| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00448/И |
| Дугаар | 590 |
| Огноо | 2016-09-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 590
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, үйлдвэрчний эвлэлийн гудамж-37, өөрийн байранд байрлах “Сүү” ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч : Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 104-р байр “Эко констракшн” ХХК-ийн байранд байрлах “CH трейд” ХХК-д холбогдох
Төлбөрийн үлдэгдэл 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ:
“Сүү” ХК нь 2015 оны шинэ жилийн арга хэмжээгээ “CH Трейд” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршалл таун хотхон хаягт байрлах, “Marshall Luxury Club” нэртэй ресторанд зохион байгуулахаар урьдчилгаа төлбөрт 5,000,000/таван сая/ төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “CH Трейд” ХХК-ийн дансанд гэрээ байгуулахгүйгээр шилжүүлсэн байдаг.
Манай компани “CH Трейд” ХХК-ийн эзэмшлийн “Marshall Luxury Club” ресторанд шинэ жилийн арга хэмжээгээ зохион байгуулах боломжгүй болсон бөгөөд энэ тухай 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “CH Трейд” ХХК-ийг төлөөлөн манай компанитай харилцаж байсан Нягтлан бодогч Буриад гэж хүнд мэдэгдсэн.
Улмаар “CH Трейд” ХХК-иас 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай компанийн дансанд 4,500,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд яагаад 500,000 төгрөгийг дутуу шилжүүлсэн учрыг тус компанийн Нягтлан бодогч Буриад гэж хүнээс лавлахад “Удахгүй танай дансанд шилжүүлнэ” гэж хэлсэн.
Гэтэл өнөөдрийг хүртэл дээрх зөрүү төлбөр болох 500,000 төгрөгийг манай компанид төлж барагдуулаагүй, тус компанид хохирол учруулаад байгаа тул “CH Трейд” ХХК-иас 500,000/ таван зуун мянга/ төгрөгийг, Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамтаар гаргуулж, хохирлыг барагдуулж өгнө үү.
“Сүү” ХК нь “CH Трейд” ХХК-иас 500,000 төгрөгийг нэхэмжилж, улмаар тус шүүхэд 183/НЭ2016/00611 тоот нэхэмжлэлийн дугаартай /Код:20166072511/ иргэний хэрэг үүсгээд байгаа билээ.
Хариуцагч “CH Трейд” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул, нэхэмжлэгч “Сүү” ХХК нь гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Сүү” ХК нь хариуцагч “CH Трейд” ХХК-д холбогдуулан төлбөрийн үлдэгдэл 500 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 500 000 төгрөгийг хариуцагч “CH Трейд” ХХК нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлтээ ирүүлсэн байна.
Иймд нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.“Сүү” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “CH Трейд” ХХК-д холбогдох 500 000 төгрөгийг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Сүү” ХК-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15 650 төгрөгний 7 825 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот дансаар 7 825 төгрөг, хариуцагч “CH Трейд” ХХК-иас 7 825 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН