Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 901

 

 

 

 

 

 

 

 

2019          11          22                                  2019/ШЦТ/901

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулахаар саналыг шүүхэд ирүүлсэн Бичээч овогт Ж.Тд холбогдох эрүүгийн 1911 02526 1161 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн Бичээч овгийн Ж.Т, Улаанбаатар хотод 1986 оны 06 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 33 настай, дээд боловсролтой, дизайнер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Астра велла хотхоны 207-2-49 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .................................................

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 27-524 тоотод төрсөн ах Ж.Энхбатад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элэгний хорт хавдартай буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

          Улсын яллагч А.Нямсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ж.Т нь хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд түүнд ял шийтгэл оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Улсын яллагчийн зүгээс гаргасан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг зөвшөөрч байна. Тусгайлан гаргах саналгүй гэв.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ариунаа шүүхийн хэлэлцүүлэгт: “Бид 2003 онд танилцаад 2007 онд гэр бүл болсон. 2008 онд анхны охин минь төрсөн, мөн хоёр хүүтэй. 2015 оны 03 дугаар сараас эхлэн сэтгэцийн хөөрөлийн өвчнөөр өвчилж эхэлсэн. Энэ нь ажлын ачаалалын улмаас илэрсэн байдаг. Нойргүйдлийн улмаас илэрсэн өвчин юм. 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр сэтгэцийн эрүүл мэндийн байгууллагаар явж эмчлүүлсэн. Намрын үед хөөрөл нь эхэлдэг. Хаврын улиралд гутралд ордог. Манай хүн арван жил төгссөн, их дээд сургуульд суралцаж байгаад гэр бүлийн байдлаас болоод төгсөж чадаагүй. Суурь гэр бүлийн харицаанаас үүссэн өөрийгөө илэрхийлэх чадвар муутай, ичимхий бүрэг зантай. Энэ зан байдлаас болж ахтайгаа буруу ойлголцсон байх. Ахыгаа өвчтэй гэдгийг мэдэж байсан хэдий ч өөрийн үйлдлээ хянаж чадахгүйгээр ийм үйлдэл гаргасан. Өвчин нь сэргээд ирэхээр нь миний хэлж ярьж байгаа зүйлийг ойлгохгүй ч юм уу хэлж ярьж байгаа үгийг минь сөргөдөг” гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Ж.Энхбат мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...тухайн шөнө 03 цагийн орчим Тодрол над руу залгаад намайг ирээд 3,4-р хороололоос ав гээд согтуу яриад байхаар нь би түүнд миний бие өвдөөд байна явах боломжгүй байна гэж хэлсэн чинь Тодрол “ирж авахгүй бол би машинаараа машинтай мөргөлдлөө” гээд м анай Энхбаяр гэдэг ахыг ална гээд сүрдүүлээд байхаар нь би түүнд чи ямар ч байсан манайд хүрээд ир гэж хэлсэн. Түүнээс 10 орчим минутын дараа хашааны хаалга дуугараад чанга хөгжим тоглуулсан машин хашаанд ороод ирэх шиг болсон. Тэгэхээр нь би Тодрол орж байгааг нь мэдээд мөн өөрийгөө түүнийг хориглож дийлэхгүй гэдгээ мэдээд эхнэртээ цагдаа дууд гэж хэлсэн. Эхнэр цагдаад дуудлага өгөөд байж байтал гэрийн дотроосоо цоожтой байсан хаалгыг эвдээд Тодрол ороод ирээд миний зүүн хацар луу 1-2 удаа алгадаж “чи угаасаа үхнэ би шархадны хүн надад хууль үйлчлэхгүй чамайг алсан ч яадаг юм бэ” гээд байсан. Үүний дараа миний нүүр лүү гараараа олон удаа цохиод намайг унагаасан. Би элгээ хамгаалаад эвхрээд суутал миний нүүр лүү олон удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Энэ үед манай эхнэр гэрт байхгүй болсон байсан. Тодрол ээжийг авч явна гэсэн чинь ээж Энхтуяа нь түүнийг надаас дагуулж холдуулах гээд хамт явъя гээд түүнийг дагуулж гарах гэж байтал Тодрол гал тогооны шүүгээнээс заазуур аваад над руу шидсэн чинь заазуур нь миний зүүн хөлний өвдөгний орчим онож гэмтээсэн. Тэгээд Тодрол ээж хоёр гадагшаа гараад явсан хойгуур би охин Намуунгоод шүүгээнээс бүх хутгануудаа нууж хураа гэж хэлээд түүгээр хутгануудаа буйдангийн доод хөндийд нуулгасан. Удалгүй Тодрол орж ирээд “би танайханыг бүгдийг нь ална” гээд намайг дахин шанаа нүүр лүү гар хөлөөрөө цохиж өшиглөсөн. Тэгээд Тодрол хутга хайж яваад шүүгээнээс нэг халив /отвертка/ аваад над руу ирж миний зүүн мөрөнд 1-2 удаа хатгаж зоосон. Удалгүй цагдаа ирээд Тодролыг аваад явсан. Хэрэв би хутгануудаа нуугаагүй бол Тодрол намайг алах байсан гэж бодож байна. Түүний өвчин нь их хүндэрсэн байна лээ. Мөн манай 2 хүүхдийг ална гээд сүрдүүлээд байдаг юм. Үүнээс их айж байна. Уг гэмтлүүдийг бүгдийг нь Тодрол надад учруулсан. Тухайн үед надад хэлэхдээ “намайг жаахан байхад та намайг зодсон одоо би хариугаа авна” гэж хэлээд зодоод байсан. Тодрол архи уусан байсан, нилээн согтуу байсан ...”гэх мэдүүлэг /хх-25-26х/,

Гэрч Б.Дэлгэрмаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэртээ нөхөр, 1 хүүхэд болон хадам ээжийн хамт унтаж байхад нөхрийн төрсөн дүү Тодрол 04 цагийн орчим  миний утас руу залгаад “би хороололд согтуу явж байна, намайг ирээд ав. Би донор хайгаад хэд хоног нойргүй явж байхад та нар унтаад ногоороод байх юм” гээд уурлангуй сүрдүүлсэн байдалтай ярьсан. Тодролыг дэмийрдэгийг нь мэдэх болохоор Энхбат утас аваад түүнтэй ярилцаж байгаад салгасан чинь удахгүй дахин залгаад манай нөхөр түүнтэй утсаар ярьж байгаад салгаад унтах гэж байтал нэг их удалгүй хашааны хаалга түр тар хийж гаднаас машин хаалга дайраад ороод ирсэн. Тэгэхээр нь Тодролыг ирж байна гэдгийг мэдээд сэтгэцийн өвчтэй болохоор яаж ч магадгүй гэж бодоод цагдаа руу утсаар залгаж байтал байшингийн хаалгыг эвдээд Тодрол ороод ирсэн. Энэ үед бид нар сэрээд босоцгоосон байсан. Тодрол орж ирэнгүүтээ гэрэл асаагаад шууд Энхбат руу дайраад байхаар нь би саад болох гэж оролдсон чинь намайг түлхэж холдуулаад Энхбат руу явж очоод алгадаж унагаагаад хөлөөрөө түүний нүүр лүү өшиглөөд байхаар нь айгаад хажуу айл руу орж хүн дуудаж ирэхээр байшингаас гарч явсан явж байхдаа утсаар цагдаад дуудлага өгөөд хажуу байшинд байсан Баагий, Жанка нарыг дуудаж гэрт болж байгаа зүйлийн талаар хэлж тусламж хүссэн чинь Баагий Жанка нар манай байшин руу гүйгээд орсон. Би тэдний гэрт үлдээд цагдаа руу дахин ярьчихаад гэр лүүгээ явж байтал өөдөөс Баагий Жанка нар гүйгээд гараад ирсэн. Араас нь Тодрол хөөгөөд гараад ирсэн. Гартаа ямар нэг зүйл барьсан байсан эсэхийг сайн анзаараагүй. Тэгэхээр нь бид гурав зугтаад хажуу айлын байшин руу ороод хаалгаа онгойлгохгүй гээд бариад байж байтал Тодрол гаднаас хаалга татаад бараг эвдсэн. Хаалга онгойгоогүй болохоор байшингийн цонхыг гараараа цохиж хагалаад араас нь усны тэрэгний дугуй авч шидэж уг дугуй нь байшин дотор ороод ирсэн. Тодрол хагарсан цонхоор цээжин биеэ оруулж ирээд “чи хүүхдүүд оруулж ирж яах гэж байгаа юм. Чи гараад ир” гэхээр нь би “би айгаад байна. чи намайг яах ч үгүй биз дээ” гэсэн чинь “гарч ирэхгүй бол би өөрөө яваад орно шүү” гээд сүрдүүлээд байхаар нь би байшингаас гарсан чинь намайг нэг удаа алгадаад намайг машинаа хашаанаас гарга гэхээр нь би машиныг нь бариад хашааны гадаа гаргасан чинь компанийн тамга тэмдэг, машин тэрэгний талаар янз бүрийн авцалдаагүй зүйлс яриад байсан. Тодрол гүйгээд манай байшин руу орсон араас нь хадам ээж, түүний араас би яваад орсон чинь Тодрол газар зассан гудсан дээр усны шар өнгийн усны сав тавиад сууж байсан уг сав нь цус болсон харагдаж байсан. Энхбат хажууд нь орон дээр нүүр нь хавдаж цус гарсан байдалтай сууж байсан. Тодрол Энхбат нар юм яриад сууж байснаа гэнэт Тодрол “алнаа” гээд босоод гал тогооны шүүгээ рүү очихоор би араас нь очиж шүүгээг нь онгойлгуулахгүй гээд түлхэж байсан чинь Тодрол хагас онгойлгоод дотроос нь жижигхэн иргүй хутга аваад эргээд Энхбат руу явж байснаа буцаж ирээд уг хутгаа шүүгээний орчим хаяад дахин шүүгээг онгойлгох гэж ноцолдож байгаад дотроос нь улбар шар өнгийн иштэй цэцгэн толгойтой отвертка гаргаж ирээд шууд Энхбат руу явж очоод түүний зүүн мөрний орчим нэг удаа хатгасан. Тодрол архи уусан байсан. Тодрол 2014 оны орчмоос эхлэн сэтгэцийн өвчтэй гэж оношлогдож сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байсан. Охин Номуунгоо хэлэхдээ “Тодрол ах аавыг зодоод амнаас нь гарсан цусыг нь амнаас нь сорж уусан” гэж хэлж байсан. Ийм мэт үйлдэл гаргаад байгаа болохоор уг хүнээс их айж байна ...” гэх мэдүүлэг /хх-37-38х/,

Гэрч Н.Бауржан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө гэртээ эхнэр болон дүүгийн хамт унтаж байтал гаднаас Дэлгэрмаа эгч орж ирээд “Энхбатыг Тодрол зодоод байна, ороод салгаад өгөөч гэхээр нь би босоод өмдөө өмсөөд дээгүүрээ нүцгэн гараад хажуу талын байшин руу гүйгээд орж явтал үүдний амбаарт Тодролтой таарсан бөгөөд Тодрол гартаа хутга юм уу отвертка шиг зүйл барьчихсан байсан. Тэгээд “та муу хэдийг алнаа” гэхээр нь айгаад буцаж зугтаагаад гэрийн үүдэнд байсан Дэлгэрмаа, эгч болон миний араас ирж явсан дүү Бахатжаны хамт байшин руугаа ороод хаалгаа дотроос нь бариад зогсож байтал Тодрол хаалган дээр ирээд хаалга онгойлгох гээд татаж байгаад хаалганы бариул нь эвдэрсэн чинь усны тэрэгний салсан байсан дугуй аваад цонх руу 2 удаа шидэж хагалсан. Эхний шидэлтээр вакум цонхны гадна талын шил нь цуурсан бөгөөд 2 дахь шидэлтээр цонх бүрэн хагарсан. Тэгээд Тодрол хагарсан цонхоор толгойгоо оруулж ирээд “Дээгий гараад ир, наана чинь хэдэн залуу байгаа юм бэ наадуулыг чинь ална гээд байсан. Дээгий эгч ганцаараа байшингаас гараад явахаар нь би айгаад дүүгийн хамт цаад талын өрөөндөө ороод хаалгыг нь хааж нуугдсан. Хэсэг хугацааны дараа цагдаа ирсний дараа байшингаас гарахад Тодролыг цагдаа нар аваад машиндаа суулгаж байсан. би цагдаа нар Тодролыг аваад явсаны дараа Энхбатын гэр лүү орсон чинь Энхбатын хэвтэж байсан гэх орны давуу хөнжил нь цус болсон байсан. Энхбатын нүүр нь хавдаж тагларсан, цус болсон байсан. Түүний зүүн мөр болон аль нэг хөлний өвдөгний орчим зүсэгдсэн шарх харагдаж байсан. Тодролын биед ил харагдахаар шарх гэмтэл харагдаагүй. Нүүрний хамарны орчимд нь цус болсон байсан бөгөөд сүүлд сонсоход Энхбат ахын хамар амнаас гарсан цусыг уугаад байсан гэж Дэлгэрмаа эгч хэлж байсан ...” гэх мэдүүлэг /хх-41-42х/,

Гэрч Н.Бахатжан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Дэлгэрмаа эгч орж ирээд “Бат ахыг чинь хүн зодоод байна” гэхээр нь ах бид хоёр хувцсаа өмсөөд ах түрүүлээд гэрээс гараад явсан би араас нь гэрээс дөнгөж гарсан чинь ах буцаад гүйгээд ирсэн бөгөөд намайг буцаад хурдан гэртээ ор гээд бид хоёр хамтдаа гэртээ орсон. Араас Тодрол гэх хүн хамарны орчим нь цус болсон байдалтай гүйж ирж байгаа харагдсан. Энэ үед Дэлгэрмаа эгч бид гурав манай байшин руу ороод ах Бауржан хаалгаа дотроос нь татаад Тодролыг гэртээ оруулахгүй гээд үлдсэн. Би айгаад цаад өрөө рүүгээ ороод хаалгаа хаасан. Ах Бауржан болон Дэлгэрмаа эгч нар уг өрөөнд үлдсэн юм ...байшингийн цонх хагарч байх чимээ сонссон ...” гэх мэдүүлэг /хх-43-44х/,

Шүүгдэгч Ж.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 04 цаг өнгөрч байхад өөрийн ах Ж.Энхбатын гэрт очсон. Гэрийнх нь үүдэнд очоод машин дотроо пиво уугаад ахтайгаа утсаар ярьж маргалдснаа бодоод уурандаа тэдний хаалгыг машинаараа мөргөж ороод Энхбатын гэрт яваад орсон чинь ээж Энхбат ах, Дэлгэрмаа, дүү Номунгоо нар байж байсан. Би оронгуутаа би Энхбатад хандаж “чи яасан их баашилж ээжийг зовоож хандаггүй новш вэ” гээд ахтайгаа маргалдаж байгаад шүүгээнээс нь нэг цагаан өнгийн хутга аваад Энхбат руу шидээд “чаддаг юм бол намайг алчихаач. Чи намайг хар нялхаас минь намайг зодож тамлаа биз дээ. Одоо ээжийг тамлах гээ юу” гэж хэлсэн. Тэгээд гуталтай хөлөөрөө Энхбатын элгэнд нь хүрэлгүйгээр түүний эрүү нүүр орчим нь 2-3 удаа өшиглөсөн. Үүний дараа гал тогооны шүүгээнээс отвертка аваад Энхбат руу дөхөж очоод ...түүний зүүн мөрөнд нэг удаа отверткаараа хатгасан. Гаднаас хэдэн эрэгтэй хүн ороод ирэх шиг болохоор нь би өөдөөс нь гүйсэн чинь уг хүмүүс эргээд зугтахаар нь араас нь хөөгөөд хажуугийн байшин руу очсон. Уг хүмүүс хаалгаа дотроос нь түгжээд онгойлгохгүй болохоор нь цонхыг нь гараараа хагалсан. Усны тэрэгний дугуйг аваад хагалсан цонх руугаа шидсэн. Би нилээн архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн өдөр намайг Энхбат болон өөр хэн нэгэн зодож цохисон зүйл болоогүй ...” гэх мэдүүлэг /хх-78-79х/,

Гэрч Х.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай хүү Тодрол нь 2014 оноос сэтгэцийн өөрчлөлттэй болж сэтгэцийн эрүүл мэндийн төвийн хяналтанд хэвтэж эмчлүүлдэг. 2019 оны 09 сарын 16-ны өдөр эмнэлгээсээ гарч гэртээ ирсэн. Манай хүү хавар намрын цагт сэтгэцийн өөрчлөлт орж элдэв янзын дэмийрлийн байдалтай үг ярих болсон. Сүүлийн үед гэрийнхнээ ална гээд заналхийлээд орилоод байдаг болсон ...”, “...гэр бүлийнхнээс нь Шар хадны эмнэлэгт үзүүлээд сэтгэл хөөрөл гэсэн оноштойгоор уг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Түүнээс хойш өвчин нь жил ирэх тусам хүндрээд байгаа юм. Тодрол нь архи ууж болохгүй эмчийн заалттай байдаг юм. Архи уухаараа сэтгэл хөөрлийн өвчин нь их болдог. Амархан сэтгэлээр унаад сэтгэл нь гутраад байдаг. Огцом уур уцаартай болсон ..." гэх мэдүүлэг /хх-32-35х/,

Насанд хүрээгүй гэрч Э.Номиунгоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тодрол хоолны шүүгээ рүү очоод нэг заазуур аваад аавын хөл рүү шидсэн ...аав надад хутгануудаа нуугаарай гэхээр нь би хутгануудаа буйдангийн доор нуусан ...буцаж орж ирээд дахин шүүгээ рүү очиж дотроос нь отвервка аваад аавын мөрөнд нь нэг удаа зоогоод буцаагаад аваад хаясан ...уг асуудлаас өмнө Тодрол ах манай дүү бид хоёрыг ална гэж яриад байсан ...” гэх мэдүүлэг /хх-39-40х/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №1177 дугаартай дүгнэлтэд:

  1. Ж.Т нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

2. Ж.Т нь сэтгэцийн хувьд F25.2 Шизоаффектив эмгэг, холимог хэлбэр, сэтгэл хөөрлийн хам шинж өвчтэй байна.

3. Ж.Т нь одоогоор хэрэг хариуцах чадваргүй байна.

4. Ж.Т нь дээрх гэмт хэргийг үйлдэх боломжтой байна” гэжээ /хх-60-65х/,

Шинжээч Ч.Ганхүү мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ж.Тын 3-н эмчийн бүрэлдэхүүнтэй үзээд санал нэгтэйгээр дүгнэлтийг гаргасан. Тодрол нь шинжилгээ хийхэд Шизоаффектив эмгэг, холимог хэлбэр, сэтгэл хөөрлийн хам шинж өвчтэй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл хөөрлийн хам шинж өвчтэй байсан байна. Иймээс хэрэг хариуцах чадваргүй. Ж.Тд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай бөгөөд энгийн тасагт 3-н сарын хугацаатайгаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагатай ...” гэх мэдүүлэг /хх-71х/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-88, 89х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-90х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 27-524 тоотод төрсөн ах Ж.Энхбатад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, элэгний хорт хавдартай буюу биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 11578 тоот дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу бэхжүүлж авсан хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Т нь F25.2 “Шизоаффектив эмгэг, холимог хэлбэр, сэтгэл хөөрлийн хам шинж өвчтэй байна. Одоогоор хэрэг хариуцах чадваргүй болох нь шинжээчийн дүгнэлт, хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар тогтоогдож байх тул прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлд заасан Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал ирүүлснийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд шүүх, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинжээчийн дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 сарын хугацаатайгаар энгийн тасагт хэрэглэж, уг арга хэмжээг Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг халив /отверка/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.