Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0029

 

  Б.Лхагва-Эрдэний  нэхэмжлэлтэй

   иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Дэмбэрэлсамбуу, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагч М.Золзаяа нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1238 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Лхагва-Эрдэний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М.Золзаяад холбогдох

Гэм хорын хохиролд 13,025,506 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: М.Золзаяа нь 2015.07.28-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа мотоцикльтой явсан Б.Лхагва-Эрдэнэ намайг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас миний биед хүнд гэмтэл учирч, би эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон.

... 2015 оны 8 сард Улаанбаатар хотод мэс заслын хагалгаа хийлгэснээс хойш дахин 2015 оны 11 сард Улаанбаатар хотод мах, арьс нөхүүлэх хагалгаа хийлгэ гэсэн эмчлэгч эмчийн заавартай байсан боловч эмчилгээ хийлгэх ямар ч мөнгө байхгүйн  улмаас явж чадаагүй өнөөдрийг хүрсэн. ... 2015 оны 8 сард осолд ороод Улаанбаатар хот руу хагалгаанд орохдоо өөрт байсан бүх мөнгө болон хүнээс хүүтэй мөнгө зээлж эмчилгээ хийлгэсэн өрөө төлж дуусгаагүй. Золзаяа гэм буруугаа гэмшээд ядаж эмчилгээний төлбөр, шүүхийн шийтгэх тогтоолоор олгосон төлбөрөө гүйцээгээд өгчихсөн бол би эмчилгээндээ явах боломжтой байсан боловч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй үл тоомсорлож байна. Золзаяагийн цувуулж өгсөн мөнгийг би хүмүүсийнхээ өрийг дарж одоо 2,000,000 төгрөгийн өр үлдээд байна. Би эрүүл саруул байхдаа Хөвсгөл зам ангид улирлын чанартай гэрээтээр ажилладаг байсан бөгөөд сул зогсолтын үед байгууллагаасаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалин авч сул зогсдог байсан. 2015 оны 7 сарын 29-ний өдөр байгууллагаас ажил эхэлсэн, ажилдаа ир гэсэн мэдэгдэл ирсэн байсан боловч би ухаангүй эмнэлэгт хэвтэж байсан учир мэдээгүй, сүүлд манай эгч нар надад уг мэдэгдлийг өгсөн. Тэгээд ч манай байгууллагаас намайг өвчний учир ажлаас чөлөөлсөн байсан. Би гэмтлийн улмаас 1 жил группт орж хөдөлмөрийн чадваргүй болсон. Одоо ч энэ байдал хэвээрээ байна. Иймд миний хөдөлмөрийн чадвар алдагдсан 1 жилийн хугацаан дахь ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцоод 2,304,000 төгрөгийг Золзаяагаас гаргуулж өгнө үү. Би мэс заслын төлбөр, хагалгааны дараах эмчилгээний төлбөрийг төлж чадахгүй Ж.Алтангэрэл гэх хүнээс 2015.09.28-ны өдөр 2,800,000 төгрөгийг хүүтэй зээлж авч эмчилгээний төлбөрөө төлсөн. Гэтэл Золзаяа нь надад эмчилгээний төлбөрийг төлж өгөхгүй байсаар гэрээний хугацааг арга буюу сунгахыг гуйж байж 2 удаа гэрээний хугацааг сунгаж хүү төлсөн. Иймд зээлийн гэрээний дагуу уг мөнгөний хүү 2,016,000 төгрөгийг зээлдэгчид төлж бидэнд хохирол учирсан тул Золзаяагаас 2,800,000 төгрөгийн хүү 2,016,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг  нийт 9,320,000 төгрөгийг Золзаяагаас гаргуулж өгнө үү гэж хүсч нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Б.Лхагва-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: ...2016 оны 08-р сарын 11-нд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2016 оны 09-р сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр миний хөдөлмөрийн чадвар алдалтын 50% байсныг 60% болгож шинэчлэн тогтоогоод 12 сараар дахин сунгасан. Энэ нь цаашид би доод тал нь 1 жил дахин хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон төдийгүй өмнөх жилээс хөдөлмөрийн чадвар алдалт нь өндөр хувиар тогтоогдож нэмэгдсэн гэдгийг харуулж байна. Иймээс дахин нэг жилийн хөдөлмөрийн хөлсийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд: 2016 оны 09-р сарын 17-ноос 2016 оны 12-р сарын 31-ийг дуустал 3 сар, 14 хоног 662,700 төгрөг /ХХДХ-192,000 төгрөгөөр тооцож/, 2017 оны 01-р сарын 01-нээс 2017 оны 09-р сарын 17-ны өдрийг хүртэл 9 сарын 17 хоног 2,291,612 төгрөг /ХХДХ-240,000 төгрөгөөр тооцож/ нийтдээ 2,954,312 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг, мөн бүдүүн гуяны яс нь хоорондоо хол зайтай байх тул хагалгаа хийж ойртуулах шаардлагатай гэсэн эмчийн заавартай. Хагалгаа хийлгэхэд 600,000 төгрөг, хоёр хүний Улаанбаатар хот руу ирж очих зардал 130,000 төгрөг, тэгээд ч өч төчнөөн эм тариа хот дотор явах унаа тэрэг гээд нийтдээ 1,000,000 төгрөг бол хангалттай зарлагадана.

Иймд хариуцагч М.Золзаяагаас 3,954,312 төгрөгийг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэн гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Золзаяа шүүхэд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрт төлүүлэхээр тусгагдсан мөнгөн төлбөрийг миний бие өөрийн олж буй орлогын хэмжээгээр бүх боломж бололцоогоо ашиглан ШШГА-аар дамжуулан төлж байгаа. Энэ тухай нотлох баримтыг шүүх хуралдаанаас өмнө гаргаж өгнө. Б.Лхагва-Эрдэнийн одоогийн гаргаж буй нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Учир нь Б.Лхагва-Эрдэнэ өөрөө дэглэм гам барихгүй байгаагаас түүний өвдөлт зовиур нь эдгэхгүй удааширч эмчилгээний зардал нь өссөн. Саяхан 2016 оны 8-р сарын сүүлчээр 8914-тэй дугаараас Б.Лхагва-Эрдэнийн эгч гэх хүн Улаанбаатар хотоос ярьж байна гэж миний 89013466 дугаар луу залгаж надтай ярьсан. Ингэхдээ Лхагва-Эрдэнийг жимсэнд явж байгаа гэж байсан. Иймд Б.Лхагва-Эрдэнийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч М.Золзаяа хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өнгөрсөн 1 жилийн хугацаанд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гарсан хохирол төлбөрийг төлөх гээд надад олдсон бүх мөнгийг би төлж байсан. ...Би тэр хүнээс зээлсэн мөнгийг нь өгсөн л гэж бодож байна. Сэтгэл санааны хохирлын мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би ч гэсэн өөрийн буруу үйлдлээ ухаараад нэхэмжлэгчийн ар гэрийнхэнд дарамтлуулаад сэтгэл зүйн хувьд байнга дарамттай явж байна. Лхагва-Эрдэнийн ар гэрийнхэн намайг байнга дарамталж ярьдаг. Би ч гэсэн байнгын сэтгэл санааны дарамттай байгаа. Нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бас хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Би хагалгааны зардлын мөнгөний тал болох 325.000 төгрөгийг төлж болох юм  гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1238 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Б.Золзаягаас гэм хорын хохиролд 325.000 /гурван зуун хорин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 12.949.312 /арван хоёр сая есөн зуун дөчин есөн мянга гурван зуун арван хоёр/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Золзаяагаас улсын тэмдэгтийн хураамжид 10.400 /арван мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн давж заалдах гомдолдоо: ...Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т заасныг тус тус үндэслэн 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасан үндэслэлийг хэрэглэж Б.Лхагва-Эрдэнийг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй гэж үзэж хуулийн тохирох зүйлийг хэрэглээгүй, 505 дугаар зүйлийн 505.1-д заасан үндэслэлийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ нь 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдөр зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл авч Улаанбаатар хотод хүнд, өндөр үнэтэй хагалгаанд орох зайлшгүй нөхцөл байдал үүссэний улмаас иргэн Алтангэрэлээс 2.000.000 сая төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлж 9 сарын хугацаанд хүүнд 2.016.000 төгрөг төлөх төлбөрт орсон. ...анхан шатны шүүхээс хагалгаа хийлгэхийн тулд хүүтэй мөнгө зээлсэн, үүнээс хойш эрүүгийн хэргийг шийдвэрлэж хохирлын хэмжээг тодорхойлсон. Түүнийг үндэслэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн боловч удааширсан. Үүнээс үүдэн зээлийн гэрээний хүүг төлөх төлбөрт орсон тухай үйл баримтад дүн шинжилгээ хийх, шалтгаант холбоог олж тогтоолгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 5.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг үндэслэн нэхэмжлэгч өөрийн сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр тооцож нэхэмжлэх боломжтой. ...Гэтэл анхан шатны шүүх хариуцагч М.Золзаяагийн “төлөх боломжгүй, өмнөх төлбөрийг нь би яаж ийж байгаад л төлж байсан” гэсэн тайлбараар хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна.

Нэхэмжлэгч цаашид гарах эмчилгээний зардалд 1.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т заасныг үндэслэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд эмчилгээ хийлгэх мөнгөгүй байсан ба хариуцагч шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс эмчилгээ хийлгэж чадаагүй байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлага байгаа эсэхийг тогтоогоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн хариуцагчийн хүлээн зөвшөөрч байгаа хэмжээгээр тогтоосон байна.

Хавтаст хэрэгт хоёр жилийн хугацаагаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрт 5,258,312 төгрөг нэхэмжилсэн. ...Гэтэл шүүхээс нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнийг “Хөвсгөл зам” ХХК-нд гэрээгээр ажиллаж байсан болон осолд орох үед ажил эхлээгүй байсан гэдэгт илүү их ач холбогдол өгч цалин хөлсний зөрүүг Иргэний хуулийн 505.1-д зааснаар зааснаар нэхэмжлэхэд хангалттай нотлох баримт цуглараагүй байна гэж үзжээ. Энэ нь анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсан гэдгийг харуулж байна. Зээлийн гэрээний хүүг нэхэмжилсэн бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт иргэнтэй байгуулсан зээлийн гэрээ, түүнийг 2 удаа сунгасан гэрээг тус тус гаргаж өгсөн боловч анхан шатны шүүхээс хэрэгт хамааралгүй гэж үзсэн байна. Зээлийн гэрээний хүү нэхэмжилж байгаа тохиолдолд тухайн зээлийн гэрээ нь хэрэгт хамааралтай нотлох баримт бөгөөд анхан шатны шүүх хариуцагч М.Золзаяа шүүхийн шийдвэрийн дагуу хугацаанд нь төлөөгүйн улмаас өндөр хүүг төлөх болсон гэдэг нь хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагаа хийгээгүйг харуулж байна.

... Дээрх нөхцөл байдлууд нь хуулийг буруу хэрэглэсэн, хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг дутуу үнэлсэн, орхигдуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ нь хариуцагч М.Золзаяагаас гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд “ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 5,258,312 төгрөг, эмчилгээний төлбөрт  Ж.Алтангэрэлээс  2,800,000 төгрөгийн зээл авч,  уг мөнгөний хүүд төлсөн 2,016,000 төгрөг, цаашид гарах эмчилгээний зардал 1,000,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 5,000,000 төгрөг нийт 13,274,312 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх  ба хариуцагч нь “...хагалгааны зардлын мөнгөний тал болох 325,000 төгрөгийг төлж болох юм”  гэсэн тайлбар гаргаж,  бусад шаардлагыг эс зөвшөөрчээ.

Хариуцагч М.Золзаяа нь 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдөр өөрийн эзэмшлийн 02-78 УНИ улсын дугаартай Хонда пит маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж, осол гаргасны улмаас Б.Лхагва-Эрдэний биед хүнд зэргийн гэмтэл учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож  байна.

Тээврийн хэрэгслийн ашиглалтын явцад Б.Лхагва-Эрдэний эрүүл мэндэд хохирол учирсан тул хариуцагч  М.Золзаяад  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд хохирол учирсны  гэм хорыг нөхөн төлөх үүрэг үүсчээ.

Хариуцагч нь гэм хор учруулснаас үүссэн үүргийг холбогдох нотлох баримтын хүрээнд хариуцан арилгах бөгөөд нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д  зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа  нотолж, нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах  үүрэгтэй.

Зохигчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дүгнэлт хийвэл: 

1.Нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж ажил гүйцэтгэх гэрээ, “Хөвсгөл зам” ХХК-д 576,733 төгрөгийн дундаж цалин авч байсан  тодорхойлолт шүүхэд гаргасан  байх боловч нийгмийн даатгалын дэвтэр, цалингийн баримтаа шүүхэд ирүүлээгүй тул түүнийг дээрх компанид ажиллаж тогтмол орлоготой байсан гэж үзэх боломжгүй байна.  

Нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэнэ нь шүүх хуралдааны явцад “Хөвсгөл зам ХХК-д  улирлын чанартай ажил эрхэлж байсан, гэм хор учруулах үед цалин хөлс, орлогогүй байсан” гэсэн  тайлбар гаргаж,  осолд орсон хугацаанаас 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх хугацааны цалин, орлогоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож  5,258,312 төгрөг нэхэмжилснийг гаргуулах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” боловч нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар түр алдалтад тогтоосон тэтгэвэр нь  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс илүү хэмжээгээр тогтоогдсон нь нэхэмжлэгчийн шүүх хуралдааны явцад гаргасан “...216,000 төгрөгийн тэтгэвэр авч  байгаа”  гэсэн  тайлбараар нотлогдож байх тул түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр гаргуулах үндэслэлгүй юм.

2. Хохирогч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд хохирол учирсны улмаас учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4-т зааснаар эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр шаардахдаа холбогдох нотлох баримтаа өөрөө гаргах үүрэгтэй бөгөөд  бусдаас зээл авч эмчилгээ, сувилгаа хийлгэсэн болон  эмчилгээний зайлшгүй зардалтай холбогдох нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул эмчилгээний төлбөрт  Ж.Алтангэрэлээс 2,800,000 төгрөгийн зээл авч,  уг мөнгөний хүүд төлсөн гэх 2,016,000 төгрөг, цаашид эмчилгээ хийлгэх 1,000,000 төгрөгийг  гаргуулах боломжгүй байна.

3. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан бөгөөд   Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д  “...бусдын  эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг” төлүүлэхээр   зааж эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэхээр тусгаагүй тул нэхэмжлэгч Б.Лхагва-Эрдэний сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн эдийн бус гэм хорыг арилгах заалт нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тарааснаас учирсан гэм хортой холбоотой учир энэ заалтыг баримтлан сэтгэл санаанд учирсан хохирол нөхөн төлүүлэхийг хүссэн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардал, эмчилгээний зайлшгүй зардлыг урдчилан төлүүлэхээр  нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Шүүх тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн холбогдох заалтыг баримтлаагүй байх тул цаашид ийм төрлийн маргаан шийдвэрлэхдээ дээрх заалтыг Иргэний хуулийн гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх бусад заалттай давхар баримтлах шаардлагатайг анхааруулж байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1238 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.СОСОРБАРАМ

                ШҮҮГЧИД                             Б.ОЮУНЦЭЦЭГ      

                                                    Т.ГАНБАТ