Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 928

 

 

 

 

 

 

 

2019       12         05                                    2019/ШЦТ/928

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч С.Батгэрэл, Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

            Шүүгдэгч Я.Ц, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх,

            Иргэдийн төлөөлөгч Б.Балжинням нарыг оролцуулан

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Банга овогт Я.Цд холбогдох эрүүгийн 1911023661089 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Банга овогт Я.Цэвээнжав, 1978 оны 10 сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлж шугуй 1-10 тоотод оршин суух,

            урьд: Багахангай, Налайх дүүргийн шүүхийн  2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ................................................

 

Шүүгдэгч Я.Ц /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3-61 тоотод зэвсэг хэрэглэн дүү Н.Отгончимэгийг өмөөрсөн Н.Энхбаярыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан  дараахи нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Я.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: ”Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Я.Цаас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..гэхдээ Отгончимэгтэй маргалдаж байхад Энхбаяр нь эхнэр бид хоёрыг салгах гэж байгаад гэмтсэн байх. Би Энхбаярын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

Хохирогч Н.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би уг өдөр өөрийн том ах Энхтөрийн гэрт дүү Отгончимэг болон түүний нөхөр хүүхдүүдийн хамт очиж хонохоор болсон юм. Тэндээ хоол хийж идээд 2 шил 0,75 литрийн архи хувааж ууцгаасан. Тэгээд архиа ууж дуусах үед би унтах гээд Энхтөр ахтай юм яриад сууж байтал Цэвээнжав Отгончимэг нар хоорондоо маргалдаад Цэвээнжав нь манай дүү Отгончимэгийг зодох гээд дайраад байхаар нь би дүүгээ хамгаалж голоор нь орж Цэвээнжавыг боль яах гээд байгаа юм бэ гээд гараараа тулсан чинь цаашаа эргээд явсан бөгөөд хэсэг хугацааны дараа дахиад Цэвээнжав Отгончимэг рүү дайраад байхаар нь Цэвээнжавыг хориглосон чинь миний зүүн суганы доод хэсэгт гараараа хүрээд үзсэн чинь тэр хэсэг орчмоос цус гарч байсан. Цэвээнжавын гар луу нь харсан чинь баруун гарт нь хутга байгаа харагдсан. Тухайн үед Цэвээнжав хутгаа бариад дахин над руу дайрах гээд байх шиг болохоор нь би түүний гарнаас хутгыг нь булааж авах гэж оролдож ноцолдсон. Хажуугаас Энхтөр ах орж ирээд хамт ноцолдож байгаад би Цэвээнжавын гарнаас хутгыг булааж усны савны хажууд тавьсан. Тэгээд цагдаа дуудаарай гэж хэлсэн чинь Отгончимэг гарч яваад цагдаа болон эмнэлэгт дуудлага өгсөн. Уг гэмтлийг Цэвээнжав хутгаар нэг удаа миний суганы орчим хатгаж надад учруулсан. Манай дүүтэй маргалдаж байгаад голоор нь орж салгасан чинь уурандаа хутгалсан. Надаас өөр хэн нэгнийг гэмтээсэн зүйл байхгүй. Би 2 шил архийг 4-үүлээ хувааж уусан болохоор согтсон байсан боловч тухайн үед юу болж байгаа талаар мэдэхээр байсан. Би Цэвээнжавыг зодож цохисон зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,   

Гэрч Н.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай эмэгтэй дүүгийн нөхөр нас бараад ажил явдалд нь хүмүүс оролцож чадаагүй болохоор надтай уулзахаар ирсэн юм. Тэд нар манайд ирэхдээ 1 шил 0.75 литрийн архи авчирсан бөгөөд уг архийг нь 2 хүүхдээс бусад нь хувааж уусан. Бүгдээрээ манайд хонохоор болсон тул хоол хийж идэхээр болж Отгончимэг, Цэвээнжав нар дэлгүүр лүү хоол хүнсэнд явсан. Дэлгүүрээс ирэхдээ тэр хоёр 0.75 литрийн 1, 0.5 литрийн 1 шил архи авчирсан бөгөөд Отгончимэг манайд хоол хийж байх хооронд уг архинуудыг хувааж уусан. Хоол идэж дуусаад архиа үргэлжлүүлэн ууж байх үед би дүү Энхбаяртай юм яриад сууж байсан юм, хажууханд Цэвээнжав Отгончимэг нар маргалдаад байсан. Юу гэж маргалдсан талаар мэдэхгүй байна. Тэр хоёр маргалдаж байтал Отгончимэг гэрийн зүүн урд байх шүүгээнээс хутга аваад нуух гэтэл Цэвээнжав араас нь явж очоод гараас нь хутгыг нь булааж авсан. Энхбаяр Цэвээнжав руу явж очоод хутгийг нь булааж авах гэж оролдож тэр хоёр хоорондоо ноцолдсон. Удалгүй Цэвээнжав хутгатай гараараа Энхбаярын цохих шиг болоод Энхбаяр гараараа зүүн суганыхаа доод хэсэгт гараараа дарсан чинь гарынх нь салаагаар цус гарч эхэлсэн. Эмнэлэг цагдаа ирэх хооронд Цэвээнжав гадагшаа гараад явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

Гэрч Н.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Ахындаа 15 цагийн үед ирсэн. Тэгээд хоол унд хийж идэж байгаад манай хүүхэд уйлаад манай нөхөр бид хоёр хэрэлдсэн. Би хүүхдээ загнаад тэрнээс болж хэрэлдсэн. Манай нөхөр намайг дуугүй бай, пизда минь гээд загнаад сэрээ бариад босоод ирсэн чинь манай ах Н.Энхбаяр өмөөрөөд миний урдуур орсон чинь манай нөхөр манай ахыг хутгалчихсан. Би гартаа хутга барьсан байсныг нь мэдээгүй. Тэгсэн манай ахаас цус гараад байхаар нь би доод талын айл руу орж цагдаа дуудсан. Манай нөхөр урьд нь ийм үйлдэл гаргаж байгаагүй архи уухаараа л ингэдэг байсан түргэн ууртай хүн болохоор ийм зүйл болчихлоо. Манай нөхөр намайг зодох гэтэл манай ах намайг өмөөрөөд л урдуур орсон. Тэгээд ийм зүйл болсон ...” гэх мэдүүлэг /хх-24-25х/,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10766  тоот дүгнэлтэнд:

            “1. Н.Энхбаярын биед цээжний зүүн тал цээжний зүүн хөндийг нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн гүн шарх, цээжний зүүн хөндийн цус хуралдалт, арьсан доорх хийжилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл хурц иртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

            3. Шинэ гэмтэл байна.

            4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-35х/,

          Шүүх сэтгэц эмгэг судлалын 1135 тоот дүгнэлтэнд:

          “1. Я.Ц нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            2. Я.Ц нь сэтгэцийн ямар нэг өвчингүй харин “Шинж тэмдгийн цөөн уналт таталт” гэх мэдрэлийн тогтолцооны өвчтэй байна.

            3. Я.Ц нь сэтгэцийн ямар нэг өвчингүй харин “Шинж тэмдгийн цөөн уналт таталт” гэх мэдрэлийн тогтолцооны өвчтэй байна.

            4. Я.Ц нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх-46-48х/,

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74х/,

Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-61х/,

Шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-81х/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53х/ зэрэг болно.

Тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх нотлох баримтаар үнэллээ.

Шүүгдэгч Я.Ц нь 2019 оны 09 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Баянхайрханы 3-61 тоотод зэвсэг хэрэглэн дүү Н.Отгончимэгийг өмөөрсөн Н.Энхбаярыг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

шүүгдэгч Я.Цаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

шүүгдэгч Я.Цаас яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...гэхдээ Отгончимэгтэй маргалдаж байхад Энхбаяр нь эхнэр бид хоёрыг салгах гэж байгаад гэмтсэн байх. Би Энхбаярын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг /хх-54-55х/,

хохирогч Н.Энхбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Цэвээнжав Отгончимэг рүү дайраад байхаар нь Цэвээнжавыг хориглосон чинь миний зүүн суганы доод хэсэгт гараараа хүрээд үзсэн чинь тэр хэсэг орчмоос цус гарч байсан. Цэвээнжавын гар луу нь харсан чинь баруун гарт нь хутга байгаа харагдсан. Тухайн үед Цэвээнжав хутгаа бариад дахин над руу дайрах гээд байх шиг болохоор нь би түүний гарнаас хутгыг нь булааж авах гэж оролдож ноцолдсон. Хажуугаас Энхтөр ах орж ирээд хамт ноцолдож байгаад би Цэвээнжавын гарнаас хутгыг булааж усны савны хажууд тавьсан ...” гэх мэдүүлэг /хх-18-19х/,  

гэрч Н.Энхтөрөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Энхбаяр Цэвээнжав руу явж очоод хутгийг нь булааж авах гэж оролдож тэр хоёр хоорондоо ноцолдсон. Удалгүй Цэвээнжав хутгатай гараараа Энхбаярын цохих шиг болоод Энхбаяр гараараа зүүн суганыхаа доод хэсэгт гараараа дарсан чинь гарынх нь салаагаар цус гарч эхэлсэн. Эмнэлэг цагдаа ирэх хооронд Цэвээнжав гадагшаа гараад явсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-26-27х/,

гэрч Н.Отгончимэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Манай нөхөр намайг дуугүй бай, пизда минь гээд загнаад сэрээ бариад босоод ирсэн чинь манай ах Н.Энхбаяр өмөөрөөд миний урдуур орсон чинь манай нөхөр манай ахыг хутгалчихсан ...”  /хх-24-25х/ гэх мэдүүлгүүд,

Хавтаст хэрэгт цугларсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний №10766 тоот дүгнэлт /хх-35х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1135 тоот дүгнэлт /хх-46-48х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-74х/, Оршин суух хаягийн тодорхойлолт /хх-61х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-78-81х/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-53х/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Я.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хорих ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүх шүүгдэгч Я.Цд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хохирогч Н.Энхбаяр нь гэм буруутай этгээдээс гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, гомдол саналгүй /хх-18-19х/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 21 см урттай хүрэн өнгийн бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.