Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

2017 оны ... сарын ... өдөр

Дугаар

123/ШШ2017/00....

Төв аймаг


 

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүмбэр сумын иргэн Ч.Цэдэнбалын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүмбэр сумын Засаг даргад холбогдох,

“Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар  Ч.Цэдэнбалыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ч.Цэдэнбал, түүний өмгөөлөгч Ш.Алтангадас, хариуцагч Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшин, гуравдагч этгээд М.Цэцгээ, нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Цэдэнбал шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурал 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр анхдугаар хуралдаанаа хийж 1-р багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг явуулсан. Санал хураалтаар нийт 286 саналын хуудас тараасан боловч саналын хайрцагнаас 293 хүний санал тоологдож, 7 саналын хуудас илүү тоологдсон. Тооллогын комисс хуралдаж зөрүүтэй нөхцөл байдлыг арилгахаар дахин санал хураалт явуулсан ба уг санал хураалтад нийт 158 сонгогч санал өгсөн. Тооллогоор хүчингүй нэг санал тоологдож, хүчинтэй 157 саналаас 138 санал буюу нийт сонгогчдын 87.3 хувийг Ч.Цэдэнбал авч, хоёрдугаарт 19 санал буюу нийт сонгогчдын 12.1 хувийн саналыг М.Цэцгээ авсан. Ингээд Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 08 тоот тогтоолоор багийн Засаг даргад Ч.Цэдэнбалыг томилуулахаар Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшинд уламжилсан. Гэтэл Сүмбэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаас Сумын Засаг дарга С.Мөнхтүвшин болон багийн ИНХ-ын дарга Г.Лхагвадорж нарт 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 01 тоот зөвлөмж хүргүүлсэн байдаг. Уг зөвлөмжид “дахин санал хураалт явуулах тухай гаргасан багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 1 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг Захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу заасан, багийн Засаг даргыг сонгох санал авалт нь Сонгуулийн тухай хуулиар зохицуулагдах эрх зүйн үндэслэлгүй, дахин явуулсан гэх санал хураалт нь хуулийн 23 дугаар зүйлийн 23.11 дэх заалтын шаардлагыг хангаагүй байгааг анхаарч шийдвэрээ эргэж харах” гэж заасан. Уг зөвлөмжийг үндэслэн Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшин 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/147 тоот албан бичгээр “санал хураалтын дүнг хангасан шийдвэр гаргаж ирүүлэхийг хүсье” гэсэн хүсэлт Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд илгээсэн. Энэ хүсэлтийн дагуу Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид дахин санал хураалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр явуулж, санал хураалтаар Ч.Цэдэнбал 136 санал буюу 84 хувь, М.Цэцгээ 26 санал буюу 16 хувийн саналыг тус тус авсан. Ингээд Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот тогтоолоор багийн Засаг даргад Ч.Цэдэнбалыг томилуулахаар Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшинд дахин уламжилсан. Хуралдаан бол хуулийн дагуу явагдаад ирц бүрдсэн байсан тул 2 дугаар хуралдаан болсон байгаа. Гэвч сумын Засаг дарга С.Мөнхтүвшин 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 тоот захирамжаар багийн Засаг даргаар олонхийн санал удаа дараа авч чадаагүй М.Цэцгээг сонгон баталгаажуулсан. Захирамж нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Сүмбэр 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тэмдэглэл, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 01 тоот тэмдэглэлээр өгсөн зөвлөмжийг тус тус үндэслэн гарсан байна. Энэ үйлдлийг эс зөвшөөрч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалд 2017 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшингийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 тоот захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянуулахаар гомдол гаргасан боловч хуульд заасан хугацаанд гомдлын хариуг өгөөгүй болно. Маргаан бүхий акт нь Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшингийн өөрийнх 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/147 тоот албан бичгээр “санал хураалтын дүнг хангасан шийдвэр гаргаж ирүүлэхийг хүсье” гэсэн Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд илгээсэн хүсэлтээр явуулсан Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хүчин төгөлдөр 11 тоот тогтоол байсаар байтал ямарч үндэслэлгүйгээр Б/24 тоот захирамж гаргасан нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3-д “энэ хуулийн 26.2-д зааснаар нэр дэвшүүлсэн Засаг даргыг томилох” хуулийн шаардлагыг зөрчсөн байна. Иймээс Төв аймгийн Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшингийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 тоот захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэж зааснаар илт хууль бус захиргааны акт байх тул Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 тоот захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 тоот тогтоолоор нийт сонгогчдын олонхын санал авсан Ч.Цэдэнбалыг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар томилохыг Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшинд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Алтангадас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүмбэр сумын 1 дүгээр хуралдаан дээр аль аль тал нь маргахгүй байгаа. Сүүлд багийн иргэдийн Нийтийн Хурал зарлагдаад нийт 272 өрхийн 50 хувиас дээш ирцтэй байсан тул хурлыг явуулсан байгаа. 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр дахин санал хураагаад Ч.Цэдэнбал 86 хувийн саналтай М.Цэцгээ 16 хувийн саналтай байсан тул Ч.Цэдэнбалыг багийн Засаг даргаар томилуулахаар дахин уламжилсан байгаа. Сумын Засаг дарга багийн иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг авснаас хойш 5 хоногийн дотор томилох үүрэгтэй. Б/24 тоот захирамжид 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг удирдлага болгон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар захирамжлах нь гээд М.Цэцгээг томилсон. Засаг дарга бол тухайн шатны Хурлынхаа тогтоолыг үндэслэн захирамжаа гаргах ёстой байсан ч хуулийг даган биелүүлээгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаа зүйлийн 26.3 болон 26.4-г үндэслэж захирамж гаргах байсан боловч зөвлөмж тэмдэглэлийг үндэслэн захирамж гаргасан байгаа. М.Цэцгээ олонхын санал авлаа гэж нэг ч тэмдэглэл тогтоол үйлдэгдэж сумын Засаг дарга руу яваагүй байдаг. Засаг дарга 150 хүний саналаар М.Цэцгээ гарсан гэдэг боловч энэ тоо бол зөвхөн М.Цэцгээгийн өгсөн гомдол дээр л байдаг. М.Цэцгээ 2 удаа буюу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 2 удаа өргөдөл өгсөн, энэ тоо бол зөвхөн М.Цэцгээгийн өгсөн өргөдөл дээр байдаг өөр хаана ч байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлйн 47.1.6-г зөрчиж байгаа. Яагаад гэвэл Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3-т зааснаар сумын Засаг дарга 5 хоногийн дотор батлах үүрэгтэй. Б24 тоот захирамжийг илт хууль бусд тооцуулах, Захиргааны ерөнхий хуулийн 47.2-т зааснаар эрх зүйн үйлчлэлгүй гэж үзээд 11 тоот тогтоолоор олонхын санал авсан Цэдэнбалыг батламжилж өгнө үү гэсэн 2 шаардлага гаргасан. Сумын Засаг дарга Цэцгээг багийн Засаг даргаар томилсон захирамжаа хүчингүй болгоод 1 дүгээр багийн засаг даргаар түр томилох тухай захирамжийг 2017 оны 6 сарын 23-нд гаргасан. Сумын Засаг дарга гэдэг бол улс төрийн албан хаагч. Төрийн албаны тухай хуулийн 5.2-т зааснаар төрийн тусгай болон захиргааны албан хаагчийг төрийн жинхэнэ албан хаагч гэж үздэг. Сумын Засаг дарга төрийн жинхэнэ албан хаагч биш тул багийн Засаг даргыг түр томилох эрхгүй. Энэ захирамж хууль зөрчиж гаргасан, үүнийг сумын Засаг дарга хүлээн зөвшөөрч хүчингүй болгосон тул бид нар нэхэмжлэлийн шаардлагын тодорхой хэсгийг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. 11 дүгээр тогтоолоор олонхийн санал авсан Цэдэнбалыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.3, 23.4-т зааснаар батламжлахыг Сүмбэр сумын Засаг даргад даалгаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.12-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж зарим хэсгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүмбэр сумын Засаг дарга С.Мөнхтүвшин шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 11 дүгээр сарын 30-нд Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хуралд 138 өрхийн 180 иргэн оролцож, багийн Засаг даргад өрсөлдсөн иргэн М.Цэцгээ 150 хүний санал, Ч.Цэдэнбал 143 хүний санал авсныг тооллогын комисс албан ёсоор иргэдэд мэдээлсэн.Хуралд оролцсон иргэд тооллогын комиссын тогтоолын төслийг батлуулахыг багийн иргэдийн Нийтийн хурал болон Тэргүүлэгчдэд зүй ёсны шаардлага тавихад биелүүлэхгүй байсаар багийн хуралд ирсэн иргэдийн ихэнх нь тарж явсны дараа тооллогын комиссын гишүүн Ч.Уртнасан, Д.Оюунчимэг, М.Жаргалсайхан нар дахин санал хураах шийдвэр гаргаж, хуралд 116 өрхийн 158 хүн оролцсоноор тооцож, Ч.Цэдэнбал 138 хүний санал, М.Цэцгээ 19 хүний санал авснаар хурлын тэмдэглэлд бичсэн. Багийн дарга сонгох эхний санал хураалт хуулийн дагуу явагдсан байхад тооллогын комиссын 5 хүний 2 хүнийг оролцуулалгүй тогтоол гаргаж, дураараа дахин санал хураалт явуулж, хууль зөрчсөн үйлдэл тогтоогдож байна. Анхны санал хураалтаар М.Цэцгээ 150 хүний санал, Ч.Цэдэнбал 143 хүний санал авсан учраас М.Цэцгээ олонхийн санал авч багийн Засаг даргаар хуулийн дагуу баталгаажуулсан. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 30 минутанд 272 өрхөөс 180 төлөөлөл ирсэн гэж багийн иргэдийн Нийтийн Хурлын тэмдэглэлд бичээд хурлаар хэлэлцэх асуудал дотоод журам, хурлын Тэргүүлэгчдийг сонгосон тэмдэглэл хөтлөөд багийн Иргэдийн Нийтийн Хурлын даргаар Г.Лхагвадоржийг сонгосон байна. Багийн Иргэдийн нийтийн хурлын үйл ажиллагаа зохих хуулийн дагуу явагдаагүй байна. Хурлын тэмдэглэлийн сүүлд хөх өнгийн балаар үргэлжлүүлэн хагас дутуу бичсэн байгаа нь хүчин төгөлдөр бус хурал болсон, тооллогын комиссын 5 хүний 2 нь зөвшөөрөөгүй байхад дахин санал хураах тогтоол гаргасан. Эхний санал хураалтаар М.Цэцгээд 150 хүн санал өгчихөөд байхад Ч.Цэдэнбал болон түүний талын хүмүүс хурлыг үймүүлж, иргэдийг тараад явчихсан хойно дахин санал хураасан. Хурлын тэмдэглэлээс үзэхэд хуралд эхлээд 272 өрх, 180 иргэний төлөөлөлтэй гэж бичсэн атлаа санал хураахад 293 хүний саналын хуудас гарсан байна. Гэтэл 2 дахь санал хураалтаар Ч.Цэдэнбал 138 хүний санал, М.Цэцгээ 19 хүний санал авсан гэжээ. 2 дахь санал хураалт иргэдийг тараачихаад хийсэн хуурамч санал хураалт байгаа нь тодорхой байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11-д Засаг даргаар дэвшүүлэхэд аймгийн төвийнхөөс бусад сумын багийн хуралд багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөлөл оролцсон бол хүчинтэйд тооцно гэж заасан. 2016 оны 11-р сарын 30-ны өдрийн багийн Иргэдийн Нийтийн Хурлын үргэлжлэл гэсэн тэмдэглэлд бичигдсэн санал хураалтанд 150 хүн оролцсон гэх боловч өрхийн төлөөллийн 50%-ийг хангаагүй байна. 1 өрхөөс 2-4 хүн оролцсон байна. Тус баг нь 272 өрхтэй. Түүний 50%-ийн төлөөлөл нь 136 өрхийн төлөөлөл оролцох ёстойгоос 114 өрхийн төлөөлөл оролцсон байна. Мөн Багийн Иргэдийн Нийтийн Хуралд тус багийн иргэн биш 2 хүн саналаа өгч хууль зөрчсөн байна. Иргэн Л.Дагзмаа санал хураалтанд оролцоогүй гэж байхад санал өгсөн нэрсийн жагсаалтанд нэр нь бичигдсэн. Багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргад өрсөлдсөн М.Цэцгээ олонхийн санал авсан боловч багийн ИНХ нь дахин санал хураалт явуулж хууль зөрчсөн. Иймд багийн ИНХ-ыг дахин хуралдуулж, багийн Засаг даргыг томилох нь зүйтэй гэж үзээд захирамжийг хүчингүй болгосон. Багийн Иргэдийн Нийтийн Хурлын 2 дугаар хуралдаан бол анхнаасаа зар тараах ажил дээр хангалттай хийгдээгүй. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дээр зааснаар 50 хувийн ирцийг хангаагүй тул хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Тухайн хурал нь Үндсэн хуулийн иргэний сонгох сонгогдох эрхийг зөрчсөн, хурал бол нээлттэйгээр явагдах ёстой байсан боловч нээлттэй яваагүй нь багийн иргэдийн эрхийг зөрчсөн. Ч.Цэдэнбалыг багийн Засаг даргаар батламжлахгүй байгаа 2 үндэслэл байна. 1-рт Ч.Цэдэнбал хурлын дарга хийж байхдаа хайгуулын  2 хуурамч тогтоол гаргасан, тогтоол нь илт хууль бус байсан талаар шүүхийн тогтоол гарсан байгаа. 2-рт аймгийн иргэдийн хуралд нэр дэвшээд ялагдсан. Иргэдээс өгөх үнэлэмж ийм байгаа тул батлах боломжгүй байгаа гэжээ.

Гуравдагч этгээд М.Цэцгээ шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би багийн засаг даргад нэр дэвшээд олонхын санал буюу 150 хүний санал, Цэдэнбал 143 хүний санал авсан байгаа. Иймээс би өөрийгөө багийн засаг даргаар сонгогдох эрхтэй гэж үзэж байгаа. Хурлын дарга шийдэж өгөхгүй байсан. Орой хурал тарсан би маргааш нь 12 сарын 01-нд өргөдлөө өгсөн. Шийдэж өгөхгүй болохоор нь 12 сарын 08-нд сумынхаа иргэдийн хуралд өргөдөл өгсөн. Багийн иргэдийн нийтийн Хурлын тов бол гараагүй, 2 сарын 08-нд би гадуур явж байхад 2 сарын 09-нд хурал болох талаар юу ч сонсоогүй. Маргааш нь хуралтай гэхээр нь би иргэдийн хурлын даргад хэлсэн. Би гомдолтой байгаа, нийт ард иргэдэд мэдэгдээгүй, тэгээд 171 хүний гарын үсэгтэй өргөдлөө шүүхэд өгсөн. 2 сарын 09-ний хуралд зарлаагүй, гомдолтой гэсэн 171 хүний гарын үсэг тулгаж гаргасан. Би засаг даргын захирамжинд шүүхэд гомдол гаргасан байгаа. Ямар учраас намайг томилсон захирамжийг хүчингүй болгосон бэ, маш их гомдолтой байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбаруудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Цэдэнбалыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            1. 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаан тус багийн нийт 272 өрхийн 180 төлөөллийн ирцтэй хуралдаж, нийт 5 асуудал буюу багийн иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагаа, багийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, тооллогын комиссын гишүүнийг сонгох, багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгох батлах, багийн Засаг даргыг сонгох асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн[1] бөгөөд тооллогын комиссын гишүүнээр Ч.Баасан, Ч.Уртнасан, Д.Оюунчимэг, М.Жаргалсайхан, Б.Угтахбаяр нарыг[2], багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчээр Г.Лхагвадорж, Х.Бат-Ундрал, Б.Өсөхжаргал, Д.Эрдэнэтунгалаг, М.Жаргалсайхан нарыг, багийн иргэдийн Нийтийн Хурлын даргаар Г.Лхагвадоржийг тус тус сонгож баталсан[3] байна. Харин багийн Засаг даргад Ч.Цэдэнбал, М.Цэцгээ нарын нэрийг дэвшүүлж, санал хураахад нийт 273 иргэн оролцсон бөгөөд санал хураахад 293 хүн саналын хуудас гарч М.Цэцгээ 150 хүний санал, Ч.Цэдэнбал 143 хүний санал авсан ч 7 саналын хуудас илүү гарсан гэх үндэслэлээр дахин санал хураалт явуулахад 158 иргэн саналаа өгч, Ч.Цэдэнбал 138 санал буюу 87,3 хувь, М.Цэцгээ 19 санал буюу 12,7 хувийн санал авч[4], олонхийн санал авсан Ч.Цэдэнбалыг Сүмбэр 1-р багийн Засаг даргаар томилуулахаар Сүмбэр сумын Засаг даргад уламжилсан[5]. Тус сумын Засаг дарга 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “дахин санал хураалт хуульд заасан шаардлага хангаагүй байгааг анхаарч, гаргасан шийдвэрээ эргэж харах, хурлын тэмдэглэлийг үнэн зөв, бүрэн гүйцэт хөтлөж хэвших, эхний санал хураалтын дүнг хангасан шийдвэр гаргаж ирүүлэх” тухай 05/147 тоот албан бичгийг[6] Сүмбэр 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлсэн зэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй болно.

Дээрх Сүмбэр сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 05/147 тоот албан бичгийг Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид хүлээн авч 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хуралдан, тус багийн иргэдийн Нийтийн Хурлын ээлжит хуралдааныг 02 дугаар сарын 09-ний өдөр хуралдуулахаар зарласан[7] нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “...15 хоногийн дотор...” гэж заасныг зөрчөөгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “энэ хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй”, хуулийн 26.2-д “баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл бүлэг эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж тус тус заажээ.

 Хууль тогтоогчоос дээр дурьдсан Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4 дэх заалтуудаар багийн Засаг даргад нэр дэвшигчийг сумын Засаг дарга томилохоос татгалзсан тохиолдолд тухайн багийн нийт өрхийн 50-иас доошгүй хувийн төлөөллийг оролцуулан дахин хуралдаж, иргэдээс багийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг дахин шинээр хэлэлцэн, хуралдаанд оролцсон иргэдийн 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар сумын Засаг даргад санал болгох үүргийг багийн иргэдийн Нийтийн хуралд хүлээлгэсэн, мөн ийнхүү хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцогчдын 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг тухайн багийн Засаг даргаар томилсон шийдвэрийг 5 өдрийн дотор гаргах үүргийг сумын Засаг даргад тус тус хүлээлгэсэн байна. Өөрөөр хэлбэл багийн иргэдийн Нийтийн Хурал нь багийн Засаг даргыг сонгох үйл ажиллагааг Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан журмаар явуулах үүрэгтэй, ийнхүү хуульд заасан журмын дагуу хуралдсан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаас олонхийн санал авсан нэр дэвшигчийг сумын Засаг дарга 5 хоногийн дотор багийн Засаг даргаар томилох үүрэгтэй байна.

Гэтэл Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хуралдааны 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд тухайн хуралдаанд багийн хэдэн өрхийн хэдэн төлөөлөл ирсэн, ирц бүрдсэн эсэх талаар болон тухайн хуралдаанаар багийн Засаг даргыг сонгох асуудал хэлэлцэх тухай тэмдэглэн бичээгүй, зөвхөн “хэлэлцэх асуудал дотоод журам” гэж бичсэн байгаагаас гадна багийн Засаг даргад нэр дэвшүүлэх эсэх, хэдэн нэр дэвшигчийн нэрээр санал хураалт явуулах, тооллогын комиссын гишүүдийг сонгох зэрэг асуудлыг хуралдаанд оролцогчдоор хэлэлцүүлж батлаагүй бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хуралдсан анхдугаар хуралдаанаас байгуулсан тооллогын комиссын 5 гишүүнээс Ч.Уртнасан, М.Жаргалсайхан, Д.Оюунчимэг нарын 3 гишүүнийг  хуралдаанд оролцогчдын санал хүсэлтийг асууж хэлэлцэж батлалгүйгээр ажиллуулан санал хураалт явуулж, дүнг гаргасан, багийн Засаг даргад нэр дэвшигч М.Цэцгээд тухайн хуралдааны товыг мэдэгдээгүй зэрэг нь Сүмбэр 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл, гуравдагч этгээд М.Цэцгээ нарын тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймээс Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д “Хуралдааныхаа дэгийг тухайн Хурал өөрөө тогтоож тогтоолоор батална” гэж заасныг Сүмбэр сумын 1-р багийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хуралдаан зөрчсөн, хуралдаанаар хэлэлцэх асуудал болон тухайн асуудлуудыг шийдвэрлэхтэй холбогдуулан санал хураалт явуулж, дүн гаргах тооллогын комиссыг хуралдаанд оролцогчдын саналаар байгуулаагүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн Сүмбэр сумын 1-р багийн 2017 оны 2 сарын 09-ний өдрийн иргэдийн Нийтийн Хурлын 2-р хуралдааны тэмдэглэлд[8] 136 иргэн Ч.Цэдэнбалд, 26 иргэн М.Цэцгээд санал өгсөн гэж, тооллогын комиссын протоколд[9] 162 иргэн санал өгсөн тухай бичсэн, 162 саналын хуудас[10] тоологдсоноос гадна 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Сүмбэр 1-р багийн ИНХ-ийн ирцийн бүртгэл” жагсаалтад 188 иргэний нэр бичсэн ч 174 иргэн гарын үсэг зурсан[11], Сүмбэр 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/04 тоот албан бичгийн хавсралт “2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “БИНХ-д оролцсон өрхийн бүртгэл” жагсаалтад 138 өрхийн тэргүүлэгч болон төлөөллийн нэрсийг бичсэн, “Сүмбэр сумын Сүмбэр 1-р багийн ИНХ-ын анхдугаар хуралдааны тэмдэглэлд[12] хуралдааны ирц-272 өрх...” гэж тэмдэглэсэн, Сүмбэр сумын 1-р багийн “Өрхийн тэргүүлэгчдийн жагсаалтад[13] 287 өрх бүртгэлтэй, гуравдагч этгээд М.Цэцгээгээс шүүхэд ирүүлсэн “2017 оны 02 дугаар сарын 09-ний Сүмбэр 1-р багийн ИНХ-ын 2 дахь санал хураалтад өрхөөс давхардаж санал өгсөн иргэдийн судалгаанд[14] 43 өрхөөс 47 иргэн давхардаж санал өгсөн, багт харъяалалгүй иргэн Алдар санал өгсөн гэж бичсэн зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Сүмбэр сумын 1-р баг нийт хэдэн өрхтэй байсан, тэдгээр өрхөөс хэдэн өрхийн хэдэн төлөөлөл хуралдаанд оролцсон нь тодорхойгүй байх тул тус хуралдааны ирц бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байна.

Дээрх нөхцөл байдлуудаар Сүмбэр сумын 1-р багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Хоёрдугаар хуралдаан нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 23.14, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдож байна.

Иймд Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Цэдэнбалыг томилоогүй тус сумын Засаг даргын эс үйлдэхүй нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасныг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгчийн Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар  Ч.Цэдэнбалыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгчээс Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин Сүмбэр сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/195 дугаар захирамжаар 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 захирамжийг хүчингүйд тооцсон байна.

Сүмбэр сумын Засаг дарга 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/195 дугаар захирамж илт хууль бус болохыг  хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс уг захиргааны актад дүгнэлт хийх шаардлагагүй болно. Иймд Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.11, 23.14, 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Цэдэнбалын “Сүмбэр сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Б/24 дүгээр захирамжийг илт хууль бусд тооцуулах, Сүмбэр сумын 1-р багийн Засаг даргаар Ч.Цэдэнбалыг томилохыг Сүмбэр сумын Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.           

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

 


[1] Хэргийн 41-р хуудас,

[2] Хэргийн 39-р хуудас,

[3] Хэргийн 40-р хуудас,

[4] Хэргийн 44-45 дугаар хуудас,

[5] Хэргийн 7-р хуудас,

[6] Хэргийн 9-р хуудас,

[7] Хэргийн 90,91-р хуудас, 1-р багийн ИНХТ-ийн тогтоол, тэмдэглэл,

[8] Хэргийн 10-р хуудас,

[9] Хэргийн 92-р хуудас,

[10] Хэргийн 86-р хуудас, үзлэгийн тэмдэглэл

[11] Хэргийн 72-75 дугаар хуудас,

[12] Хэргийн 41-р хуудас,

[13] Хэргийн 94-102-р хуудас,

[14] Хэргийн 103-р хуудас,