Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 143

 

 

 

 

 

 

 

  2020     01         27                                      2020/ШЦТ/143

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч М.Ц. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдууланБ. овогт М.ын Ц.эд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00039 0122 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1991 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хилийн харуулчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 284 дүгээр ангид харуулчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт тус тус зааснаар 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б. овогт М.ын Ц..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Ц. нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17-335 тоот гэртээ хохирогч Т.М.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүр, толгойн тус газар нь цохиж, өшиглөж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, умайн доргилт, 11 дүгээр шүдний ганхалт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                  

                                                                        /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц. мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-ийн 2/

- Хохирогч Т.М.ын өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал манай нөхөр Д.Батмандахын найз М.Ц.ийн эхнэр Э.Оюундэлгэр гэх эмэгтэй 17:00 цагийн үед залгаад, манай нөхөр Д.Батмандах, түүний найз М.Ц., мөн Э.Оюундэлгэр нар “М.Ц.ийн гэрт хоол хийж идэх гэж байна, ирж хоол ид” гэж урьсан. Ингээд 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байрлах М.Ц.ийн гэрт очсон бөгөөд намайг очиход тэр гурав согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн хоёр том пиво тавьчихсан байсан ба бид 4 хоол хийж идсэн. Хоолоо идчихээд нөгөө гурав пивоо ууж эхэлсэн бөгөөд надад хоёр аягыг өгсөн. Ингээд байж байтал манай нөхөр Д.Батмандах болон М.Ц. хоёр нэлээн согтож эхэлсэн бөгөөд хоорондоо маргалдаад зодолдож эхэлсэн. Тэгэхээр нь би хажуу талаас нь салгах гэтэл М.Ц. миний гэдэс рүү  нэг удаа өшиглөсөн. Би жирэмсэн болохоор их эмзэглээд, буцаад орон дээр нь суусан. Тэгтэл М.Ц., Д.Батмандах хоёр зодолдохоо болиод хэрэлдэж эхэлсэн ба М.Ц. надтай бас хэрэлдэж эхэлсэн. Тэгснээ надтай хэрэлдэж, сандал дээр сууж байснаа сандлаасаа босоод над дээр ирээд, миний толгой хэсэг рүү гараараа  нэг удаа цохиод намайг унагаачихсан. Тэгэхээр нь би газраас босч ирээд М.Ц.ийг нэг удаа алгадсан. Ингээд байж байтал эхнэр нь манай нөхрийг “чи жирэмсэн эхнэрээ гомдоосон” гэж хэлэн толгой руу нь алгадаж эхэлсэн. Тэгэхээр нь би хувцсаа өмсөөд нөхөр дээрээ очоод “би чиний толгойд хүрч үзээгүй байхад айлын эхнэрт толгой тархи руугаа цохиулж, нүдүүлээд байх юм. Яасан арчаагүй юм бэ, явъя”  гэж хэлсэн бөгөөд манай нөхөр хөл дээрээ тогтож чадахгүй, согтуу байсан. Тэгэхээр нь би нөхрөө орхиод явъя гэж бодоод гэрээс нь гарах гэтэл М.Ц. араас ирээд нуруу хэсэг рүү өшиглөөд унагаасан. Ингээд би газар уначихаад босоод ирсэн бөгөөд бие сонин болоод байхаар нь сандал дээр хэсэг суутал М.Ц. дахиад намайг доромжлоод байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь хэрэлдэж байгаад цагдаа дуудлаа гэтэл “цагдаагаа дууд, чи надаас мөнгө авахгүй, би чамайг гэмтэл учруулахгүй зодсон, 50.000 төгрөг өгье” гэж хэлсэн. Тэгээд би “би чамаас мөнгө авахгүй, цагдаад өгнө” гэсэн чинь миний нүүр хэсэгт салаавч өгөөд 2 удаа гараараа нүүр лүү цохисон. Тэгтэл амнаас цус гараад эхэлтэл хажуу талаас эхнэр нь М.Ц.эд хандан “чи жирэмсэн хүн зодоод байна, боль” гэтэл М.Ц. “чи намайг өмөөрсөнгүй, хүний эхнэр өмөөрлөө” гэж хэлэн жижиг ширээ аваад ширээгээрээ эхнэрээ зодож эхэлсэн. Тэгэхээр нь би айгаад цагдаа дуудсан. Тэгтэл удалгүй цагдаа ирсэн бөгөөд гэрт нь орох гэсэн боловч М.Ц. хаалгаа түгжээд нээхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Гэрч Э.Оюундэлгэрийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Д.Батмандах, манай нөхөр М.Ц. болон миний бие манай гэрт хоносон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр босоод Д.Батмандах манай нөхөр бид хоёрт эхнэрээсээ салсан тухай ярьсан. Ингээд яриаг нь сонсоод бид гурав 1 том пиво хувааж уусан ба Д.Батмандах эхнэрээ дуудаад өгөөч, бид  хоёрыг эвлэрүүлээд өгөөч гэж гуйсан бөгөөд Д.Батмандах, Т.М. хоёрыг эвлэрүүлэхээр би Т.М. руу утсаар ярьж, дуудсан. Тэгтэл Т.М. 18:00 цагийн үед ирсэн ба манай гэрт ирээд бид 4 хоол унд хийж идээд, ойр зуурын юм ярин, дахин 2 том пиво уусан. Ингээд байж байгаад би Д.Батмандахыг загнасан бөгөөд 2-3 удаа нүүр хэсэгт нь алгадсан. Тэгтэл Д.Батмандах, Т.М. хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн бөгөөд Д.Батмандах Т.М.ыг нэг удаа гараараа хацар хэсэг рүү нь түлхчихсэн. Тэгтэл  хажуу талаас нь манай нөхөр М.Ц. Т.М.ыг өмөөрч, Д.Батмандахтай хэрэлдсэн бөгөөд тэр хоёр хоорондоо зодолдож эхэлсэн тул би болон Т.М. бид хоёр хажуу талаас нь салгасан. Тэгтэл Д.Батмандах гэрээс гараад явчихсан ба манай нөхөр М.Ц. үргэлжлүүлээд Т.М. руу “чамаас болж миний найз буруу тийшээ явж байна, манай гэрээс зайл” гэж хэлсэн. Тэгтэл Т.М. “чи намайг гэрээсээ хөөж, доромжиллоо” гэж хэлэн М.Ц.ийн толгой тархи руу нь цохисон. Тэгтэл М.Ц. уурлаад Т.М.ыг буцаагаад хацар хэсэг рүү нь нэг удаа алгадсан. Ингээд М.Ц., Т.М. хоёр хоорондоо хэрэлдэж эхэлсэн бөгөөд Т.М. Т.Ц.ийн толгой руу дахин цохихоор очсон. Тэгтэл М.Ц. буцаагаад хөл рүү нь өшиглөсөн бөгөөд Т.М. газар уначихсан байсан. Тэгэхээр нь би М.Ц.ийг “боль” гээд болиулсан бөгөөд Т.М. манай гэрээс гараад явчихсан. Ингээд би араас нь гараад эгчийнхээ гэр лүү явах гэтэл таксины мөнгө байхгүй байсан тул буцаад гэртээ иртэл М.Ц. хаалгаа түгжээд унтчихсан байсан. Харин хажууд нь Т.М. цагдаатай ирчихсэн зогсч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Гэрч Д.Батмандахын өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр найз М.Ц.ийн гэрт 15:00 цагийн үед очсон бөгөөд тус өдөр М.Ц.ийн гэрт хоносон. Ингээд маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М.Ц. болон түүний эхнэр Э.Оюундэлгэрийн хамт бид 3 пиво уусан ба би тэр хоёрт эхнэр Т.М.тай хэрэлдэж, маргалдсан байгаа талаараа  хэлсэн. Ингээд би Э.Оюундэлгэрээс эхнэр Т.М.тай эвлэрүүлээд өгөөч гэж гуйсан бөгөөд Э.Оюундэлгэр Т.М. руу утсаар яриад дуудсан ба манай эхнэр М.Ц.ийн гэрт 19:00 цагийн үед ирсэн. Ирэхээс нь өмнө М.Ц. надад хандан “би чамайг эхнэртэйгээ мууцалдсан тул нэг удаа цохиж хариуцлага хүлээлгэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “тэгье, нэг удаа намайг элэг рүү цохь, харин нүүр лүү цохихгүй шүү” гэж тохирсон. Ингээд эхнэр ирээд байж байсан бөгөөд М.Ц. намайг загнаад нэг удаа элэг рүү цохисон. Тэгтэл хажуу талаас нь Э.Оюундэлгэр согтсон байсан бөгөөд намайг “чи жирэмсэн эхнэрээ хөөгөөд, арчаагүй залуу вэ” гээд толгой, тархи руу цохиж эхэлсэн. Тэгтэл эхнэр хажуу талаас нь “чи одоо надад толгой руугаа цохиулж үзээгүй байж өөр айлын эхнэрт толгой руугаа цохиуллаа” гээд уурласан. Тэгтэл хажуу талаас М.Ц. манай эхнэртэй хэрэлдэж эхэлсэн бөгөөд М.Ц. эхлээд манай эхнэрийн толгой хавьцаа нь нэг удаа гараараа цохичихсон. Тэгэхээр нь миний уур хүрээд “чи муу миний эхнэрийг яахаараа цохидог юм” гээд ноцолдож эхэлсэн. Тэр үед би маш их хэмжээний согтолттой байсан. Ингээд нэг сэргэхэд гудамжинд ганцаараа сууж байсан бөгөөд тэндээс ганцаараа такси бариад найзынхаа гэр рүү яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаартай шинжээчийн:

1. Т.М.ын бие тархи доргилт, умайн доргилт, 11 дүгээр шүдний ганхалт, зүүн чамархайн хуйхны эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд  нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн байдлаас шалтгаална.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой”. Шинжээч эмч С.Чулуунсүх” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/,

- Яллагдагч М.Ц.ийн өгсөн: “...Т.М. миний толгой руу цохиод байхаар нь би 2 удаа мангастаж түлхэн, 1 удаа шанаа хэсэгт нь алгадаж, Т.М.ын биед гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42/,

Яллагдагч М.Ц.ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 32, 41/,

М.Ц.ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23, 30-37/,

Хохирогч Т.М., яллагдагч М.Ц. нараас гаргасан “гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай” хүсэлт /хх-ийн 47-48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас М.Ц. нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17-335 тоот гэртээ хохирогч Т.М.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүр, толгойн тус газар нь цохиж, өшиглөж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, умайн доргилт, 11 дүгээр шүдний ганхалт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд М.Ц. нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, хохирогч Т.М. нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул М.Ц.эд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: М.Ц. нь согтуурсан үедээ буюу 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелын 17-335 тоот гэртээ хохирогч Т.М.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж нүүр, толгойн тус газар нь цохиж, өшиглөж унагаан эрүүл мэндэд нь “тархи доргилт, умайн доргилт, 11 дүгээр шүдний ганхалт, зүүн чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Т.М.ын мэдүүлэг, гэрч Э.Оюундэлгэрийн мэдүүлэг, гэрч Д.Батмандахын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 635 дугаартай дүгнэлт, яллагдагч М.Ц.ийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Ц.ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

            Хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч М.Ц.ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 48 дугаар тал/

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: шүүгдэгч М.Ц.эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч М.Ц. нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч Т.М. гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр илэрхийлсэн байх тул М.Ц.эд прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б. овогт М.ын Ц.ийг хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц.ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Ц. нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Ц. нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

           5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.МӨНХТУЯА