Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 6694

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,

Нэхэмжлэгч: Монгол улсын хуулийн этгээд 2695456 регистрийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, чингисийн өргөн чөлөө, СББ трейд ХХК-ийн байранд байрлах СББ трейд ХХ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол улсын хуулийн этгээд 5915716 регистрийн дугаартай, Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Астра худалдааны төв, 35а байр, 808 тоотод байрлах Эм Эс Ди ХХК,

Хариуцагч: Монгол улсын иргэн ЦБ85060310 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 21-64 тоотод оршин суух Э.Энхбатад нарт холбогдох,

Зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 6.030.906 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Эм Эс Ди ХХК-тай 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Уг гэрээгээр авсан бүтээгдэхүүний төлбөрийг худалдан авагч тал нь сар бүрийн 10,30-ны өдрүүдэд багтаан төлөх үүргийг хүлээсэн. ... Эм Эс Ди ХХК нь нэг үүсгэн байгуулагчтай тул үүсгэн байгуулагч нь давхар үүрэг хүлээх ёстой юм. Иймд Эм Эс Ди ХХК болон түүний хувьцаа эзэмшигч Э.Энхбат нараас зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөр 6.030.906 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагч Э.Энхбатаас татгалзаж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Зулзаяа нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Эм Эс Ди ХХК нь СББ трейд ХХК-тай зээлээр худалдах худалдан авах гэрээг 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулж гэрээний дагуу нэхэмжлэгчээс бүтээгдэхүүн зээлээр авч байсан бөгөөд талуудын хооронд тооцоо нийлсэн актад дурдсан 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдөр хүртэл хугацаанд зээлээр авсан бүтээгдэхүүний төлбөр болох 6.030.906 төгөрийг төлж барагдуулаагүй үлдэгдэлтэй байгаа нь үнэн бөгөөд гэрээний үүргээ биелүүлнэ гэдгээ илэрхийлж байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч СББ трейд ХХК нь хариуцагч Эм Эс Ди ХХК болон хувьцаа эзэмшигч Э.Энхбат нараас гэрээний үүрэг 6.030.906 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Эм Эс Ди ХХК нь 6.030.906 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч Э.Энхбатаас татгалзсан болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч СББ трейд ХХК-ийн гэрээний үүрэгт 6.030.906 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Эм Эс Ди ХХК нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, Эм Эс Ди ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч СББ Трейд ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.445 төгрөгийн 55.723 төгрөгийг улсын төсвөөс, 55.723 төгрөгийг хариуцагч Эм Эс Ди ХХК-иас тус тус гаргуулж нэхэмжлэгч СББ трейд ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ