Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 908

 

 

 

 

 

 

 

 

 2019          11        28                                    2019/ШЦТ/908

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг, 

            улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

шүүгдэгч Д.А /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911019201120 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Шарилж овогт Д.А, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Увс аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Бүрэн алаг адуут, Мөнгөн Муфьт ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 16а-10а тоотод оршин суух,

урьд: Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 3 сарын хорих ялаар шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ......................................................

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжны 798 тоотод өөрийн авга ах болох Б.Мөнхбаттай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт виноны шил шидэж, эрүүл мэндэд нь зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, зүүн зулай, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, духны зүүн хэсэгт шарх зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, зүүн дух, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

          Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ах дүү нараараа нийлж байгаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Улмаар ахтайгаа маргалдаад виноны шил шидсэн” гэв.

Хохирогч Б.Мөнхбат мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 12-ны 17 цагийн үед наадам болсон байсан ба энэ үеэр ах, дүү нартайгаа гэртээ хорхог хийж идээд ах, дүү нарынхаа хамтаар 2 шил архи уучихаад хөзөр тоглож байгаад унтацгаая гээд унтаж байтал миний толгой руу архины шилээр цохиж гэмтээсэн ...оронд ороод хэвтэж байхад танайх сард хэдэн төгрөг хийдгийг чинь би мэдэж байна гээд юм яриад байхаар нь одоо харьж унт ах нь унтмаар гэж хэлтэл миний толгой руу архины шилээр 1 удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-11-14х/,

Гэрч Ч.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...өнөөдөр үп өнгөрч байхад манай нөхөр Б.Мөнхбат ах дүү нараараа манайд ирж бүгдээрээ хорхог хийж идэж тоглож наргисан. Мөн бүгд архи уух нь уугаад пиво уух нь уусан. Тэгэхдээ нээх сүртэй бол архи пиво уугаагүй. Тэгээд 01 цагийн үед өндөрлөөд унтацгаасан. Тэгээд миний амьсгаа давцдаад нэг сэрсэн чинь Алтанбаатар, Мөнхбат хоёрын дуу өндөрсчихсөн байсан. Тэгээд би тэр хоёрыг зүрх өвдөөд байна унтаач гэхэд за гэж хэлсэн. Тэгээд Мөнхбатыг орондоо орчихсон байхад Алтанбаатар орных нь урд суугаад үгээр идэж ёсөн шидээр хэлээд байсан. Тэгэхээр нь би чи урд гэр рүү орж унт гэсэн чинь би юу гэж гэртээ байж айлд орж унтах юм гэж хэлээд хэвтэж байсан чинь гэнэт Мөнхбатын толгой руу виноны шилээр үүртэл цохисон. Мөн намайг эхнэрийнх нь толгойг хагалж байсан гээд зодох гээд дайраад байсан. Тэгээд түргэн дуудаж үзүүлсэн чинь Мөнхбатыг ГССҮТ-д авчирсан. Мөнхбатын толгойн яс цууралттай байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-16х/,

Шинжээч Ш.Цэцэгмаа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...дээрх гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй, зулай хэсэгт цохих үед үүснэ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 буюу түүнээс дээш удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ ...” гэх мэдүүлэг /хх-24х/,

Яллагдагч Д.А мэдүүлэхдээ: “...Мөнхбат ах намайг зайл гээд байхаар нь би уурандаа уусан архины шил ширээн дээр байхаар нь аваад шидтэл толгой руу нь оночихсон ...Би Мөнхбатын ахын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-29х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №8628 тоот дүгнэлтэд:

“1. Б.Мөнхбатын биед зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн зулай, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт духны зүүн хэсэгт шарх, зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, зүүн дух, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-23х/,  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 07 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 22 дугаар гудамжны 798 тоотод өөрийн авга ах болох Б.Мөнхбаттай маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт виноны шил шидэж, эрүүл мэндэд нь зүүн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доор цусан хураа, зүүн зулай, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорхи цус харвалт, духны зүүн хэсэгт шарх зүүн шанаа, зүүн чихэнд зулгаралт, зүүн дух, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Аыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гэм буруутай этгээдэд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн /хх-14-15х/ ба прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.