Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 900

 

 

                                                           

           

 

 

 

2019          11          22                                    2019/ШЦТ/900

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Г.Ууганбаатар,                             

Шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч А.Баярмаа, Б.Бат-Ерөөлт,

Хохирогч Д.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дагжидийнхан овогт Л.Дэлгэрцэцэгт холбогдох эрүүгийн 1911022240984 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Дагжидийнхан овогт Л.Д, Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, охин, найз нарын хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Начин их уул 1 дүгээр гудамж, 13 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 38-32 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, .............

         Холбогдсон хэргийн талаар:

         Лувсанбаярын Дэлгэрцэцэг /яллах дүгнэлтэнд дурдснаар/ нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн лангуунд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бидний хооронд тооцоо нийлээгүй. Намайг 585.000 төгрөгийн бараа материал дутаасан гэж хохирогч үзэж байгаа. Энэ хохирлын хэмжээтэй санал нийлэхгүй байна” гэв.

Хохирогч Д.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Бид хоёр эхлээд 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хамтран ажиллаж байдаг. Эхний тоо ширхэг нь нийцэж байсан. Өдөртөө орлогоо өгдөг заримдаа өгдөггүй байсан. 13-аас Бөмбөгөр рүү лангуугаа шилжүүлсэн байдаг. Улмаар 7 сарын сүүлээр тооллого хийсэн байдаг. 8 дугаар сарын 09-ний өдөр чат биччихээд “би Өмнөговь руу ажил хийх гэж байна” гэж хэлээд хүнд миний лангууны түлхүүрийг орхиод явсан байсан гэв.

Хохирогч Д.Баяржаргал мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Содон Бөмбөгөр” худалдааны төвд гоо сайханы лангуу түрээслэн ажиллуулах болсон. Мөн энэ үед Дэлгэрцэцэгийг худалдагчаар ажиллуулах болсон. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дэлгэрцэцэгийн цалинг өгчихөөд 7 хоногийн дараа бид хоёр хамт сууж байгаад бараагаа тоолж үзтэл 585.000 төгрөгийн бараа дутсан байхаар нь чи бараа дутаасан байна шүү дээ гэсэн чинь юу ч дуугарахгүй дуугүй суугаад байсан. Би тэр үед юу ч хэлэлгүй Дэлгэрцэцэгийг үлдээгээд явсан. Би тухайн үед тооллого хийхдээ үнийн дүнгээр нь гаргаад Дэлгэрцэцэгт хэлээд бараа дутсан байна шүү дээ гэж хэлж байсан боловч Дэлгэрцэцэг маш сандраад юу ч дуугарч чадаагүй. Мөн үнийн дүнг хэлсэн, хүлээн зөвшөөрч байсан. Би гомдолтой байна. Дэлгэрцэцэгийн дутаасан барааны 730.000 төгрөгийг гаргуулан авмаар байна” гэх мэдүүлэг /хх-17х/,

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-6х/, 

Орлого, зарлагын бүртгэлийн дэвтрийн хуулга /хх-8-15х/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-25х/,

Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-26х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-27х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр Лувсанбаярын Дэлгэрцэцэг нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 01-ний өдөр “Алтжин Бөмбөгөр” худалдааны төвийн лангуунд ажиллаж байхдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 730.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 730.000 төгрөгийн хохирол учруулан хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 730.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Л.Дээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.  

Шүүх шүүгдэгч Л.Дт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч Л.Дийн хохирол нөхөн төлөх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  тус тус дурьдав.