх шаардлага нь хуулиар төрийн захиргааны төв байгууллагад тавигдаагүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.
Энэ талаар анхан шатны шүүхээс “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллага санал гаргасан тохиолдолд тэр хүрээнд хяналт шалгалтыг хийж, бодит нөхцөл байдлыг тогтоож, байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг тэр үндэслэлээр цуцлуулахаар дүгнэлт гаргах, үндэслэл бүхий тэрхүү дүгнэлтийг үндэслэж тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалт” гэж хуулийг үндэслэлтэй, зөв тайлбарлан маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь дээрх дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасантай нийцэхгүй, “...сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан нь үндэслэлтэй” гэх агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Маргаан бүхий актуудаар нэхэмжлэгч “Бм” ХХК-ийг ашиглалтын үйл ажиллагаа явуулахад “байгаль орчинд хортой нөлөөлөх” эрсдэлтэй хэмээн тусгай зөвшөөрлийг цуцалсан атлаа хариуцагч нараас давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл авахдаа орон нутгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын санал, тогтоолыг хуурамчаар баримт бүрдүүлсэн, ... анх тусгай зөвшөөрөл авахдаа хууль зөрчиж эрх авсан ...” гэж, мөн “...“Бм” ХХК нь 2018, 2019 онуудад байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулаагүй ба тайлан ирүүлээгүй...” гэх зэргээр маргаан бүхий шийдвэрт заагаагүй үндэслэлээр нөхөж тайлбар гарган анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргаж буйг хүлээн авах боломжгүй юм.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН