Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чирчинийн Одсүрэн |
Хэргийн индекс | 123/2017/0020/З |
Дугаар | 26 |
Огноо | 2017-08-29 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 26
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: иргэн П.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Зуунмод сумын Засаг даргад холбогдох,
Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Цэлмэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцгээ, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга, гуравдагч этгээд Б.Баярсайхан, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Цэлмэг шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Mиний бие 2016 оны 02 дугаар сараас Зуунмод сумын ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, дарга хэмээх албан тушаалд томилогдон ажиллаж байгаад Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн ба ажиллах хугацаандаа ажлаас чөлөөлөгдөх, халагдах ямар нэгэн алдаа гаргаагүй, хуулийн хүрээнд ажиллаж байсан. Гэтэл Төрийн албаны Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 тоот тогтоол үзүүлэн, ажлаас чөлөөлөх тухай хэлж, тус дүгнэлийг үндэслэн Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчин үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Би салбар зөвлөлийн тогтоолыг ажлаас халагдах үндэслэл болохгүй гэж үзэж байна. Би 1988 оноос улсад тасралтгүй 29 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2009 онд Төрийн албаны шалгалт өгөн тэнцсэнээр төрийн албанд томилогдон ажиллаж, энэ хугацаанд 2010-2014 онд Төв аймгийн БОАЖГ-т мэргэжилтнээр, 2014-2016 онд аймгийн УЦУОША-ны даргаар, 2016 оны 02 дугаар сараас Төв аймгийн Зуунмод сумын ЗДТГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч, даргаар тус тус ажиллаж байсан бөгөөд төрийн алба хаах хугацаанд хариуцсан ажлыг хууль, эрх зүйн хүрээнд үр дүнтэй гүйцэтгэн, үр дүнгийн гэрээг А, В үнэлгээтэй дүгнүүлж байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө маргаан бүхий актад холбогдох гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргасан боловч гомдлыг Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд шилжүүлсний дагуу, өргөдлийн хариуг хуулийн хугацаанд хүлээсэн боловч хариу ирээгүй тул 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр салбар зөвлөлийн даргатай утсаар ярьж өргөдлийн хариуг асууснаар 05 сарын 02-ны өдөр хариуг өөрийн биеэр очиж авсан бөгөөд хариуд нь Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадралын 2017 оны 01 сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хуульд нийцсэн гэж үзсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1, 24.1.2, 24.1.3, 23 дугаар зүйлийн 23.3. 23.3.1, 23.3.2, 23.3.4, 25 дугаар зүйлийн 25.1, 25.1.1, 25.1.2, 25.1.3-д заасан үндэслэлийн аль нь ч миний хувьд бодитоор бий болоогүй болно. Төрийн албаны тухай хуулийн 27.2.2-д зааснаар бүх шатны Засаг даргын бүрэн эрх дуусгавар болох, мөн энэ хуульд заасан улс төрийн албан тушаалтан уг албан тушаалаас өөрчлөгдөх нь төрийн жинхэнэ албан хаагчийг өөрчлөх үндэслэл болохгүй. Миний бие Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөсөн албан хаагч. Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 02 тоот захирамжид заасан Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.2-т зааснаар Засаг дарга бүрэн эрх байдаг. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д төрийн албан хаагчийн шагнал урамшуулалын талаар заасан. Мөн 31.4-д зааснаар ээлжийн амралтаа ажлын зайлшгүй шаардлагаар биеэр эдэлж чадаагүй учраас ээлжийн амралтын мөнгийг 1.5 хувиар бодож олгоно гэсэн заалт байдаг. Мөн хуулийн 39 дүгээр зүйлд төрийн жинхэнэ албан тушаалтыг эрх зөрчигдсэн талаар хянан шийдвэрлэх талаар заасан байдаг. Эдгээр заалтуудыг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолд тусгайлан гомдол гаргаагүй, өргөдөлдөө энэ тогтоолын тухай бичсэн. Би ажил үүргээ хангалттай гүйцэтгэж байсан. Хариуцагч талаас намайг ажлаа хийж байх хугацаанд алдаа зөрчил гаргасан гэж үзэж байсан бол сумын Засаг дарга өөрийн эрх мэдлийн хүрээнд сануулга, зөвлөмж өгөх, сургалтад хамруулах, ажлаа хийх боломжгүй гэж үзсэн бол хууль журмын дагуу ажлаас халах ёстой байсан. Энэ тухай захирамжид заагаагүй. Иймд Зуунмод сумын Засаг дарга Г. Мөнхбадралын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Зуунмод сумын Засаг дарга Г.Мөнхбадрал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэцгээ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
П.Цэлмэг Төв аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн 06 тоот тогтоолын дагуу сумын Засаг даргын 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн б/05 тоот захирамжаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд төсвийн шууд захирагчаар томилогдонхуулийн хүрээнд ажиллаж байсан гэжээ. Гэтэл дараах зөрчлүүдийг давтан гаргасан нь нотлогдож байна. Үүнд: 2016 оны 11 дүгээр сард Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн дүнгээр сумын Засаг даргын Тамгын газар нь хангалтгүй дүгнүүлсэн нь төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх ажлыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллаагүй. Тус үзлэгээр 18,194,727 төгрөгөөр сумын ЗДТГазар болон багуудын хэрэгцээнд зориулж компьютер, тоног төхөөрөмж зэрэг 10 нэр төрлийн бараа худалдан авахаар тусгасан ч худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй, худалдан авалтын гэрээ хийгдээгүй, тогтоолоор батлагдсан хөрөнгө болон үнийн дүнд өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал: Өрхийн эмнэлэгт вакцин хадгалах төхөөрөмж худалдан авна гэж тусгасан боловч цахилгаан мотор худалдан авсан. Мөн 18,194,727 төгрөгөөр худалдан авалт хийх байсан ч гүйцэтгэл нь 20,916,900 төгрөгийн худалдан авалт хийж батлагдсан төлөвлөгөөнөөс 2,722,173 төгрөг илүү зарцуулсан. Мөн замын хөдөлгөөний зохицуулагчийн цахим торгуулийн төхөөрөмж худалдан авахад 10,368,200 төгрөг тусгасан боловч 8,217,000 төгрөгөөр компьютер, принтер худалдан авч зориулалтын бусаар зарцуулсан. Худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулаагүй, гэрээ байгуулаагүй, цахилгаан техник тоног төхөөрөмжийн бүртгэлд аваагүй зэрэг нь Төсвийн тухай хуулийн 6.4.1, 24.4-д заасныг зөрчсөн Төв аймаг дахь Аудитын газрын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ҮАГ-НАГ/2016/ 04/НА-55-234 тоот албан шаардлага ирүүлсэний дагуу Зуунмод сумын ЗДТГ-ын төсвийн шууд захирагч П.Цэлмэг нь Шилэн дансны тухай 10.1-ийг зөрчсөн нь нотлогдсон, 2016 онд төсвийн ерөнхийлөн захирагчтай төсвийн шууд захирагч гэрээ байгуулж, хагас бүтэн жилээр дүгнүүлэх ёстой байтал үзлэгээр үр дүнгийн гэрээ байгуулж, дүгнүүлээгүй тухай зөрчил гарсныг илрүүлсэн. П.Цэлмэгийг сумын Засаг даргын 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6/02 тоот захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч П.Цэлмэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Зуунмод сумын Засаг даргын Б02 тоот захирамж нь Монгол улсын Засаг захиргааны нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь зааснаар захирамж гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх заалт нь ээлжийн амралтыг биеэр эдэлж чадаагүй учраас ээлжийн амралтын мөнгийг 1.5 хувиар бодож олгосон. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр 79.1-д зааснаар ээлжийн амралт зохицуулж өгсөн. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.6-д заасныг удирдлага болгосон. Төрийн албан хаагчийн гаргасан шийдвэрт гомдол гаргах эрхийг зааж өгсөн. Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолын биелэлтийг хангаж тус захирамжийг гаргасан. Төрийн албаны салбар зөвлөл 44 дүгээр тогтоолоор төрийн жинхэнэ албан хаагчийн удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг зөрчсөн гэж үзэж өмнө нь өөрийн гаргасан 06 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсон. Тус тогтоолоор П.Цэлмэгийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах боломжгүй болж байгаа. Нэхэмжлэгч талаас ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэсэнгүй гэж тайлбарлаж байна. П.Цэлмэгийг ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 24, 25, Хөдөлмөрийн тухай хуулийн 40, 41 дүгээр зүйлд заасан хэсэгтэй огт хамааралгүй. Ийм учраас 02 тоот захирамж нь хуулийн хүчин төгөлдөр гарсан гэж үзэж байна гэжээ.
Гуравдагч этгээд Б.Баярсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сард 28-ны өдөр 44 тогтоол гаргасны дагуу П.Цэлмэгийг ажлаас чөлөөлсөн. П.Цэлмэгийг ажлаас чөлөөлөгдсөний дараа Засаг даргатай уулзаж би өмнө 2012 онд Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд зааснаар чөлөөлөгдсөн. Өмнө би Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан гэж хэлж өргөдлөө өгсөний дагуу Тамгын газрын даргаар ажилд орсон. Төрийн албаны салбар зөвлөлөөс гарсан 44 дүгээр тогтоолыг биелүүлж ажилласан, Зуунмод сумын Засаг даргын 02 тоот захирамж үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүйболгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 06 дугаар тогтоолоор П.Цэлмэгийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилон ажиллуулах боломжтой гэж дүгнэн тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлснээр Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар П.Цэлмэг нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар томилогдон ажилласан. Харин Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор ...Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам зөрчсөн гэх үндэслэлээр дээр дурьдсан Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон. Уг тогтоолыг үндэслэн Зуунмод сумын Засаг дарга 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамжаар П.Цэлмэгийг тус сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 06, 44 дүгээр тогтоол, Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/05, 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
П.Цэлмэг нь Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан бөгөөд тус зөвлөл өргөдлийг Төв аймаг дахь салбар зөвлөлд шилжүүлсэн[1]. Төрийн албаны зөвлөлийн Төв аймаг дахь салбар зөвлөл 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 102 дугаар албан бичгээр Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б/02 захирамжаар таныг ажлаас чөлөөлөхдөө Төв аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 тоот тогтоолыг үндэслэл болгосон, ...Б/02 тоот захирамжийг хууль зөрчсөн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй"[2] гэсэн хариуг П.Цэлмэгт өгчээ.
Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар Төрийн албаны зөвлөл, салбар зөвлөл нь төрийн захиргааны албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан журмын дагуу сонгон шалгаруулж, нэр дэвшигчийн талаарх дүгнэлтээ ажилтныг томилох эрх бүхий байгууллагад өгөх бөгөөд уг дүгнэлтийг үндэслэн удирдах албан тушаалд ажилтныг томилох эрхтэй. Харин Төрийн албаны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу томилогдсон болон чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагч гомдлоо энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2-д заасны дагуу Төрийн албаны төв байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхээр байна.
Зуунмод сумын Засаг даргаар П.Цэлмэгийг томилон ажиллуулахаар нэр дэвшүүлсэн Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 2 дугаар сарын 24-ны өдрийн 06 дугаар тогтоолыг тус салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон байхад П.Цэлмэг энэ тогтоолтой холбогдуулан эрх бүхий байгууллагад гомдол гаргаагүй болох нь түүний Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолд тусгайлан гомдол гаргаагүй, өргөдөлдөө энэ тогтоолын тухай бичсэн гэсэн тайлбар, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 355 тоот албан бичиг, Төв аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 4 сарын 21-ний өдрийн 102 тоот албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Дээр дурьдсанаар Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолд холбогдуулан П.Цэлмэг гомдол гаргаагүй, өөр бусад байгууллагаас уг тогтоолыг хууль бусд тооцоогүй байх тул уг тогтоолыг хүчин төгөлдөр тогтоол гэж үзэх үндэслэлтэй.
Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байх тул уг тогтоолыг үндэслэн П.Цэлмэгийг ажлаас нь чөлөөлсөн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамж Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.6-д Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах, дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага болох Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор П.Цэлмэгийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллуулахаар нэр дэвшүүлэхдээ Улсын Их Хурлын 2003 оны 5 сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан журам зөрчсөн болохыг тогтоосон. Иймд Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийг Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 33 дугаар зүйлийн 33.4-д заасны дагуу Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулсан, мөн П.Цэлмэгийг хуульд заасан тусгай шаардлагыг хангаж, тухайн албан тушаалд томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Энэ байдлаас дүгнэхэд П.Цэлмэгийг албан тушаалаас нь чөлөөлсөн захиргааны акт түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хариуцагчаас П.Цэлмэг ажил албан үүргээ хангалтгүй биелүүлж байсан гэж тайлбарласан ч түүнийг ажлаас нь чөлөөлсөн захиргааны актад энэ тухай заагаагүй тул хариуцагчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.1.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2, 33 дугаар зүйлийн 33.4, 39 дүгээр зүйлийн 39.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч П.Цэлмэгийн Зуунмод сумын Засаг даргын 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн Б/02 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн олгуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОДСҮРЭН