Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 6656

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн ЕП56101901 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24 дүгээр байр 31 тоотод оршин суух Цахар овогт Бадарчийн Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын иргэн ХН75050408 регистрийн дугаартай Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 70 дугаар байр 49 тоотод оршин суух Дагдан овогт Даваагийн Байгалмаад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 5.400.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Эрдэнэцэцэг миний бие Д.Байгалмаатай 2014 оны 10 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 1.000.000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлүүлсэн. Мөн 2015 оны 02 сарын 02-ны өдрөөс 2015 оны 08 сарын 02-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаатай, 1.000.000 төгрөг нэмж зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Д.Байгалмаа зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн 2.000.000 төгрөг, түүний хүү 3.400.000 төгрөг нийт 5.400.000 төгрөгийг хариуцагч Д.Байгалмаагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Б.Эрдэнэцэцэг нь Д.Байгалмаад холбогдуулж 5.400.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид харилцан тохиролцож 3.300.000 төгрөгийг сар бүр 100.000 төгрөгөөр төлөхөөр харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2.100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч 100.000 төгрөгийг сар бүр тогтмол төлөхөөр эвлэрч байна. Иймээс талуудын эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч Д.Байгалмаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 5.400.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын 2.100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч сар бүр 100.000 төгрөгөөр нийт 3.300.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 5.400.000 төгрөгийн 2.100.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч сар бүр 100.000 төгрөгөөр нийт 3.300.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож нэхэмжлэгч, хариуцагч нар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Д.Байгалмаад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.350 төгрөгийн 50.675 төгрөгийг улсын орлогоос, 50.675 төгрөгийг, хариуцагч Д.Байгалмаагаас тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ