| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 102/2016/05134/И |
| Дугаар | 591 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 591
Зохигч талуудын эвлэрэлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Жавзандамбын гудамж, 17-5, 205 тоотод байрлах, “Жи Эс Би Капитал” ХХК-ийн /GSB Капитал/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхтийн 1-12 тоотод оршин суух Сартуул овогт Аминдаваагийн Даваадоржид /РД:ШД84091018/ холбогдох
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 980 093.81 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чинбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Аминдаваа овогтой Даваадорж нь 2014 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр №ЗГ0400140005 тоот Зээлийн гэрээ, №ЗБ0400140005 тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг тус тус байгуулан, 4957 УНГ улсын дугаартай Toyota Carina маркийн автомашин, 9875 УБО улсын дугаартай Mitsubishi Delica автомашиныг тус тус барьцаалан 15,000,000 /арван таван сая/ төгрөгийн зээлийг сарын 1.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар манай байгууллагаас авсан билээ.
2014 оны №ЗГ0400140005 тоот зээлийн гэрээнд заасны дагуу уг гэрээний хугацаа 2016 оны 8 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болох бөгөөд Зээлдэгч нь дээрх хугацаанд нийт 3,500,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 13,980,093.81 төгрөгийг төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрлээ.
Зээлийн барьцааны гэрээний 4.2.4-д “Зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгийг барьцаалагчийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлж, шүүхийн бус журмаар худалдан борлуулах замаар зээлийн төлбөрийг тус тус барагдуулна”, мөн 5.1.3-д “Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй эсвэл зээлийн гэрээний хуваарьт хугацаанд зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй тохиолдолд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө Зээлдүүлэгч дангаар цуцалсан тохиолдолд, зээлийн гэрээний хугацаа дууссан эсвэл гэрээг дангаар цуцалсан өдрөөс эхлэн Зээлдэгч барьцаа хөрөнгийг хамгаалалтандаа авах буюу шүүхийн бус журмаар худалдан борлуулж, зээл, түүний үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг тус тус барагдуулна гэж заасан.”
Зээлдэгч А.Даваадорж нь дээрх хоёр зээлийн үндсэн хүүгийн төлбөрт нийт 2,319,144.12 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1399.14 төгрөгийг, үндсэн зээлийн төлбөрт 11,659,550.55 төгрөгийг, нийт 13,980,093.81 төгрөгийг манай байгууллагад төлж барагдуулах ёстой юм.
Иймд зээлдэгч А.Даваадоржоос зээлийн үлдэгдэл төлбөр болох нийт 13,980,093.81 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал” ХХК нь хариуцагч А.Даваадоржид холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 980 093.81 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд “...1.3.Шүүхэд хандах өдрийн байдлаар нийт зээлийн төлбөр нь 13 980 093,81 төгрөг болсон. Төлбөрт үндсэн зээл 11 659 550,55 төгрөг, үндсэн хүү 2 319 144,12 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1399,14 төгрөг зэрэг багтсан болно.
2.1.Эвлэрлийн гэрээний 1.3-т заасан 13 980 093.81 төгрөгийн төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулна. Зээлийн төлбөрийг хугацааны эцэст төлөх болохыг харилцан тохиролцов.
3.1.Эвлэрлийн гэрээг талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно” гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13 980 093.81 төгрөгийг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 13 980 093,81 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шйидвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Жи Эс Би Капитал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч А.Даваадоржид холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 13 980 093.81 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 13 980 093,80 төгрөгийг хариуцагч маргаагүйгээр хүлээн зөвшөөрч, уг 13 980 093,81 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Жи Эс Би Капитал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 244 552 төгрөгний 122 276 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 122 276 төгрөг, хариуцагч А.Даваадоржоос 122 276 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН