| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08450/И |
| Дугаар | 6590 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 6590
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2043149 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө 4 дүгээр хороолол 10 дугаар байшинд оршин байх Гурванбилэг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5760674 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 24,31 тоотод оршин байх Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 23.202.400 /хорин гурван сая хоёр зуун хоёр мянга дөрвөн зуу/ иргэний .
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Батболд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-тай 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК нь чанарын шаардлага хангасан дүүргэлтийн хөнгөн бетон блокийг бэлтгэн манай компаний өмчлөлд шилжүүлэн өгөх ба манай компани бүх төлбөрийг 100 хувь бартераар төлж барагдуулахаар тохирсон. Ингээд нийлүүлэгч талаас нийт 45.000.000 төгрөгийн үнэ бүхий 392 м.куб дүүргэлтийн хөнгөн бетон блокыг нийлүүлж, манай компани гэрээний нийт дүн болох 45.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий Ford expedition маркийн автомашиныг нийлүүлэгч талын өмчлөлд төлбөр тооцоо бүрэн дууссаны дараа шилжүүлэхээр тохирсон. Ингээд гэрээ байгуулсаны дараа Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК нь бараа нийлүүлэх хугацааг гэрээнд зааснаас байнга хугацаа хожимдуулан нийлүүлдэг байсан мөн гэрээнд зааснаас чанаргүй бараа нэг удаа нийлүүлж байсан. Гэрээнд зааснаар нийт 392 м.куб хөнгөн блокоо авсны дараа машинаа тус компаний өмчлөлд шилжүүлэх байсан боловч олон удаа нэр дээр шилжүүлэхийг гуйсан учраас итгээд машиныг өмчлөлд нь шилжүүлэн өгсөн. Гэтэл Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК автомашинаа өмчлөлдөө шилжүүлэн авсны дараа блокоо нийлүүлэх нь хойрогшиж, маш их нэхэл дагал болж, удаа дараа шаардуулж байж гэрээнд зааснаас харьцангуй цөөхөн блок нийлүүлдэг болсоор, блокоо нийлүүлэхээ больж сүүлдээ захирал Н.Таванбаяр нь утсаа ч авахаа больсон учир бид ажил зогсох гээд байсан тул өөр компаниас хөнгөн бетон блок авч ажлаа үргэлжлүүлсэн. Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК нь гэрээнд заасан нийт 392 м.куб хөнгөн бетон блокоос 250 м.кубыг нийлүүлсэн байдаг. Мөн гэрээний 6.1-д заалтыг үндэслэн чанарын шаардлага хангахгүй 2.300.000 төгрөгийн үнэ бүхий 20 м.куб хөнгөн блок нийлүүлсний улмаас буцаасан. Тус компани удаа дараа гэрээний үүргээ зөрчсөөр гэрээний хугацаа дууссан тул дутуу нийлүүлсэн хөнгөн бетон блокын үнэ 16.330.0000 төгрөг, чанаргүй хөнгөн бетон блокын үнэ 2.300.000 төгрөг, гэрээнд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 4.572.400 төгрөг нийт 23.202.400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Манай Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-ийн нэр дээр 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Гурван билэг ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Цогтбилэгээс 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу гэрээний үлдэгдэл болох 142 м.куб дүүргэлтийн хөнгөн блокны үнэ 16.330.000 төгрөгийг чанарын шаардлага хангаагүй 20 м.куб дүүргэлтийн хөнгөн блокын үнэ 2.300.000 төгрөг болон гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алданги 4.572.400 төгрөг нийт 23.202.400 төгрөгийн нэхэмжлэл ирсэн. Уг нэхэмжлэлд дурдагдсан мөнгөн дүн болох 23.202.400 төгрөгөөс бараа бүтээгдэхүүний үлдэгдэл болох 142 м.куб буюу 16.330.000 төгрөгийг дүүргэлтийн хөнгөн блокоор эргэн төлнө. Мөн чанарын шаардлага хангаагүй 20 м.куб блокийн хамт нийт 162 м.куб нийлүүлнэ. Үнийн дүнгийн алданги болох 4.572.400 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу 100 хувь бартераар 45.000.000 төгрөгт тооцож авсан Форд экспедишн маркийн автомашиныг 2016 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрийн үйлдвэрийн үйл ажиллагааг үргэлжүүлэн явуулахын тулд худалдан борлуулахаар тохиролцон иргэн О.ганзоригтой гэрээ хийн тус автомашиныг иргэн О.Ганзоригийн нэр дээр шилжүүлсэн боловч одоог хүртэл төлбөр тооцоо хийгдээгүй улмаас Гурванбилэг ХХК-д нийлүүлэх дүүргэлтийн хөнгөн блокын үйлдвэрлэл зогссон болно гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Гурванбилэг ХХК нь хариуцагч Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-нд холбогдуулан гэрээний үндсэн үүрэгт 18.630.000 төгрөг, алданги 4.572.400 төгрөг нийт 23.202.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Хариуцагч гэрээний үндсэн үүрэг болох 18.630.000 төгрөгийг бүтээгдэхүүнээр төлнө, алдангийг төлөх үндэслэлгүй гэж маргасан.
Гурванбилэг ХХК нь 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдөр Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-тай Бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-иас 2016 оны 6 дугаар сарын 28-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн хугацаанд 392 м.куб дүүргэлтийн хөнгөн бетон блокийг /1 метр кубыг 115.000 төгрөгөөр тооцож/ 45.080.000 төгрөгөөр авах, төлбөрийг 100 хувь эд хөрөнгө солилцоогоор хийхээр талууд харилцан тохиролцож, Гурванбилэг ХХК нь дүүргэлтийн хөнгөн бетон блокын үнэд Форд экспедишн / Ford expedition/ маркийн автомашиныг Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-нд 45.000.000 төгрөгөөр тооцон шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бэлтгэн нийлүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр арилжааны гэрээ байгуулагджээ.
Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.1-д зааснаар нийлүүлэгч буюу хариуцагч нь 392 м.куб дүүргэлтийн хөнгөн бетон блокийг нийлүүлэхээс 250 м.куб дүүргэлтийн хөнгөн бетон блокийг нийлүүлж үүнээс 20 м.куб нь чанарын шаардлага хангаагүй улмаас нийлүүлэгчид буцааж, нийт 230 м.куб дүүргэлтийн хөнгөн бетон блокыг нийлүүлсэн ба худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээний 3.2-т зааснаар Форд экспедишн /Ford expedition/ маркийн автомашиныг нийлүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй болно.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол гэрээнээс татгалзах эрхтэй, 225 дугаар зүйлийн 225.2-т үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзнэ гэж тодорхойлсон. Гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдгийг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шудрагаар гүйцэтгэнэ гэсэн зохицуулалтаар тайлбарлах бөгөөд хариуцагч нь үүргээ хугацаанд зохих ёсоор гүйцэтгээгүй болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагчийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар албан бичиг зэргээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 273 дугаар зүйлийн 273.1-д арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаархи энэ хуулийн холбогдох заалтууд хамаарна гэж, мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдолыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж тус тус заасан.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т нэг метр куб дүүргэлтийн бетон блок нь 115.000 төгрөгийн үнэтэй, 6.1-т бэлтгэн нийлүүлэгч нь гэрээг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол: гэрээний нөхцөл зөрчсөнөөс учирсан хохирлыг худалдан авагчид бэлэн мөнгөөр нөхөн төлнө. ..бэлтгэн нийлүүлэгч нь.. зохих ёсны чанар бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй бол чанаргүй бараа бүтээгдэхүүний үнийг нөхөн ... төлнө гэж зааснаар нэхэмжлэгч нь дутуу нийлүүлсэн дүүргэлтийн хөнгөн бетон блокийн үнэ /142х115.000=16.330.000/ төгрөг, чанаргүй нийлүүлсэн дүүргэлтийн хөнгөн бетон блокийн үнэ /20х115.000=2.300.000/ төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас талуудын хооронд байгуулсан гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 9 дүгээр сарын 29-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлээгүй болон доголдолтой чанаргүй нийлүүлсэн дүүргэлтийн хөнгөн бетон блокийн үнэ 18.630.000 төгрөгөөс алданги тооцож 4.572.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагчийн нийлүүлээгүй дүүргэлтийн хөнгөн бетон блокийн үнэ 16.330.000 төгрөгөөс алданги тооцоход /81650төгх66хоног=5.388.900/ төгрөг гарч байх бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагчаас 4.572.400 төгрөгийг алдангид гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.
Хариуцагчийн Форд экспедишн маркийн автомашиныг бусдад худалдаж төлбөр тооцоо хийгдээгүй улмаас Гурванбилэг ХХК-д нийлүүлэх дүүргэлтийн хөнгөн блокын үйлдвэрлэл зогссон гэсэн үндэслэлээр алданги төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч татгалзалын үндэслэлээ нотлох үүргэээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-иас 23.202.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гурванбилэг ХХК-нд олгох нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-иас 23.202.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гурванбилэг ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тэнгэрийн хишигт мөргөмүй ХХК-иас 274.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гурванбилэг ХХК-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ