Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 111/2020/0015/З |
Дугаар | 221/МА2021/0040 |
Огноо | 2021-01-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2021/0040
М.Б-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, гуравдагч этгээд Ж.О нарыг оролцуулан Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор М.Б-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, Монгол улсын иргэд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.3, 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б-ын гаргасан Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч М.Б давж заалдах гомдолдоо: “ ... Ж.О нь миний амьдарч байгаа байрны газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалттай ашиглахаар худалдан авсан мөртлөө тухайн газар дээр нийтийг эзэмшлийн орон сууц барьж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг зөрчиж, улмаар орон сууцаа 3 айлдаа зарж, тухайн орон сууцны газар болох 288 м.кв газрыг нийтийн эзэмшилд шилжүүлээгүй, хэсэгчлэн 125 м.кв газрыг өөрийн өмчлөлд үлдээсэн нь хуульд нийцэхгүй байна гэж иргэн миний хувьд үзэж байна. Шүүхийн шийдвэрт дурдсанаар “Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1-р багт байрлах Шинэ төгөл хотхоны анхны төлөвлөгөөний байршил кадастрын зургаас харахад барилгын хаалга нь ертөнцийн зүгээр хойд талдаа байхаар, байруудын хаалга өөд өөдөөсөө харж, дундуур нь машин зам явахаар, харин байшингийн урьд буюу нөгөө талын барилга хооронд зам төлөвлөгдөөгүй байжээ” гэсэн байна. Уг Шинэ төгөл хотхоны нэг ч барилга анхны төлөвлөгөөний дагуу баригдаагүй, эмх замбараагүй баригдсан барилгуудад анхнаасаа холбогдох газрууд нь хяналт тавиагүй байж, анхны төлөвлөгөөний байршил кадастрын зургаараа байшингийн хоорондох зай байх ёстой байсан 29 м.кв газрыг Ж.О нь надад худалдсан асуудлыг огт дурдаагүй, шүүхийн шийдвэртээ зөвхөн Ж О-ийн эрх ашиг талаас нь харсан байна.
М.Б миний бие нь Ж.О, түүний нөхөр нарын өмчлөлийн газраас 2017 онд худалдан авах гэрээгээр 29 м.кв өмчлөлийн газрын худалдаж авч байсан. Энэ газар дээрээ миний бие нь байшин барьж, Шинэ төгөл хотхоны 28 дугаар байрны 3 тоотод байрлах 43 м.кв орон сууцтайгаа залгаа нааж барьсан. Тухайн барьсан барилгынхаа хаалгыг ертөнцийн зүгээр зүүн зүг талдаа гаргасан. Тухайн газар нь иргэн Ж.О болон түүний нөхөр болох Батцэнгэлийн граштай залгаа байдаг тул ертөнцийн зүгээр хойд талд нь хаалга гаргах ямар ч боломжгүй юм. Тухайн үед Ж.О 29м2 газраа зарж байхдаа юу ч хэлээгүй байж, намайг барилга бариад хаалга гаргаж байхад наана чинь хаалга, цонх гаргуулахгүй шүү гэж, хэрүүл маргаан үүсгэж байсан. Би нэгэнт тухайн газрыг худалдаад авсан, барилгын ажил дуусч байсан, тухайн газар нь миний өмчлөлд шилжсэн учир хаалга гаргах боломжтой ганцхан тал буюу зүүн талдаа /өөр хаалга гаргах сонголт байхгүй учир/ хаалгаа гаргаж барьсан.
... Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 тоот захирамжийг гаргахдаа бусдын өмчлөлд байх орон сууцны газрын 125 м.кв газрыг иргэн Ж.О-ийн өмчлөлд үлдээсэн нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ", мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ" гэсэн хуулийн заалтыг зөрчихөөс гадна, Иргэний хуулийн 85.2-т “Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга, байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна” гэсэн хуулийн тодорхой заалтуудыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан нь миний эрхийг зөрчиж, манай гэр бүлийн өөрсдийн өмчлөл, эзэмшил бүхий үл хөдлөх эд хөрөнгө нэвтрэх болон автомашин тавих зогсоол, ногоон байгууламж цэцэрлэгжүүлэлт хийх ямар ч талбай буюу газаргүй болгож иргэн намайг хохироож амьдрах нөхцөлийг бүдүүлгээр зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д давж заалдах гомдолдоо: “ ... Ж.О нь анх 2013 онд 43.2 м кв талбай бүхий орон сууцыг нэхэмжлэгч М.Б-д худалдахдаа барилга доорх газар нь банкны барьцаанд байгаа барьцаанаас чөлөөлөөд нэр дээр чинь эзэмшүүлж өгнө ингэхдээ орон сууцны байшингийн эргэн тойрны газрыг хамт эзэмшүүлж өгнө гэсэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар 163 м.кв газрыг орон сууцны зориулалтаар М.Б түүний хөрш н.Э нарт эзэмшүүлж өгсөн энэ газар нь зөвхөн М.Б болон түүний хөрш н.Э нарын орон сууцны барилга доорх газар юм. Үлдсэн 125 м.кв газар буюу нэхэмжлэгчийн барилгын залгаа газрыг гуравдагч этгээд Ж.О-ийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэж А/29 дүгээр захирамжийг гаргахдаа Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.2-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг бүртгэхэд энэ хуулийн 4.4-т заасныг баримтлан бүртгэж, тус бүрд нь хувийн хэрэг нээнэ", мөн хуулийн 4.4-т "Орон сууц болон хэсгээр өмчлөх дундын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн доорх болон орчны газрын нэгж талбарын дугаарт үндэслэн бүртгэнэ" гэсэн хуулийн заалтыг мөн Иргэний хуулийн 85 дугаар зүйлийн 85.2-т “...Түр зуурын хэрэгцээ хангах зорилгоор бус байнгын зориулалттай, газартай салшгүй бэхлэгдсэн байшин, барилга. байгууламж болон бусад зүйл нь газрын үндсэн бүрдэл хэсэг байна...”, гэх хуулийн заалт мөн түүнчлэн Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна...”, 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно...”, гэсэн заалтуудыг тус тус зөрчихөөс гадна Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмын 5 дахь хэсгийн 5.1.3, 5.2.2, болон 6 дахь хэсгийн 6.2.4, 6.3.1, 6.3.2 хэсэгт заасан заалтуудыг зөрчиж, нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө газрын хамтаар хууль ёсны дагуу эзэмших эрхийг нь ноцтой зөрчиж гарсан хууль бус захиргааны акт байтал шүүх дүгнэхдээ ...уг захиргааны актын улмаас нэхэмжлэгч М.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж үзлээ..., гэж дүгнэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг ноцтой зөрчиж байна.
Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, дээрх маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэхдээ “Нэхэмжлэгч М.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт хандаж, үүний дагуу аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас Ж.О, түүний хөрш нартай ярилцлага хийж, орц, гарцыг хаасан өмчлөлийн газрыг орон сууц өмчилж буй иргэдэд нь шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Гэвч одоогийн байдлаар Ж.О-ээс өмчлөлийн газраа шилжүүлэх хүсэлт ирүүлээгүй байна...” гэсэн хариуг М.Б-д өгчээ. Ж.О нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... “манайх өмчлөлийн газраа хашихаар М.Б, н.О, н.Э нарын байрны урдуур бүр хөндлөн блокон хашаа татаж байсан. Гэтэл М.Б газрын албанд гомдол гаргасан болохоор болиод манайх өөрийн байрны харалдаа урд газраа хашаа татсан...” гэх зэргээс харахад аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь зохих ажиллагаа хийжээ гэж үзэхээр байна. Мөн шүүхээс хийсэн үзлэгээр М.Б гэр рүүгээ орох, гарах гарцыг зөвхөн Ж.О-ийн барьсан блокон хашаа хаасан нөхцөл байдал тогтоогдохгүй, харин хөрш залгаа барилга бүхий 5-6 айлын өмчлөл, эзэмшлийн газраа хашсан хашаагаар давхар хаагдсан нь үзлэгийн зургаар тогтоогдож байна. Иймд зөвхөн Ж.О-ийн барьсан блокон хашааг буулгаснаар, буулгах арга хэмжээ авахыг захиргааны байгууллагад даалгаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхгүй юм” гэжээ.
Шинэ төгөл хотхоны айлууд байшингийнхаа хаалгыг урд зүг, хойд зүг, баруун зүүн зүг гэх мэт 4 зүгийн аль дуртай зүг рүүгээ харуулж хаалга үүдээ гаргасан байдалтай байдаг. Үүний нэгэн адил нэхэмжлэгч М.Б-ын байшингийн хаалга ертөнцийн зүгээр зүүн зүг рүү харсан хаалгатай. Харин түүний хөрш гуравдагч этгээд Ж.Оийн орон сууцны хаалга баруун зүг рүү харсан байдаг. Ж.О орон сууцныхаа зүүн талын газрыг хашиж блокон хашаа татсан үндэслэл нь нэхэмжлэгчтэй газрын маргаан үүссэнээс үүдэн тухайн блокон хашааг татсан байдаг. Үүнээс өмнө нэхэмжлэгч М.Б тухайн газраар дамжин орон сууц руугаа машин болон явганаар очдог байсан. Гуравдагч этгээд Ж.О өөрийн өмчлөлийн газраа хашиж блокон хашаа байгаа үйлдэл нь өөрөө Иргэний хуулийн 140 дүгээр зүйлийн 141.1-д “Хөрш залгаа эзэмшил газрын хилийн зааг болон хоёр талаасаа нэгэн зэрэг ашиглагдаж байгаа хашаа буюу бусад байгууламжийг хөршүүд тэгш эрхтэй ашиглах бөгөөд энэ эрхээ хэрэгжүүлэхдээ нөгөө талынхаа газар ашиглах эрхэд саад болохгүй байх үүрэгтэй...” гэх хуулийн заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан байхад хууль зөрчсөн үйлдлийг аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь мэдсээр байж хууль бус үйлдлийг таслан зогсоолгүй, ямар нэгэн бодит арга хэмжээ авалгүйгээр өдийг хүргэсэн.
Хэдийгээр Шинэ төгөл хотхоны анхны төлөвлөгөөний айлуудын байршил кадастрын зурагт барилгын хаалга нь ертөнцийн зүгээр хойд талдаа байхаар төлөвлөгдөж гарсан хэдий ч дээрх төлөвлөгөөний байшин барьсан айлууд цөөхөн ихэнх айлууд байшингийнхаа хаалгыг өөрсдийн хүссэн зүгтээ гаргаж барьсан байдаг. Нэхэмжлэгч М.Б-ын хувьд орон сууцныхаа буюу байшингийнхаа хаалгыг хойд талдаа гаргах ямар ч боломжгүй бөгөөд учир нь түүний байшин нь хойд талаараа н.Энхжаргалын байшинтай наалдаж баригдсан барилга юм.
Нэхэмжлэгчийн байшингийн хэв загвар болон барилгын зураглал дээрээ байшингийн хаалга нь баруун зүг рүү харсан байршилтай байхаар төлөвлөгдөж барьсан байдаг. Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар нь дээрх нөхцөл байдлыг мэдсээр байж нэхэмжлэгчийн өөрийн өмчлөлийн байшин руу орох, гарах гарцыг мэргэжлийн байгууллагын хувьд шийдвэрлэх бүрэн боломжтой байсаар байхад бодит байдлаар шийдвэрлээгүй үйлдэл нь өөрөө эс үйлдэхүй юм Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулаагүй, үүнтэй холбогдуулан хэргийн үйл баримтыг дутуу дүгнэж, нотлох баримтыг бүрэн цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэж маргаж буй эрх нь сэргэх ёстой, гэтэл нэхэмжлэгч М.Б нь шүүхээс ямар шийдвэр гаргуулж, зөрчигдсөн ямар эрхээ хэрхэн сэргээлгэхийг хүсэж буй нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөр хоорондоо зөрүүтэй, Газрын тухай хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж маргаж байгаа нь тодорхойгүй байна.
Нэхэмжлэгч М.Б нь Баянхонгор аймгийн Засаг дарга, тус аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгож, миний эрхийг сэргээж өгөхгүй байгаа үйлдэл нь эс үйлдэхүй болохыг тогтоож, маргаан бүхий асуудлыг шийдвэрлэхийг Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон үндэслэлээ “... гуравдагч этгээд Ж.О нь өөрийн өмчлөлд байсан 288 м.кв газрыг бүхэлд нь надад болон манай хөрш айлуудад шилжүүлж өгнө гэж тохирсон боловч өөрийн өмчлөлд 125 м.кв газраа үлдээснийг нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн миний үл хөдлөх эд хөрөнгө рүү орох, гарах боломжгүй болгож, орон сууцны орчны газрыг хааж хашаа барьсан байх тул хашааг албадан буулгах ёстой, энэ газарт орон сууцны иргэд авто зогсоол, ногоон байгууламж барих байсан ...” гэх зэргээр тайлбарласан.
Нэхэмжлэлийн үндэслэлээс үзвэл, орц гарц нь хаагдсан хэмээн Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргаж байгаа мэт боловч мөн маргаан бүхий 125 м.кв газрыг өөрөө эзэмших ёстой гэж давхар тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй, газар эзэмших эрх нь зөрчигдсөн, эсхүл маргаан бүхий газрыг орон сууцны орчны газар гэж үзээд нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрх зөрчигдсөн гэж маргаж байгаагийн аль нь болохоо тодорхой тайлбарлаагүй байхад анхан шатны шүүхээс зөрүүг арилгаагүй, нэхэмжлэгчийн ямар эрх зөрчигдсөн болохыг дүгнэхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.
Хэдийгээр анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулахаар нэхэмжлэгч М.Б-д албан бичиг[1] явуулсан боловч албан бичигт дурдсан үндэслэл арилаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн, шийдвэрлэх асуудал нь тодорхой бус нөхцөлд шүүхийн шийдвэр өөрөө тодорхойгүй, биелэгдэх боломжгүй болохыг анхаараагүй алдаа гаргасан байна.
Иймд анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг дахин тодруулж, хэрэв нэхэмжлэгч маргаан бүхий газрыг эзэмших ёстой гэж маргаж буй бол А/29 дүгээр захирамжийг хүчингүй болгосноор түүнд ямар нэгэн давуу байдал бий болох эсэх, газар эзэмших эрх үүсэх эсэх, нөгөөтээгүүр нэхэмжлэгч тухайн газрыг нийтийн эдэлбэр газарт хамаарна гэсэн үндэслэлээр орц, гарц хаагдсан гэж маргаж байгаа бол түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлага хангагдсан тохиолдолд гуравдагч этгээд Ж.О-ийн өмчлөлийн газрыг нийтийн эдэлбэр газарт тооцох боломжтой эсэхийг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан тодруулах шаардлагатай байна.
Мөн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн Шинэ төгөл 28 тоот хаягт байрлах Ж.О-ийн өмчилж байсан 288 мкв газрын өмчлөх эрхийг хэсэгчлэн буюу 163 мкв газрыг дуусгавар болгон орон сууцны зориулалтаар эзэмшүүлж, үлдсэн 125 мкв газрыг өмчлөлд нь хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Улмаар Баянхонгор аймгийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/99 дүгээр захирамж гарч дээрх 163 мкв газрын 57 мкв хэмжээтэй хэсгийг М.Бд, 106 мкв хэсгийг Л.О-т тус тус эзэмшүүлсэн болохыг анхаарах нь зүйтэй.
2. Нэхэмжлэгч М.Б нь “... гуравдагч этгээд Ж.О хашаа барьсны улмаас орон сууцандаа өргөтгөл хийлгэж гаргасан хаалгаар орох гарах ямар ч боломжгүй болсон” гэж, гуравдагч этгээд Ж.О нь “... нэхэмжлэгч М.Б-ын орон сууц нь 2 талдаа хаалгатай бөгөөд анх орон сууцыг ашиглалтад оруулахад гаргасан хаалгаар орох гарах боломжтой” гэж тус тус маргасан, маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэл болон гэрэл зургуудаас үзвэл, гуравдагч этгээдийн тайлбарласнаар тухайн орон сууцыг ашиглалтад оруулахад гаргасан хаалганы[2] орц, гарц хаагдсан эсэх нь тодорхойгүй, тухайн талын хаалгаар нэхэмжлэгч орж, гарах боломжгүй эсэх нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, түүнд хавсаргагдсан гэрэл зургуудаас хангалттай харагдахгүй, шүүгчээс үзлэгийн тэмдэглэлд орон сууцны эдгээр хаалгуудыг урд, хойд гэж тэмдэглэсэн атлаа шийдвэртээ баруун, зүүн гэж бичсэн нь ойлгомжгүй, үнэхээр нэхэмжлэгчийн байшин нь 2 тал руугаа орц, гарцтай эсэхийг зайлшгүй тогтоох шаардлагатай.
Мөн анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч М.Б-ын гэр рүүгээ орох, гарах гарцыг зөвхөн Ж.О-ийн барьсан блокон хашаа хаасан нөхцөл байдал тогтоогдохгүй, харин хөрш залгаа барилга бүхий 5-6 айлын өмчлөл, эзэмшлийн газраа хашсан хашаагаар давхар хаагдсан нь үзлэгийн зургаар тогтоогдож байна. Иймд зөвхөн Ж.О-ийн татсан блокон хашааг буулгаснаар, буулгах арга хэмжээ авахыг захиргааны байгууллагад даалгаснаар нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол сэргэхгүй ...” гэж дүгнэсэн атлаа энэ талаарх үйл баримтыг баримтаар тогтоогоогүй, маргаан бүхий газрын үзлэгийн тэмдэглэлд авагдсан гэрэл зургуудаас үзвэл, гуравдагч этгээд Ж.О-ийн барьсан блокон хашаанаас цааш автозам хүртэл үргэлжлүүлэн барьсан хашаа нь хэний эзэмшил, өмчлөлийн хашаа болох, доорх газрууд нь нийтийн эдэлбэр газар эсэх, эсхүл тухайн хашааг барьсан этгээдүүдийн эзэмшлийн газар эсэх нь тодорхойгүй, энэхүү нөхцөл байдал хэрхэн тогтоогдохоос хамаарч нэхэмжлэгч М.Б-ын шүүхэд нэхэмжлэл хангагдсанаар эрх нь бодитой сэргэх боломжтой эсэх нь тодорхой болохоор байх тул анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоох шаардлагатай.
3. Хэрэгт авагдсан гуравдагч этгээд Ж.О-ийн өмчлөлийн 125 м.кв газрын кадастрын зургаас үзэхэд нэхэмжлэгч М.Б-ын эзэмшлийн орон сууцны аль хэсгээр зааглагдаж байгаа, мөн нэхэмжлэгч М.Б болон Л.О нарын эзэмшлийн газар нь орон сууцны хаана байрлаж байгаа нь тодорхойгүй байх тул эдгээр газруудыг давхцуулсан байдлаар кадастрын зургуудыг гаргуулж тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН