Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 957

 

 

 

                                                           

           

 

 

 

2019        12          13                                  2019/ШЦТ/957

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч А.Нямсүрэн,

Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Д.Дд холбогдох эрүүгийн 1711004600640 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Шүүгдэгч Боржигон овогт Д.Д, Монгол Улсын иргэн, 1970 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Согоотын 12-159 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй,

урьд: 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнссэн,

1995 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, өмнөх 123 дугаартай тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг багтаан бүгд 3 жил хорих ял шийтгэж 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

1997 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 280 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулж, 1995 оны 99 дугаартай тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нийт 1 жил 2 сар 17 хоног хорих ялаар шийтгүүлж, 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

2000 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 124 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 90 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүгд 4 жил хорих ял шийтгүүлж, 2002 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,

2005 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Налайх дүүргийн шүүхийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сар хорих ял шийтгүүлж, 2008 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Эрүүгийн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй нийцүүлэн эдлээгүй үлдсэн 6 жил 7 сарын хорих ялаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай, /РД:........................../.

Шүүгдэгч Д.Д /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-1 тоот, Ж.Шийтэрийн хашаанаас бүрэн тоноглолтой унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 390.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Дгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...айлын хашааны хаалга онгорхой хашаан дотор хүүхдийн унадаг дугуй байхаар нь орж хулгай хийж авсан юм. Уг унадаг дугуйг хулгай хийж авч яваад төв замаас такси барьж Хархорин зах явсан. Тэр айлын хашаанаас гараад төв зам дээрээс такси авч явах гэсэн чинь Энхбаатар, Уранцэцэг 2 хоорондоо маргалдаад байхаар нь хаяад яваад өгсөн юм. Тэгээд такситай Хархорин зах орох гэж яваад замдаа цагдаа нарт дугуйгаа хураалгасан. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн ...” гэсэн мэдүүлэг /хх-67-68х/,

Шүүгдэгч Д.Дгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ж.Шийтэрээс гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би Чингэлтэй дүүрэг 18 хороо, Яргайтын 33-1 тоотод амьдардаг. Манай хүү Амартөрийн унадаг дугуй 2017 оны 08 сарын 17-ны өглөө 09 цагаас 12 цагийн хооронд хашаанд гэрийн хаяанд байхад хулгайч авч явсан байна ...” гэсэн мэдүүлэг /хх-42х/,

Гэрч Ц.Энхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байх яг тэр үед байсан манай эхнэр Уранцэцэг бид хоёр архи уусан. Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт явж байсан чинь манай багийн найз Даваа буюу Даваарагчаатай дайралдсан юм. Тухайн үед бид хоёр ойрд уулзаагүй талаар ярилцаж эхнэр Уранцэцэгийг ганц шил архи аваад өгөөч гэж хэлсэн юм. Тэгээд бид нар зам дагаад явж байгаад Даваарагчаа ийшээ айлд ороод ирье гэж хэлээд яваад өгсөн бөгөөд удаагүй нэг хүүхдийн дугуй түрээд ирсэн юм. Эхнэр бид хоёр юун дугуй юм бэ гэж асуусан чинь та нарт хамаагүй гэж байсан юм. Тэгээд бид гурав хамт Дансрангийн дэлгүүр орж архи авч уух санаатай очсон юм. Тэгсэн чинь Даваарагчаа энэ дугуйг зараадах гэж хэлсэн, Дансрангийн эхнэр Дээгий авахгүй гэж хэлсэн чинь Даваарагчаа унадаг дугуйгаа аваад такси бариад яваад өгсөн юм. Тэгээд эхнэр бид хоёр гэртээ харьсан юм. Би Давааг ямар учиртай дугуй хаанаас авч, хааш нь авч явсан талаар мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-45х/,

Гэрч Ц.Уранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2017 оны 08 дугаар сарын үед /он сарыг нь санахгүй байна/ хамтран амьдрагч Ц.Энхбаатартай хамт гадуур архи уусан явж байгаад Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Даваа буюу Даваарагчаатай дайралдсан юм. Тухайн үед Энхбаатар бид хоёр гэртээ харих гэж явж байсан юм. Тэгээд Энхбаатар, Даваарагчаа бид гурав юм ярьж зогсож байгаад Даваарагчаа нэг таньдаг айл руу ороод ирье гэж хэлээд явсан удаагүй дугуй түрээд гараад ирсэн юм. Тухайн үед Энхбаатар бид хоёр Даваарагчаагаас юун дугуй юм бэ гэж асуусан чинь Даваарагчаа чамд хамаагүй гэж хэлсэн юм. Тэгээд бид гурав хамт Дансрангийн “Тэс гол” гэх дэлгүүр лүү орж эхнэр Дээгийгээс архи зээлж авах санаатай очсон чинь зээл өгөөгүй юм. Тэгээд би буцаж гарч ирсэн чинь Даваарагчаа такси бариад дугуйгаа аваад яваад өгсөн. Харин Энхбаатар бид хоёр гэртээ харьсан юм. Би Даваарагчааг ямар дугуй яах гэж авч явж байсан талаар мэдэхгүй. Нэг айлын хашаа руу орж түрээд гараад ирсэн юм. Мөн Даваарагчаа дугуйгаа яасан талаар мэдэхгүй байна. Такси бариад яваад өгсөн юм. Би Даваарагчааг дугуй хулгай хийсэн талаар мэдээгүй. Харин сүүлд цагдаагийн газраас дуудах үед мэдсэн юм ...” гэсэн мэдүүлэг /хх-48х/,

Дамно ХХК-ний “...унадаг дугуйг 390.000 төгрөгөөр үнэлсэн ...” хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-60-61х/,

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31-34х/,

Шүүгдэгч Д.Дгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-94х/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-113х/,

Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-121-122х, 124-125х, 119х, 115-116х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Д.Д нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 33-1 тоот, Ж.Шийтэрийн хашаанаас бүрэн тоноглолтой унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, 390.000 төгрөгний хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Д.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 390.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 80 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар (80x8=640) тооцож, эдлэх ялаас хасаж түүнийг ял эдэлсэнд тооцов.

Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Д нь хохирогч Ж.Шийтэрт учруулсан гэм хорын хохирлын 390.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж шийдвэрлэсэн болохыг тус тус дурьдах нь зүйтэй.