| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0056/э |
| Дугаар | 59 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 59
2020 01 20 2020/ШЦТ/59
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “Ё” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номинзул
Улсын яллагч: С.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Р.Х(өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овогт РХягт холбогдох эрүүгийн 1909043151522 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 1966 оны 03 сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Дамбадаржаа хийдэд тогооч ажилтай, Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо амины орон сууцны 1-3 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт РХг, /РД: УХ 66030919/
1/ Холбогдсон гэмт хэргийн талаар: /Прокурорын 2020 оны 01 сарын 16-ны өдрийн 30 дугаартай яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Р.Хнь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаалин хийдийн хашаан доторх өөрийн гэртээ хохирогч Э.Дамдинрагчаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр, чих хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн чихний ар талд цус хуралт, баруун хөмсөгт шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн 1909043151522 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Дамдинрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр Дамбадаржаалингийн хийдэд ажлаа хийж байгаад гэртээ 21 цагийн орчим очиход аав Энэбиш чамайг хийдийн тогооч Хүрэлээ асуугаад байна манайд ороод ирээрэй гэж хэлээд гараад явсан гэсэн. Би Хүрэлээгийн гэр рүү орсон чинь Хүрэлээ согтуу байсан бөгөөд намайг архи авч өг гэхээр нь би надад мөнгө алга гэж хэлсэн чинь очоод зээлээд ир гэсэн юм. Лай чадахгүй би архи зээлж авч чадахгүй надад өгөхгүй гэсэн чинь намайг заамдаж аваад гараараа миний баруун нүд рүү 3-4 удаа цохиод би бултсан чинь миний зүүн чих рүү цохиж таарсан тэгээд би уйлаад гараад гүйсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-20 дугаар хуудас/
Шүүгдэгч Р.Хнь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Би 2019 оны 11 дүгээр сарын 13-ны орой гэртээ архи уусан байхдаа Дамдинрагчааг орж ирээрэй гэж аавд нь хэлсэн юм. Тэгээд Дамдинрагчааг орж ирэхээр нь архи авч өг гээд өгөхгүй, мөнгө байхгүй гээд гараараа үзүүлэхээр нь зээлээд аваад ир гэсэн чинь үгүй гээд толгой сэгсрэхээр нь би уурлаад заамдаж аваад нэг удаа цохисон тэгээд барьцалдаад дахин нэг удаа нүүр рүү нь цохисон юм. Тэгээд унахаар нь уучлалт гуйгаад сууж байгаад Дамдинрагчаа манайхаас гараад явсан ..” гэх мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 20 оны 11 сарын 20-ны өдрийн №13932 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Э.Дамдинрагчаагийн биед тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн чихний ар талд цус хуралт, баруун хөмсөгт шалбаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.Хнь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 21 цагийн үед Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дамбадаржаалин хийдийн хашаан доторх өөрийн гэртээ хохирогч Э.Дамдинрагчаатай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар нүүр, чих хэсэг рүү нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний зовхи, зүүн чихний ар талд цус хуралт, баруун хөмсөгт шалбаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Э.Дамдинрагчаагийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №13932 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Р.Хүрэлхуягийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Р.Хүрэлхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Р.Хүрэлхуягийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-34 хуудас/-аар тогтоогдож байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэн үзэх үндэслэлд хамааруулж харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Иймд Р.Хүрэлхуягт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Р.Хнь 2019 оноос одоог хүртэл “Данбадаржайлин” хийдэд манаачаар тогтвор суурьшилтай ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан “Данбадаржаалин” хийдийн 2019 оны 12 сарын 7-ны өдрийн 7/135 дугаар бүхий Тодорхойлолтоор нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгчийг эрхэлсэн тодорхой ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг хуульд заасан хугацааны дотор буюу шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Р.Хнь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нь хохирогч Э.Дамдинрагчаагийн дүү болох Амарбаясгаланд нь хохиролын мөнгө 420.000 / дөрвөн зуун хорин мянга/ төгрөг төлсөн талаар мэдүүлдэг бөгөөд хохирогч гомдол санал байхгүй, хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлүүлэх талаар хүсэлт / хх-ийн 41 хуудас / гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Раднаагийн Хүрэлхуягийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1.3, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хүрэлхуягийг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 550.000 / таван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хнь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хнь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Р.Хнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд зүйл хурааж битүүмжлээгүй, хохирогч Э.Дамдинрагчаад 420.000 / дөрвөн зуун хорин мянган/ төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш , эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасаны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Хгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН