Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 0031

 

О.Баасангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч О.Баасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галсанпунцаг, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1173 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: О.Баасангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Цэцгээд холбогдох

19,825,000 /арван есөн сая найман зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч О.Баасан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Цэцгээ охиныг маань өрөөндөө дуудаж 2,500,000 төгрөг 14 хоногийн хугацаатай зээлээч яаралтай хэрэг болоод гэхээр нь өгсөн байсан. Мөнгөө ч хугацаандаа өгсөн юм. ...Нэг өдөр өрөөндөө дахин дуудаж Түнэл суманд маш сайн хөрөө рам оллоо, миний сайн найз Отгоо гэдэг хүн байгаа. Би урьд нь хамтарч Улаанбаатар луу банз палк ачуулдаг байсан гэсэн байсан ...Хэд хоногийн дараа Цэцгээ охин руу залгаж 3,000,000 төгрөг зээлүүлээч хүү нь хамаагүй, манай байгууллагын санхүүжилт орж ирдэггүй, тайлан тооцооны үе болоод цалингаа тавих гэсэн юм. Банз, палк авах гэсэн нөгөө мөнгөнөөсөө зээлүүлчих. Санхүүжилт ороод ирэхээр эгч нь шууд өгнө гээд авсан юм. Ингээд нэг сарын дараа мөнгөө авъя гэхэд нэг сар сунгаач, санхүүжилт арай л ирээгүй байна гэсээр байгаад дахин нэг сар сунгасан байсан. ...Цэцгээ охиныг хоолонд оруулж эгчдээ нэмээд 6,000,000 төгрөг цонхны урьдчилгаа өгчих, цонх бэлэн болох үед эгч нь баараггүй өгчих юм чинь гээд авсан байсан. Үүнээс хойш зээлсэн мөнгөө өгөлгүйгээр хүүг нь өгье, хугацаа сунгаач гэсээр нилээд хэдэн сар болсон. Ингээд Цэцгээгээс мөнгөө авъя гэж асуух бүрт дахин дахин банз, палк, цонх бэлэн болсноос ялгаагүй. Эгч нь энэ асуудлыг хар толгойгоороо хариуцна гэсэн. 2015 оны 02 дугаар сард цагаан сарын битүүний урд өдөр охин дээр ирж нэмж 8,000,000 төгрөг өгөөч маш хүнд байдалд ороод байна. Тайлангаа хоцроосноос болоод их торгуулд ороод байна гэхэд нь манай охин та миний бүх мөнгийг авсан шүү дээ, одоо өгч чадахгүй гэхэд охиноос салахгүй байнга нэхсээр байж охин маань 1,000,000 төгрөг дүүгээсээ зээлж өгсөн байсан. Цагаан сарын дараа миний охин Тайланд явах болж мөнгөө авъя гэдэг яриа гарангуут Түнэл суманд хөрөө рамтай гэх Отгоо, түүний хүү Бадрал нарыг миний бие, эхнэр охиныг уулзуулсан. Хүү Бадрал нь хэлэхдээ 4 сар гэхэд банз, палк бэлэн болно. Хамгийн сайн чанартай гэхэд нь Баасан миний бие зөвшөөрч банз, палкны хэмжээ тоог гаргаж захиалга өгсөн ...Ингээд Цэцгээ охиныг маань өрөөндөө дуудаж Түнэл явж нүдээр үзэж, уулзаж учраад ирсэн юм чинь итгэсэн биз дээ, чамайг Тайланд яваад ирэхэд чинь бүх юм чинь бэлэн болчихсон байна гэж бүрэн итгүүлж дахин 17,000,000 төгрөгийг хүүгийн хамт өгчих гэж хүсэлт тавьж, охин ч Цэцгээд итгэн 17,000,000 төгрөгөө өгөв. Охин Цэцгээд надаас зээлсэн мөнгөө Тайландад байхад миний данс руу хийгээрэй, би бараандаа явж байгаа шүү. Халаасандаа мөнгөгүй явж байна шүү гэхэд тэгэлгүй яахав эгч нь араас нь явуулна гэсэн боловч тэр цагаас эхлэн зээлсэн мөнгө, хүүгээ ч өгөхөө больсон. Тайландаас охин маань хэд хэдэн удаа утсаар ярьж мөнгөө нэхсэн боловч чамайг ирэнгүүт эгч нь хүү алданги бүгдийг нь өгнө. Захиргааны 3 баараггүй нягтлангуудад зээлүүлчихсэн чинь өгдөггүй гэж хэлсэн байсан. ... Цэцгээ нь 27,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор 2 тал харилцан тохирч 2015 оны 04 дүгээр сарын 25-нд гэрээ хийсэн боловч Цэцгээ нь энэ мөнгөө хугацаандаа төлөхгүй өдий хүрсэн юм ... Иймд Б.Цэцгээгээс төлбөрийн дутуу 19,825,000 төгрөгийг нэхэмжилж буй тул энэхүү асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсч нэхэмжлэл гаргав гэжээ.

Нэхэмжлэгч О.Баасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би Б.Цэцгээд нийт дүнгээр гэрээ байгуулж 27,500,000 төгрөгийг 1 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Түүний 10 хувийн хүү болох 2,750,000 төгрөг, алданги 13,750,000 төгрөг, нийт 44,832,000 төгрөгийг нэхэмжилж байна. Үндсэн зээлийн 50 хувиас хэтрэхгүй гэдэг утгаар 13,750,000 төгрөг, нийт 44,832,000 төгрөг болж байгаа. Хариуцагчаас 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүүнд 2,750,000 төгрөг, 2015 оны 5 дугаар сард алданги 1,000,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сард миний дансаар Биндэръяагийн нэрээр 7,900,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Өргөө зоогийн газарт тааралдаж 500,000 төгрөгийг авсан. Бэлэн болон бэлэн бус мөнгөөр 12,150,000 төгрөг авсан. Бараа материалаар “Центр” дэлгүүрээс 4,632,500 төгрөгийн бараа, Барнууд дэлгүүрээс 3,718,500 төгрөгийн бараа, хайрга 450,000 төгрөг, блокны үнэ 96,000 төгрөг, цахилгааны шитний 370,000 төгрөг, нийт 9,275,000 төгрөг болсон. Энэ бүгд нийлээд 21,425,000 төгрөгийг бэлэн мөнгө, бараа материалаар авсан. Үүний зөрүү 23,307,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар байгаа боловч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 19,825,000 төгрөгийг Б.Цэцгээгээс гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Цэцгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Алтанзаяагийн аав Баасан ээж Сувдмаа бид эртний танил нөхдүүд. ... 2014 оны 3 сард хувийн хэрэгцээнд мөнгө шаардлагатай болсон, үүнийгээ Сувдмаад дурсаж мөнгө олж өгөөч гэж гуйсан. Сувдмаа би нэг хүнд хэлнэ. ярьж өгье олж өгнө гэж хэлсэн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа Сувдмаа чам руу хүн очно гэж хэлсэн. 2014 оны 4 сард Б.Алтанзаяа нөхөр болох Монголоор Аар гэж дууддаг Аарыг дагуулан орж ирж англиар юм ярьж байснаа ээж намайг явууллаа. Танд хэд хэрэгтэй юм бэ гэхээр нь боломж байвал 1,500,000 төгрөг хэрэгтэй байна гэхэд зөвшөөрч мөнгө авалцаж өгөлцөж эхэлсэн. 2014 ондоо бид мөнгө авалцаж өгөлцөж хугацаа алдалгүй эргүүлэн төлөлтүүд хийгдэж байсан.

... Б.Цэцгээ би палк, банз, вакум цонх хийнэ гэж мөнгө аваагүй зөвхөн зуучилж өгсөн. 2015 оны 2 сард палкны эзэн Отгонбаяр болон хүүтэй нь танилцуулж өгсөн хоорондоо танилцаж үнэ мөнгөө тохиролцож байсан. 2015 оны 4 сард Түнэл суманд Баасан Алтанзаяа Аар бид дөрөв очсон. Отгонбаяртай палк банзны гэрээ хийцгээсэн. Үнэ мөнгөө өөрсдөө ярилцаж байсан би зөвхөн зуучилж өгсөн үүрэгтэй. Цонх констракшны захирал Эрдэнэцэцэг миний багын найз зуучилж өгсөн. Цонхыг зээл хийлгэж өгөөч гэж Баасан надад хүсэлт тавьсан энэ хүсэлтийг манай найз зөвшөөрөөгүй өөрөө зээл ихтэй би зээл хийж өгч чадахгүй гэдэг хариулт өгсөн. 2015 оны 5 сард бидний хийсэн хэлцлээс нэг сар өнгөрөнгүүт намайг цагдаад өргөдөл өгч эрүүгийн хэрэг үүсгүүлэн дарамталж эхэлсэн. Миний хувьд анх удаа цагдаа шүүхээр явж байгаа болохоор мэдүүлгээ ч үнэн зөв өгч мэдэхгүй сэтгэл санааны хүнд стресст орсон. ... Центр их дэлгүүрээс барилгын материал худлаа хэлж авсан гэж шийтгүүлсэн. Баасан өөрөө захиалагч нь байсан. Сувдмаа Алтанзаяа нар бүгд мэдэж байсан. Захиалагч хамтрагч нар байж намайг шийтгүүлсэн. Би 2015 он 2016 оны хооронд их хохирол амслаа. Бүх зүйлд гүтгүүлж доромжлуулж 1 жил гаруй хугацаанд эрүүгийн хэрэг үүсгүүлэн гүтгэж ялд унагаасан. ... Шадар сайдын албанд гүтгэлгийн өргөдөл бичсэн. Энэ өргөдөлд Баасантай хийсэн миний тооцоог арван сая төлөлт хийсэн гэж гүтгэж бичсэн гэх мэт гүтгэлгүүд олон удаа болж байна. Алтанзаяагаас авч байсан мөнгийг олон удаа найдвартай төлж байсан. Дарамтапж байж гэрээг нөхөж хийсэн. Эрүүгийн хэргийн материалд хохирол төлбөргүй гэж шийдвэр гарсан тул Баасангийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Б.Цэцгээ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Иргэн Баасан овогтой Алтанзаяагаас 4 удаа нийтдээ 27,500,000 төгрөгийг 2014 онд зээлж авсан ба дээрх мөнгийг зээлж авахдаа албан ёсоор хүү алданги тооцсон гэрээ байгуулаагүй юм. Б.Алтанзаяагийн эцэг Баасан нь 2016 оны 1 сарын 06-ны өдөр тооцоо нийлэхдээ үндэслэлгүйгээр 27,500,000 төгрөгтөө 10 хувийн хүү тооцож надаас 59,685,000 төгрөгийг нэхэж би зээлж авсан мөнгөндөө бэлнээр 17,650,000 төгрөг, бараа материалаар 10,010,000 төгрөг нийтдээ 27,660,000 төгрөгийг төлж барагдуулсан юм. О.Баасан, Б.Алтанзаяа нар нь өмнө надад зээлдүүлсэн мөнгөндөө хүү алданги тооцон гэрээг 2015 оны 04 сарын 25-нд байгуулснаар нөхөж гэрээг хийж гарын үсэг зуруулсан юм. Уг гэрээний заалтандаа хоёр тал гарын үсэг зуралцаж нотариатаар батлуулснаар хүчинтэйд тооцохоор гэрээндээ тусгагдсан боловч уг гэрээг нотариатаар батлуулаагүй, мөн надад гэрээний 1 хувийг гардуулж өгөөгүй. Иймд уг гэрээг хүчингүйд тооцуулах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б.Цэцгээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 19,825,000 төгрөгийг О.Баасанд өгчихсөн. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр нарийвчилсан актыг үйлдсэн. Тэр өдөр манай өрөөнд О.Баасан, Б.Алтанзаяа, Сувдмаа нар ирж тооцоо хийсэн. 23,675,000 төгрөгийг өгсөн авснаар тооцоо нийлсэн. Дараа нь 2016 оны 4 дүгээр сард 500,000 төгрөг өгсөн. Нийт 24,175,000 төгрөг болж байна. Үлдэх 3,325,000 төгрөгийг төлнө. 27,500,000 төгрөг бол 2014 оноос 2015 онд орж ирсэн мөнгө. Энэ тооцоог О.Баасан буруу гаргачихсан байгаа юм. Баримтуудаас харахад шадар сайд 2014 оны 10 дугаар сард 27,500,000 төгрөг гэж баримтаараа байгаа. 2015 оны 3 дугаар сард аваагүй юм. Өгөөгүй актад 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 5 дугаар сарын 25-нд авсан гэж байгаа нь гүтгэлэг. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр бүх тооцоо боллоо, бүгдээрээ шүүхээр явахгүй гэж байсан. ... Мөнгө төлөх хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрөөр тохирчихоод шадар сайдад өргөдөл өгөөд би ажлаасаа гарах болчихоод байгаа. Мөн аудитын байгууллагаар сүүлийн 5 жилийн баримтыг шалгуулж аудитын дүгнэлт гарчихсан байгаа. Аймгийн Засаг даргад хүртэл өргөдөл өгчихсөн байсан. Энэ мэт дарамтаас болж учраа олохгүй явж байна. Шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээ бүхэлд нь дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Баасан сөрөг нэхэмжлэлд өгсөн хариу тайлбартаа: 2015 оны 1 дүгээр сараас эхлэн 4 удаа хийж 27,500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцохоор гэрээ хийж, харилцан тохирч гарын үсэг зурж дээрх мөнгийг өгч авалцсан билээ. Харамсалтай нь Б.Цэцгээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй 1 жил 6 сарын хугацаа өнгөрсөн билээ. Ингээд Б.Цэцгээгээс үндсэн мөнгө 27,500,000 төгрөг, хүү 2,750,000 төгрөг, үндсэн зээлийн 50 хувь болох 13,750,000 төгрөгийн алданги, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,000 төгрөг нийт 44,832,000 төгрөг гаргуулан авахаас бэлэн мөнгөөр 12,150,000 төгрөг, бараа материалаар 9,275,000 төгрөг бүгд 21,450,000 төгрөгийг хасч тооцон одоо үлдэх 23,125,000 төгрөгийг Б.Цэцгээгээс гаргуулахыг хүсч байна. Б.Цэцгээ нь сөрөг нэхэмжлэлдээ гэрээг нөхөж хийсэн, хүчээр гарын үсэг зуруулсан, хуурамч гэрээ гэх мэт тайлбар өгсөн байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б.Цэцгээгийн мөнгө зээлж авсан 4 удаагийн өөрийн гараар бичсэн гэрээ байгаа болно. Тэр гэрээндээ авсан мөнгөндөө 10 хувийн хүүтэй 30 хоногийн хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд 0,5 хувийн алданги тооцож 8 хоногийн дотор мөнгөө төлөхгүй бол эд хөрөнгөө борлуулан хохиролгүй болгоно, хоёр тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж өөрийн гараар хийсэн гарын үсэгтэй гэрээг байгаа болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1173 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Цэцгээгээс 6,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Баасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 27,500,000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч О.Баасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Цэцгээгээс 6,075,000 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 112,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Баасанд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар 295,450 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах, хариуцагч О.Баасангаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамж 295,450 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Цэцгээд олгохоор тус тус шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч О.Баасан давж заалдах гомдолдоо: ... Эхлээд охиноос маань 2,500,000 төгрөгийг зээлж авч тохиролцсон хугацаандаа эргэн төлж итгэл үнэмшлийг төрүүлсэн. Ингээд 2015 онд 4 удаа гэрээ байгуулж нийт 27,500,000 мянган төгрөгийг зээлж авсан юм. Б.Цэцгээд удаа дараа зээлсэн нийт 27,500,000 төгрөгийн 10 хувийн хүү, 2,750,000 төгрөг, /сарын/ алданги 29,435,000 мянган төгрөг, нийт 59,685,000 төгрөг болсон юм. Бид Б.Цэцгээг харж үзээд анх зээлсэн мөнгөний 50 хувь болох 13,750,000 төгрөг дээр алданги нэмээд нийт 41,250,000 төгрөгийг Б.Цэцгээгээс нэхэмжилж байсан ба үүнээс надад 12,150,000 төгрөг бэлнээр, 9,275,000 төгрөгийн бараа материал өгч одоо 19,825,000 төгрөгийн үлдэгдэл байгаа ба үүнийг нэхэмжилж байгаа. Бид Б.Цэцгээтэй Иргэний хуулийн зохих зүйл заалтын дагуу гэрээ байгуулж, хугацаагаа тохирсон. Хэрэв хугацаа хэтэрсэн тохиолдолд алданги тооцохоор хүртэл тохиролцож гэрээ байгуулсан нь эцсийн бүлэгт нэхэмжлэлийн шаардлагаас 13,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, бидний хооронд байгуулсан хэлцлийг шүүх хүчин төгөлдөр бусад тооцлоо. Б.Цэцгээд төлбөрөө төлөх хугацаа өгч 2016 оны 1 сарын 6-нд хийсэн тооцоо нийлсэн акт байгаа. Энэхүү актын хугацаа дуусгавар болохоор бид шүүхэд нэхэмжлэлээ гаргасан ба хоёр тал харилцан тохирч гарын үсэг зурсан. Шүүх хуралд нотлох баримт болгож Б.Цэцгээгийн гараар бичсэн 4 хэсэг гэрээ /27,500,000 төгрөгийн/ Мөн Б.Цэцгээтэй 2016 оны 1 сарын 6-нд тооцоо нийлсэн актын эх хувийг шүүхэд өгсөн ба хоёр талын харилцан тохиролцсон яриа, төлбөрөө төлж дуусгах хугацааг сунгаж буй бичлэгийг плаш дээр тодорхой байсан боловч энэ талаар шүүх хурал дээр хэлж тайлбар өгөх гэсэн боловч шүүх хуралдаан даргалагч мэтгэлцүүлээгүй, плаш дээр бичигдсэн зүйлийг эс зөвшөөрч хариуцагч талын эрх ашгийг хамгаалан хэт нэг талыг барьж асуудлыг шийдвэрлэсэн болно. Иймд анхан шатны шүүхийн 1173 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулах эсхүл хүчингүй болгож дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Цэцгээ давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: Би иргэн Б.Алтанзаяа, Аар нараас 4 удаа нийтдээ 27,500,000 төгрөгийг 2014 оны 10 сараас эхлэн цувуулж зээлж аваад бид тохиролцсоноор сар бүр төлөлтийг хийж байгаад бэлэн мөнгөөр 17,650,000 төгрөг, бараа материалаар 10,010,000 төгрөг нийт 27,660,000 төгрөгийг 2015 оны эхний 9 сар гэхэд бүрэн барагдуулсан билээ. О.Баасан, Б.Алтанзаяа нар хуурамч гэрээг хэд хэдэн удаа нөхөж хийсэн. 2016 оны 1 сарын 16-ны өдөр Б.Алтанзаяа, О.Баасан, Сувдмаа бид нар тооцоо нийлж акт үйлдсэн билээ. Энэ актад 23,675,000 төгрөгийг бэлэн мөнгө болон бараа материал хүлээн авсан гэдгээ бүгд зөвшөөрч гурвуулаа гарын үсэг зуралцаж тооцоо нийлсэн билээ. Энэ актад 23,675,000 төгрөгийн тооцоог О.Баасан, Б.Алтанзаяа нар хүлээн зөвшөөрч байгаа ба зөрүү 3,325,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрч төлнө. Харин 2,750,000 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна.

          Нэхэмжлэгч О.Баасан нь хариуцагч Б.Цэцгээд холбогдуулан зээлийн төлбөрт нийт 19.825.000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Цэцгээ нь гэрээг хүчингүйд тооцуулах сөрөг нэхэмжлэл гаргасан ба шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 282.4-т зааснаар хариуцагч Б.Цэцгээгээс 6,075,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О.Баасанд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан 27,500,000 төгрөг зээлдүүлэх тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож шийдвэрлэжээ.

          Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд зээлийн гэрээний оролцогч Б.Алтанзаяа нь 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  О.Баасанд итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийн эрх, үүргийг шилжүүлэхдээ “шүүхэд төлбөр гаргуулах асуудлаар тайлбар, нотлох баримт гаргах, шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих эрх”-ийг олгосон байна.

           Гэтэл  О.Баасан 2016 оны  06 сарын  08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2-т заасныг зөрчиж итгэмжлэлд олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн ба шүүх О.Баасанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулснаар хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж  чадаагүй байна.   

Мөн О.Баасанд сөрөг нэхэмжлэл гардаж авах, түүнд тайлбар гаргах эрх олгоогүй байхад сөрөг нэхэмжлэлийг гардуулж, гаргасан тайлбарыг үндэслэн  хэргийг шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчжээ.

            Дээр дурьдсан алдааг давж заалдах шатны шүүхээр зөвтгөн залруулах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.          

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн  эрх зүйн үндэслэлийн талаар  давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 226,700 /хоёр зуун хорин зургаан мянга долоон зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СОСОРБАРАМ

                 ШҮҮГЧИД                                 Б.ОЮУНЦЭЦЭГ

                                                          Т.ГАНБАТ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

,