Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 6642

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2623803 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг 4 дүгээр хороо, Баруун үйлдвэрийн гудамж 6/2 тоотод оршин байх Монгол Тамхи Со ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн СЦ69032805 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Сэлбийн 46-1009 тоотод оршин суух, Чулууны Сарантуяад холбогдох,

Гэрээний үүрэгт 2.492.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Тамхи Со ХХК нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гал сар уул дэлгүүрийг түрээслэн ажиллуулж байсан Ч.Сарантуяад 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр зээлээр нэгж үнэ нь 30.500 төгрөгийн үнэ бүхий 50 блок нийт 1.525.000 төгрөгийн үнэ бүхий Сүлд нэрийн тамхи 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр нэгж үнэ нь 11.900 төгрөгийн үнэ бүхий 10 блок нийт 119.000 төгрөгийн үнэ бүхий алтан навчис, нэгж үнэ нь 13.500 төгрөгийн үнэ бүхий 20 блок нийт 270.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өргөө нэрийн тамхи, нэгж үнэ 14.300 төгрөгийн үнэ бүхий 60 блок нийт 858.000 төгрөгийн үнэ бүхийулаан шонхор нэрийн тамхи, нэгж үнэ 16.600 төгрөгийн үнэ бүхий 8 блок нийт 132.800 төгрөгийн үнэ бүхий Dubliss blue нэрийн тамхи, нэгж үнэ 17.600 төгрөгийн үнэ бүхий 4 блок нийт 70.400 төгрөгийн үнэ бүхий Dubliss blue, нэгж үнэ 16.700 төгрөгийн үнэ бүхий 4 блок нийт 66.800 төгрөгийн үнэ бүхий алтан шонхор нэрийн тамхийг тус тус зээлээр өгсөн. Нийт нийлүүлсэн барааны үнэ 3.042.000 төгрөг болсон үүнээс Ч.Сарантуяа нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 525.000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 25.000 төгрөг нийт 550.000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 2.492.000 төгрөгийг 2016 оны 2 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар тохиролцсон. Талуудын тохиролцооны дагуу манай компаний ажилтанууд удаа дараа төлбөрөө төлөх талаар холбогдон шаардсаар 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 12/123 тоот Төлбөр барагдуулах гэрээ-г байгуулж гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон бөгөөд тус гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д төлбөр төлөгч нь энэхүү гэрээний 2.1-т заасны дагуу төлөх төлбөрийн үүргээ бүрэн буюу хэсэгчлэн биелүүлээгүй төлбөр тасалдсан тохиолдолд төлбөр авагч үлдэгдэл төлбөрийг шүүхийн журмаар нэхэмжлэл гаргуулна гэж харилцан тохиролцсон. Төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч Ч.Сарантуяа нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн төлбөрийг хэсэгчлэн төлж 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэхэд дуусгасан байх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг төлөөгүй байна. Иймд Ч.Сарантуяагаас 2.492.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол Тамхи Со ХХК нь хариуцагч Ч.Сарантуяад холбогдуулан 2.492.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Монгол Тамхи Со ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрүүдэд 3.042.000 төгрөгийн үнэ бүхий 7 нэр төрлийн бүтээгдэхүүнийг зээлээр худалдахаар хариуцагч Ч.Сарантуяатай тохиролцож, бүтээгдэхүүнийг хүлээлгэн өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан зарлагын падаан зэрэг баримтаар тогтоогдож байна.

Талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж нэхэмжлэгч тодорхойлж байх боловч энэхүү гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хүүтэй төлөхөөр тохиролцох, эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгддэг агуулгатай тул талуудын хооронд зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд хуульд уг гэрээг бичгээр байгуулах тусгай шаардлага байхгүй тул талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Зохигчдын хооронд 2016 оны 5 дугаар сарын 31-ны өдөр 12/123 дугаартай Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх бөгөөд гэрээний 2.1-д төлбөр төлөгч нь төлбөр авагчаас авсан бараа бүтээгдэхүүний төлбөр болох 2.492.000 төгрөгийг төлж барагдуулах үүргийг хүлээж, 2016.6.30-нд 800.000 төгрөгийг, 2016.7.30-нд 800.000 төгрөгийг, 2016.8.30-нд 892.000 төгрөг-ийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ болон хариуцагч Б.Сарантуяагийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн төлбөр төлөх тухай хүсэлт зэргээр нотлогдож байна.

Хариуцагч нь Төлбөр барагдуулах гэрээ-нд заасан хугацаанд төлбөрийг барагдуулаагүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас худалдсан бараа бүтээгдэхүүний үнийг шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Ч.Сарантуяагаас 2.492.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Тамхи Со ХХК-нд олгох үндэслэлтэй гэж үзэв.

Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гардуулж, хуульд заасан хугацааны дотор буюу 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тухай тайлбар болон нотлох баримтаа бүрдүүлж, шүүхэд ирүүлэх үүрэгтэйг тайлбарлсан байх боловч хариуцагч нь тайлбар болон ямар нэг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Мөн хариуцагчид шүүх хуралдааны товыг 2016 оны 11 дүгээр сарын 09-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтыг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Сарантуяагаас 2.492.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Тамхи Со ХХК-нд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54.822 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Сарантуяагаас 54.822 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Монгол Тамхи Со ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ