Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 016

 

Х.Авдулмажит, М.Тилеубек нарт холбогдох 

Эрүүгийн хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Дамба, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй, 

 

хяналтын прокурор Б.Ботакөз, 

шүүгдэгч Х.Авдулмажит, М.Тилеубек, 

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Костёр

орчуулагч А.Еркегүл, шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Т.Айбек нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолтой, Х.Авдулмажит, М.Тилеубек нарт холбогдох эрүүгийн 201704000036 дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ители овогт Макимийн Тилеубек, Монгол улсын иргэн, 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 22 настай,  эрэгтэй,  яс үндэс казах, дээд боловсролтой, газарзүйн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийг хамт амьдардаг, Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЮ95082518. 

Молхы хошах овогт Хибадатын Авдулмажит, Монгол улсын иргэн, 1994 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, аав, ээж, ах, эгч нарын хамт амьдардаг, Дэлүүн сумын 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар БЖ94031817.

 

Шүүгдэгч М.Тилеубек, Х.Авдулмажит нар 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Хадлетханы өвлийн байшингийн хаалга болон махны амбаарын хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг аравч, 1 ширхэг эсгийн гэрийн хөмсөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 345000 төгрөгийн хохирол учруулсан, 

мөн өдөр буюу 2017 оны 01 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Манасын гараашийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Кен” маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, өрөм 1 ширхэг, хуучны дөш 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 470000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор:  “1. Шүүгдэгч Молхы хошах овогт Хибадатын Авдулмажит, Ители овогт Макимийн Тилеубек нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэж, тээврийн хэрэгсэл ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Х.Авдулмажитийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

 - Шүүгдэгч М.Тилеубекийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 3 /гурав/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэж шийдвэрлэжээ. 

 

Шүүгдэгч М.Тилеубекийн давж заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч М.Тилеубек би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч М.Тилеубек надад холбогдох эрүүгийн 201704000036 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч М.Тилеубек би тохиолдлын шинж чанартай анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ чин саанаасаа гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бүрэн арилгасан, хохирогч нар надад гомдолгүй байхад анхан шатны шүүхээс намайг заавал нийгмээс тусгаарлан баривчлах ял оногдуулж байгаа явдалд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч надад хорих ял оногдуулахаар санал болгосныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэн харгалзах ял оногдуулах боломжтой байсан юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2-т “шүүгдэгч М.Тилеубекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж”... гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгийг хураах ялыг заавал хэрэглэхээр тусгаагүй байна. Энэ нь анхан шатны шүүх эд хөрөнгө хураах ялыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч М.Тилеубек би тодорхой эрхэлсэн ажилгүй, нэн ядуу амьдралтай, хөгшин ээжтэй хамт хоёулаа амьдардаг, ямар ч орлогогүй хөрөнгө хураах ял оногдуулж байгаа явдалд гомдолтой байна.  Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч М.Тилеубек надад оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлэн цаашид тэнсэн харгалзах, шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт заасан “Шүүгдэгч М.Тилеубекийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж” гэсэн хэсгийг тус тус хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч Х.Авдулмажитийн давж заалдах гомдолд: Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны харьяа цагдан хорих байранд цагдан хоригдож буй шүүгдэгч Х.Авдулмажит би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдол гаргаж байна.Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Авдулмажит надад холбогдох эрүүгийн 201704000036 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Авдулмажит би тохиолдлын шинж чанартай хүндэвтэр гэмт хэрэг анх удаа холбогдсон, үйлдсэн гэмт хэргээ чин санаанаас гэмшин ухамсарласан, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгасан, хохирогч нар гомдолгүй байхад анхан шатны шүүхээс намайг заавал нийгмээс тусгаарлан баривчлах ял оногдуулж байгаа явдалд гомдолтой байна. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч надад хорих ял оногдуулахаар санал болгосныг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тодорхой хугацаагаар тэнсэн харгалзах боломжтой байсан юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн ‘Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн Х.Авдулмажитын эзэмшил, өмчлөлийн 400000 \дөрвөн зуун мянга\ төгрөгийн үнэтэй, 3794 улсын дугаартай Элэнтра маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай" гэснийг зөвшөөрөхгүй байна Учир нь 37-94 улсын дугаартай "Элэнтра” маркийн автомашин нь гэмт хэрэг үйлдэх үед үед миний хууль ёсны өмчлөлд байгаагүй, өөрөөр хэлбэл техникийн гэрчилгээнд өөр хүний нэр байдаг юм. Иймд анхан шатны шүүх бусдын өмчлөлөөс Х.Авдулмажит миний өмчлөлд хууль ёсоор шилжээгүй байсан автомашиныг шууд хураан улсын орлого болгож байгаа нь Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 2. “шүүгдэгч Х.Авдулмажитийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж..."гэснийг зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2-т заасан эд хөрөнгийг хураах ялыг заавал хэрэглэхээр тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө хураахгүйгээр үндсэн ял оногдуулж болох боломж бий. Энэ нь анхан шатны шүүх эд хөрөнгө хураах ялыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Авдулмажит би тодорхой эрхэлсэн ажилгүй, нэн ядуу амьдралтай, тээврийн хэрэгслийг хураалган улсын орлого болгож байгаагийн зэрэгцээ бас нэмж надад хөрөнгө хураах ял оногдуулж байгаа явдал нь шүүгдэгч миний эрх ашгийг дордуулж байна гэж үзэж байна. 

 

Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолын хууль зүйн үндсийг хянан үзээд шүүгдэгч Х.Авдулмажит надад оногдуулсан баривчлах ялыг хөнгөрүүлэн цаашид тэнсэн харгалзахаар шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт заасан "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хулгайн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэсэн Х.Авдулмажитын эзэмшил, өмчлөлийн 400000 \дөрвөн зуун мянга\ төгрөгийн үнэтэй, 3794 улсын дугаартай Элэнтра маркийн тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай, Шүүгдэгч Х.Авдулмажитийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 50000 /тавин мянга/ төгрөгийн эд хөрөнгийг хурааж гэсэн хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн хуулийн шаардлагыг хангажээ. 

 

Шүүгдэгч М.Тилеубек, Х.Авдулмажит нар нь давтан бүлэглэж 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шөнийн 03 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Хадлетханы өвлийн байшингийн хаалга болон махны амбаарын хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж 6 ширхэг аравч, 1 ширхэг эсгий гэрийн хөмсөг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 345.000 төгрөгийн хохирол учруулсан, 

Мөн 2017 оны 01 сарын 19-ний шөнийн 05 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Х.Манасын гараашийн хаалгыг эвдэж хууль бусаар нэвтрэн орж “Кен” маркийн цахилгаан хөрөө 2 ширхэг, өрөм 1 ширхэг, хуучны дөш 1 ширхэг зэрэг эд зүйлүүдийг хулгайлж 470.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг давтан үйлдлээр бүлэглэж, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, тээврийн хэрэгсэл ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлджээ.

 

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч М.Тилеубек, Х.Авдулмажит нарын гомдлын агуулга нь ижил байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон эсэхийг хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудын хүрээнд давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлийг хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав. 

 

Шүүгдэгч нар “тохиолдлын шинж чанартай анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг бүрэн арилгасан, хохирогч нар надад гомдолгүй байхад анхан шатны шүүхээс намайг заавал нийгмээс тусгаарлан баривчлах ял оногдуулж байгаа явдалд гомдолтой” гэснийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад шүүгдэгч нар давтан бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байдалд ял шийтгэл тохирсон байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ. 

 

Анхан шатны шүүхээс хулгайн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан иргэн Ж.Нурболын нэр дээр бүртгэлтэй 3704 БӨТ улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгслийн жинхэнэ эзэмшигч нь шүүгдэгч Х.Авдулмажит мөн болох нь хэрэгт авагдсан Ж.Нурболын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр техникийн хяналтын үзлэгт оруулж шинэ гэрчилгээ аваад Х.Авдулмажитэд 600.000 төгрөгөөр худалдсан ба тухайн үед 500.000 төгрөг өгсөн. 100000 төгрөг үлдсэн байсан тул нэр дээр нь шилжүүлж өгөөгүй. Үлдсэн 100.000 төгрөгийг саяхан надад Х.Авдулмажит төлж өгсөн болно. Одоо Авдулмажитаас ямар нэгэн авлага байхгүй болно. Одоо ч гэсэн энэхүү машиныг Х.Авдулмажитын нэр дээр буулгаж татгалзах зүйл байхгүй болно” гэсэн мэдүүлгийн үнэлжээ. Энэ нь Иргэний хуульд зааснаар “өмчлөгч нь эрхээ бусдад шилжүүлж болох бөгөөд эрх шилжүүлж авсан этгээд эд юмсыг өмчлөгчийн зөвшөөрсөн зориулалт, өөрийн үйл ажиллагааны зорилгын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй бөгөөд талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэснээр Ж.Нурболын нэр дээр бүртгэлтэй 3704 БӨТ улсын дугаартай Элентра маркийн тээврийн хэрэгсэл шүүгдэгч Х.Авдулмажитын хувийн өмч мөн болохыг анхан шатны шүүх дүгнэсэн нь зөв болжээ. 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж, шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлсэн нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хэргийг зөв зүйлчилсэн байна. 

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд “анхан шатны шүүх гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тэдгээрийн хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл хэмжээний ял оногдуулсан, хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зөрчөөгүй” байх тул Х.Авдулмажит, М.Тилеубек нарын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан М.Тилеубек, Х.Авдулмажит нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-т зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ,

  ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

            ШҮҮГЧИД                                                      Б.ДАМБА

 

 

            Д.МӨНХӨӨ