| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Энхжаргал |
| Хэргийн индекс | 101/2016/08777/И |
| Дугаар | 6696 |
| Огноо | 2015-11-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 6696
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: Монгол улсын иргэн НЮ81053016 регистрийн дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 8 дугаар хороо, зүүн баян цагаан 12 дугаар гудамж 45б тоотод оршин суух Өөлд овогт Жамъяндоржийн Түвшинтөгсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн АД79112417 регистрийн дугаартай Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгий 16 дугаар гудамж 224 тоотод оршин суух Далхаа овогт Гомбожавын Хадбаатарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3.999.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Түвшинтөгс би Г.Хадбаатартай 2016 оны 4 сарын 3-ны өдөр Зээлийн гэрээ байгуулан 4.200.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай 2016 оны 10 сарын 03-ны өдөр хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар батлуулсан. 2016 оны 5 сарын 20-нд Г.Хадбаатар нь 1.000.000 төгрөгийг бэлнээр надад өгсөн. Үлдсэн 3.200.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. Зээлүүлсэн 3.200.000 төгрөг зээлийн хүү 160.000 төгрөг, алданги 224.000 төгрөг, нийт 3.584.000 төгрөг. Г.Хадбаатар нь 2016 оны 09 сарын 24-нд миний эхнэрийн эмнэлэгийн төлбөр 315.000 төгрөг төлчих би дараа нь өгнө гэж гуйсны дагуу миний бие төлсөн. 2016 оны 09 сарын 17-ны өдөр эмнэлэгт үзүүлэхэд мөнгө дутаад байна мөнгө зээлээч гэсний дагуу мобайл банкаар 100.000 төгрөг шилжүүлсэн. Г.Хадбаатартай байгуулан зээлийн гэрээ дууссан боловч зээлдэгч нь өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөөгүй. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 14 хоногийн алданги 224.000 төгрөг, үндсэн зээл 3.200.000 төгрөг түүний хүү 160.000 төгрөг, сүүлд эмнэлэгийн төлбөр болон эмнэлэгт үзүүлэхэд мөнгө хэрэгтэй байна гэж хэлж зээлсэн 415.000 төгрөг нийт 3.999.000 төгрөгийг хариуцагч Г.Хадбаатараас гаргуулж өгнө үү гэжээ.
Талууд шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Ж.Түвшинтөгсийн Г.Хадбаатарт холбогдуулж нэхэмжлэл гаргасан иргэний хэрэгт талууд дараах байдлаар эвлэрч байна. Үүнд: 3.999.000 төгрөгийг хариуцагч Г.Хадбаатар нь 2017 оны 4 сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ж.Түвшинтөгс нь хариуцагч Г.Хадбаатарт холбогдуулан гэрээний үүрэгт 3.999.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Хадбаатар нь 3.999.000 төгрөгийг 2017 оны 4 сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцож, нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ж.Түвшинтөгсийн нэхэмжлэлийн шаардлага болох 3.999.000 төгрөгийг хариуцагч Г.Хадбаатар нь 2017 оны 04 сарын 10-ны дотор нэхэмжлэгчид төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, Г.Хадбаатарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78.934 төгрөгийн 50 хувь буюу 39.467 төгрөгийг улсын орлогоос, 39.467 төгрөгийг, хариуцагч Г.Хадбаатараас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Түвшинтөгсд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ