| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08503/И |
| Дугаар | 6591 |
| Огноо | 2016-11-14 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 6591
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Москва хороолол, 6 дугаар байр 34 тоотод оршин суух Дагвадоржийн Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5184037 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, Намьяанжүгийн гудамж АСКОМ ХХК-ийн байранд оршин байх Бүрэн цутгамал ХХК-нд холбогдох,
Гэрээний үүрэгт 18.530.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Цэцэгмаа миний бие хувиараа мод, модон материал худалдаалах бизнес эрхэлдэг бөгөөд Бүрэн цутгамал ХХК нь 2015 онд Шинэ яармаг төслийн хүрээнд угсралтын ажил хийж байх хугацаандаа буюу 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 10 удаа зарлагын баримт үйлдсэн төлбөрийг тухайн улиралдаа багтаан бэлнээр мөнгөөр төлөхөөр тохиролцож нийт 26.754.000 төгрөгийн дүн бүхий худалдан авалт хийсэн. Үүнээс 2015 оны 7 дугаар сарын 15-ны өдөр миний хувийн Хаан банк дахь 5125013795 тоот дансанд Бүрэн цутгамал ХХК БМ-ийн өглөг гэсэн утга бүхий 5.144.000 төгрөгийн шилжүүлэг, мөнх 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тус дансанд Бүрэн цутгамал ХХК-иас өглөг өгөв гэсэн утга бүхий 4.560.000 төгрөгийг тус тус нийт 9.704.000 төгрөгийн төлөлт хийсэн. Ингээд үүнээс хойг тохирсон хугацаа өнгөрсөн байхад худалдан авсан материалын төлбөрийн үлдэгдэл болох 17.050.000 төгрөгийг өгөөгүй байна.
... Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 17.050.000 төгрөг, үүрэг зөрчсний улмаас учирсан хохирол болох 1.480.400 төгрөг, нийт 18.530.400 төгрөгийг Бүрэн цутгамал ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Бүрэн цутгамал ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Д.Цэцэгмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Модон материал худалдан авах хэлцлээр шилжүүлсэн материалын төлбөрийн үлдэгдэл, үүнээс учирсан хохирол нийт 18.430.400 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэх гаргажээ. Манай компани 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 10 удаа нийт 26.754.000 төгрөгийн модон материал худалдан авсан. Үүнээс 3 удаа нийт 9.726.000 төгрөгийг төлсөн. Нягтлан бодох бүртгэлийн тооцоогоор Д.Цэцэгмаад 17.028.000 төгрөгийн өглөгтэй байна. Манай компани нь барилгын салбарыг хамарсан эдийн засгийн хямралд орсон бөгөөд энэ жил ямарваа нэгэн үйл ажиллагаа хийгээгүйгээс одоог хүртэл төлбөрөө төлж чадаагүй. Иймд бидэнд байгаа бараа материал болон тоног төхөөрөмжийг өглөгтөө дүйцүүлэн өгөх талаар санал болгосон ч Бидэнд танайхаас санал болгож буй бараа материал болон тоног төхөөрөмж хэрэггүй бэлэн мөнгө авмаар байна. гээд хүлээж аваагүй. Манайх 17.028.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа. Тодорхой хугацаанд график гарган төлөх хүсэлтэй байна гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Танай шүүхэд хянагдаж байгаа Д.Цэцэгмаагийн нэхэмжлэлтэй, Бүрэн цутгамал ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагчийн төлөөлөгч бид дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Үүнд:
1. Нэхэмжлэлийн шаардлага болох 18.530.400 төгрөгөөс хариуцагч 17.028.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөгийг 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр үлдэх 9.028.000 төгрөгийг төлж барагдуулах,
2. Нэхэмжлэл нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.502.400 төгрөгийг хасч хариуцагчаас дахин нэхэмжлэхгүй байхаар тохиролцов.
3. 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд албадан гүйцэтгэх ажиллагаа хийхэд гомдолгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нь хариуцагч Бүрэн цутгамал ХХК-д холбогдуулан 18.530.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болох 18.530.400 төгрөгийн 1.502.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Бүрэн цутгамал ХХК нь 17.028.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 9.028.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Д.Цэцэгмаа нэхэмжлэлийн шаардлага 18.530.400 төгрөгийн 1.502.400 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Бүрэн цутгамал ХХК нь 17.028.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 8.000.000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 9.028.000 төгрөгийг төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Бүрэн цутгамал ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251.000 төгрөгийн 50 хувь буюу 125.500 төгрөгийг улсын орлогоос, 125.500 төгрөгийг хариуцагч Бүрэн цутгамал ХХК-иас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.Цэцэгмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ