Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 983

 

2019        12          20                                   2019/ШЦТ/983

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

хохирогч, шүүгдэгч Д.А , түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн,

хохирогч, шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Д.А , Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овгийн Г.А  нарт холбогдох эрүүгийн 1911020630919 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Боржигон овгийн Д.А , 1967 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Завхан аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын бетон арматурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 12-26 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар

Сартуул овгийн Г.А , 1974 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Завхан аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат зураагийн 2-26 тоотод оршин суух,

Завхан аймгийн Тосонцэнгэл хотын Ардын сум дундын шүүхийн 1993 оны 04 дүгээр сарын 01-ний 12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил, 06 сарын хорих ял,

Улиастай дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 91 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-328 тоотод өөрийн хамаатны дүү болох Г.А тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд, зүүн бугалга, бугуйнд шарх, дээд баруун 5-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Г.А  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-328 тоотод өөрийн хамаатны ах болох Д.А тэй маргалдаж улмаар гарыг шилээр зүсэж, эрүүл мэндэд нь баруун гарын шуунд гүн зүсэгдэж 4, 5-р хурууны тэнийлгэгч шөрмөс тасалдаж гэмтсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, хохирогч Д.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг архи ууж харилцан зодолдсон гэж зүйлчилсэн. Би архи уудаггүй. Намайг архи ууж зодоон хийсэн гэж хэлсэнд гомдолтой байна. Тэр өдөр Г.А  ажил хийлгэхгүй над руу олон удаа утасдсан. Бид эгч дүүсийн хүүхдүүд, ойрд уулзаагүй юм чинь гээд гуйхад нь би ажил ихтэй байсан учраас үгүй гэж зөндөө хэлсэн. Тэгээд  дахин дахин залгаад байхаар нь за яах вэ миний ажлыг дуусахаар уулзъя гэсэн. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Намайг гэртээ очиход Г.А  манайд очсон байсан. Нэлээн согтуу байсан. Манайд 2 шил архи уучхаад сууж байснаа гэнэт л чи хэн бэ гээд агсраад эхэлсэн. Би гайхаад ах нь байнаа гээд унтуулах гээд дийлээгүй. Би одоо 53 настай. Архи ууж тамхи татдаггүй. Хохирогчийн хувьд би гол ажил хийдэг гараа гэмтээсэн. Одоо зүүн гараа сургаж байгаа. Гомдолтой байна, сэтгэл санаа, ажил төрөл, бусад бүх зүйлээрээ хохирсон. Би Г.А г 1 сая төгрөг өг гэхэд ажил хийж байгаад төлнө гэхээр нь тэр худлаа, хэрвээ 1 сая төгрөгийг одоо өгөхгүй бол ах дүүгээ болъё гэсэн...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Г.А  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн хэрэг болох үед би хотод орж ирээд найзтайгаа 2 шил архи уусан. Ах дүү хамаатан садантайгаа уулзах боломж тэр болгон олддоггүй учраас хотод орж ирснийг уулзаж, жаахан юм ярьж сууя гэж бодоод Д.А  ах руу залгасан. Алтансүх ах ажил тараад уулзъя гэхээр нь би танайд очоод байж байх уу гэхэд тэгээ гэсэн. Нийтдээ 2 удаа л залгасан. Д.А  ахтай гэрт нь очиход эхнэр нь байсан. Би өдөр нь архи уусан, нэлээн согтсон байсан. Д.А  ах ирэхдээ халамцуу ирснийг мөн би маргааш өглөө нь 10 жилийнхний уулзалттай байсан, энэ талаар ярьж байснаа санаж байна, өөр бусад зүйлийг санахгүй байгаа.  Хохирогчийн хувьд гомдол, саналгүй. Д.А  ахтай урьд нь уулзаад нэг шил архи хувааж уугаад, зовлон жаргалаа яриад салж байсан тохиолдол байгаа. Бүх ах дүү нарт намайг хутгаар гарыг маань сийчсэн гэж худлаа ярьж, фейсбүүкээр гарынхаа зургийг явуулсан. Би түүнд нь их гомдсон ...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/,

Бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх 110-111/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 115-119/,

Хохирогч Г.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Алтансүх ах руу залгаад хоёулаа уулзаад жоохон юм ярьж сууя гэж хэлсэн ба манай ах Нарантуул зах дээр лангуугаа хаагаад харьж байна гэсэн. ...Тэгээд би гэрээс нь очиж авсан ба бид хоёр Дэнжийн 1000-д манай эгчийн гэрт ирээд тал шил Болор ууж байсан би өөр зүйл санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх 10-12/,

Хохирогч Д.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “... 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 18 цагийн үед манай дүү Амарзаяа намайг дуудаад эгчийндээ байна уулзъя гэж дуудсан. Над руу залгаад байхаар нь би очоогүй юм. Тэгээд дараа нь би танай ажил дээр очлоо гээд согтуу ярьсан. Би хэрэггүй гэж хэлээд орой 21 цагт захаас гарах үед дахиж залгаад наанаа байж бай би одоо очлоо гэж хэлсэн юм. Удалгүй захын уулзвар дээр байна гараад ир гэж хэлсэн. Би түгжрэл дотор өнгөрөөд явчихлаа гэж хэлтэл уулзъя гээд манай гэрийн гадаа уулзсан. ...Тэгээд бид хоёр 22 цагийн үед Дэнжийн 1000-д ирсэн. Иртэл Амарзаяагийн төрсөн эгч Энхээ гэх эмэгтэй байсан ба бид хоёрт цай унд хийж өгсөн. Тэгээд юм яриад сууж байтал Амарзаяа хөргөгчөөс 2 шил архи аваад ирсэн. Үүнийг уучхаад унтъя гэж хэлсэн. Яахын гэж хэлтэл жоохон уучхаад унтъя гээд надад 2 удаа хийж өгөхөөр нь би уусан үлдсэн архийг нь Амарзаяа өөрөө уусан. Эгч нь ор засаад та хоёр энд унтаарай гээд өөрөө өрөө рүүгээ орсон. Бид 2 ярьж сууж байгаад миний шээс хүрээд гадаа гарж шээчхээд унтаач гэж хэлтэл Амарзаяа миний ардаас гараад явсан. ...би нойл орж бие засаад Амарзаяа нойлын наад талд бие засаад гэр рүү алхаж байтал “хэн бэ” гээд Амарзаяа над руу дайраад гараараа миний толгой руу 3-4 удаа цохиод, амбаарын цонх хага цохисон тэгээд миний бие рүү цохиод байсан ба гадаа бид 2 газраар өнхрөөд нэлээд ноцолдсон, би өөрөөсөө холдуулах гээд түлхээд харилцан ноцолдсон. Тэгээд босоод иртэл миний гар хөндүүр болоод хартал цус гарсан байсан. Тэгээд гэрт нь ороод эгчид нь хэлтэл болио чээ та нар гэсэн чинь миний ардаас Амарзаяа лалруудыг ална та нар хэн бэ гэж хэлсэн. Тэр үед эгч нь одоо яв гэхээр нь би яваад өгсөн. Би өөрөө шууд гэмтлийн эмнэлэг дээр очсон. ...миний баруун шанаа руу цохисон. Намайг олон удаа цохисон. Тэгээд дэгээдэж унагаасан миний гарыг зүссэн харанхуй байсан болохоор юугаар зүссэнийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 14-16/,

Гэрч Г.Энхцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: ”...2019 оны 07 дугаар сарын 24-ний орой 22 цагийн үед ажлаа тараад гэртээ иртэл манай гэр цоожтой байсан. ...Удалгүй Амарзаяа, Алтансүх хоёр ороод ирсэн. Орж ирэхдээ Амарзаяа архи уусан шинжтэй, Алтансүх архи уусан шинжгүй байсан. ...Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад талийгаач ахынхаа талаар хэсэг яриад тал шил тал шил Болор архи тэр хоёр уусан. Би хэсэг сууж байгаад тэр хоёрт ор засаж өгөөд өрөөндөө орсон. Тэгээд би ойрд фейсбүүк ороогүй юм байна жоохон үзье гээд хэвттэл нойр сэргэсэн. Би утсаа оролдоод байж байтал Амарзаяа нь хоёулаа одоо амаръя өглөө ажилтай гарч бие засаад унтъя гэхэд Алтансүх хоёулаа хамт гаръя гээд гарсан би өрөөндөө байхдаа ингэж сонссон. Гараад удалгүй эргээд ороод ирсэн ба орж ирэхдээ өндөр дуутай намайг зоддог хэн юм гээд чанга дуугараад байсан байхаар нь би хэн юу яриад байгаа юм бол гээд гайхаад хартал хоёулангаас нь цус гарчихсан байдалтай байсан. ...Манай дүү Амарзаяа намайг зоддог хэн юм гээд хүн танихгүй уурлаж бухимдсан байдалтай байсан. Алтансүх гараа барьчихсан зогсоод байсан. Би Алтансүхэд хандаад гарч бай би тайвшруулах гээд байна гэж хэлээд гаргасан. Би дүүгээ тайвшруулаад гараад Алтансүхийг хайтал байхгүй байсан. ...манай хашаанд байсан вагончикийн шил хагарсан байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21, 113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №9120 дугаар дүгнэлтэд: “...Д.А ийн биед баруун гарын шуунд гүн зүсэгдэж 4, 5-р хурууны тэнийлгэгч шөрмөс тасалдаж гэмтсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх 27/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №9424 дүгээр дүгнэлтэд: “...Г.А гийн биед баруун чамархайн хуйханд, зүүн бугалга, бугуйнд шарх, дээд баруун 5-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 28/,

Гэрч Э.Ганчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг жижүүрт гарч байх үед гарын шуугаа гэмтээсэн гэх хүмүүс ирсэн. Би нэрийг нь санахгүй байна. ...Дэнжийн мянгын орчимд үл таних хүмүүст зодуулсан гэж хэлсэн ба өөрөө гэмтлийн эмнэлэгт ирсэн. ...гараа нөгөө гараараа дарчихсан байсан. Надад үзүүлсэн зураг бол хагалгааны дараах зураг байх бөгөөд анх ирэх үед гарын шарх зураг дээрх шиг байгаагүй хөндлөн шарх нь анх ирэх үед үүссэн байсан. харин босоо зэт Ш хэлбэрийн зүслэг нь мэс засал хийх үед зүсэгдсэн шарх байгаа юм... ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн буюу түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой... шил, хутга, төмөр, гэх мэт зүйлс орно...” гэх мэдүүлэг /хх 104-105/,

Шинжээч эмч Т.Сэлэнгэ нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  “...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Маслоны хөрөөн шүдтэй хутгаар үүсэх боломжгүй... шил, хутга зэрэг хурц ир үзүүртэй зүйлийг ойлгоно...” гэх мэдүүлэг /хх 106/,  

Шүүгдэгч Д.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Над руу дайраад байхаар нь харилцан ноцолдсон...” гэх мэдүүлэг/хх 122-123/,

Шүүгдэгч Г.А  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би Алтансүхийн биед хэрхэн гэмтэл учруулснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44, 68/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42, 65/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 42, 66/, шүүгдэгч Г.А д холбогдох таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх 47, 108-109/, хохирогч Г.Алтансүхийн гаргаж өгсөн хохирлын баримт /хх 69-72/, Гэмтэл согог үндэсний судлалын үндэсний төвийн 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 10017 дугаар өвчний түүх /хх 95-103/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 5703, 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4898 дугаар дүгнэлтүүд /хх 120-121, 124/, шүүгдэгч Д.Амарзаяагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, хаан банкны дансны хуулга /хх 129/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-328 тоотод өөрийн хамаатны дүү болох Г.А тай маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь баруун чамархайн хуйханд, зүүн бугалга, бугуйнд шарх, дээд баруун 5-р шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.А  нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Чингэлтэйн 10-328 тоотод өөрийн хамаатны ах болох Д.А тэй маргалдаж улмаар гарыг шилээр зүсэж, эрүүл мэндэд нь баруун гарын шуунд гүн зүсэгдэж 4, 5-р хурууны тэнийлгэгч шөрмөс тасалдаж гэмтсэн шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 8/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх 110-111/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг үзүүлэлт /хх 115-119/, хохирогч Г.А гийн “...Тэгээд би гэрээс нь очиж авсан ба бид хоёр Дэнжийн 1000-д манай эгчийн гэрт ирээд тал шил Болор ууж байсан би өөр зүйл санахгүй байна ...” гэх мэдүүлэг /хх 10-12/, хохирогч Д.А ийн “...Амарзаяа над руу дайраад гараараа миний толгой руу 3-4 удаа цохиод, амбаарын цонх хага цохисон тэгээд миний бие рүү цохиод байсан ба гадаа бид 2 газраар өнхрөөд нэлээд ноцолдсон, би өөрөөсөө холдуулах гээд түлхээд харилцан ноцолдсон. ...миний баруун шанаа руу цохисон. Намайг олон удаа цохисон. Тэгээд дэгээдэж унагаасан миний гарыг зүссэн харанхуй байсан болохоор юугаар зүссэнийг сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх 14-16/, гэрч Г.Энхцэцэгийн ”... Гараад удалгүй эргээд ороод ирсэн ба орж ирэхдээ өндөр дуутай намайг зоддог хэн юм гээд чанга дуугараад байсан байхаар нь би хэн юу яриад байгаа юм бол гээд гайхаад хартал хоёулангаас нь цус гарчихсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх 20-21, 113-114/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №9120, 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №9424 дугаар дүгнэлтүүд  /хх 27, 28/, гэрч Э.Ганчимэгийн “...Намайг жижүүрт гарч байх үед гарын шуугаа гэмтээсэн гэх хүмүүс ирсэн. Би нэрийг нь санахгүй байна. ...Дэнжийн мянгын орчимд үл таних хүмүүст зодуулсан гэж хэлсэн ба өөрөө гэмтлийн эмнэлэгт ирсэн. ...гараа нөгөө гараараа дарчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх 104-105/, шинжээч эмч Т.Сэлэнгийн “...Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Маслоны хөрөөн шүдтэй хутгаар үүсэх боломжгүй... шил, хутга зэрэг хурц ир үзүүртэй зүйлийг ойлгоно...” гэх мэдүүлэг /хх 106/, шүүгдэгч Д.А ийн “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Над руу дайраад байхаар нь харилцан ноцолдсон...” гэх мэдүүлэг/хх 122-123/, шүүгдэгч Г.А гийн “...Би Алтансүхийн биед хэрхэн гэмтэл учруулснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх 33-34/ болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Г.А г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзаад шүүгдэгч Д.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял,

шүүгдэгч Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх, болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Г.А  нь хохирогч Д.А эд 260.000 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, хохирогч Д.А  нь гомдолтой гэх боловч хохирлын талаар баримт ирүүлээгүй тул хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Г.А гаас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Д.А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Сартуул овгийн Г.А г Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А эд 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А д 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А , Г.А  нарт нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Хохирогч Г.А  нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, хохирогч Д.А  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.А гаас иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А , Г.А  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ХАЛИУН