Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2021/0049

 

С.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 735 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор С.С-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 735 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.С-ээс гаргасан “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/08 дугаартай шаардах хуудас болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамжийг хууль бус болохыг тогтоолгож, хариуцагч нараас 955.500.000 /есөн зуун тавин таван мянга таван зуун төгрөгийг гаргуулахыг хүссэн” шаардлага бүхий С.С-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н давж заалдах гомдолдоо: “ ... Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн ТҮЦ эрхлэгчдэд хамаарах буюу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан журмыг эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлээгүй байгаа бөгөөд энэ нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хариуцагчийн тайлбараар нотлогдож, тогтоогддог. Ийнхүү тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй учир өдгөө нийслэлд албан ёсны зөвшөөрөл бүхий нэг ч ТҮЦ байхгүй байхад мөн нэхэмжлэгчийн ТҮЦ-ээ байршуулж байгаад хураалгасан байршилд, нийслэл, тус дүүргийн хаа сайгүй бусад этгээд ч ТҮЦ ажиллуулж байхад нэхэмжлэгчийг онцлон шаардах хуудас өгч, улмаар Газар зохион байгуулалтын алба өөрсдийн хууль бус үйлдлийг зөвтгөх үндэслэлээ нэхэмжлэгчийг ТҮЦ-ээ байршуулахаас 6 хоногийн өмнө гарсан Засаг даргын тодорхой бус утга, агуулгатай захирамжийг хэрэгжүүлсэн хэмээн тайлбарлаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өөрсдөө тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй учир шинээр зөвшөөрөл олгохгүй гэж тайлбарлах атлаа нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллууллаа гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй юм.

... Хэдийгээр Газрын тухай хуулиар хариуцагч нарт газар чөлөөлөх үйл ажиллагаа зохион байгуулах, ТҮЦ-ийг албан нүүлгэх, өөр байршилд шилжүүлэх эрх олгогдсон байж болох ч уул эрхээ эдэлж, хэрэгжүүлэхдээ иргэний ТҮЦ-ийн чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдуулах эрхгүй, газар чөлөөлж, албадан нүүлгэхдээ хөрөнгийн чанар, бүрэн бүтэн байдлыг алдагдахаас урьдчилан сэргийлэх бүхий л талын арга хэмжээ авах, зориулалтын техник, хэрэгсэл ашиглах үүрэгтэй байсан гэж үзэж байна. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх боломжтой асуудлыг иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж хохирлоо барагдуулах боломжтой гэж дүгнэсэн атлаа хэрэгсэхгүй болгосон нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцэхгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0735 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дараах өөрчлөлтийг шийдвэрт оруулав.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамжаар “Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, орчны аюулгүй байдлыг хангах” зорилгоор газар чөлөөлөх байршлуудыг баталж, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламжийг албадан нүүлгэх, газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн, уг шийдвэрээр баталсан, газар чөлөөлөх байршилд нэхэмжлэгч С.С нь ТҮЦ байршуулж, үйл ажиллагаа явуулж байсан, улмаар хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/08 дугаартай шаардах хуудсаар түүнд газар чөлөөлөхийг мэдэгдсэн, нэхэмжлэгч С.С нь тухайн байршилд ТҮЦ ажиллуулах зөвшөөрөлгүй байсан болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан, нэхэмжлэгч С.С- нь маргаан бүхий байршилд ТҮЦ-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, нэгэнт газрыг хуульд заасны дагуу гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, ашиглаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан үндэслэлээр нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлсөн хариуцагчийн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэж буруутгах үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан зөөврийн байгууламжийг албадан нүүлгэх, газар чөлөөлөх ажиллагаанд холбогдуулан маргасан, шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул “...Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн ТҮЦ эрхлэгчдэд хамаарах буюу нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх харилцааг зохицуулсан журмыг эрх бүхий байгууллагаас баталж мөрдүүлээгүй, захиргааны байгууллага өөрсдөө тухайн харилцааг зохицуулсан журам байхгүй учир шинээр зөвшөөрөл олгохгүй гэж тайлбарлах атлаа нэхэмжлэгчийг зөвшөөрөлгүй ТҮЦ ажиллууллаа гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргасныг хүлээн авах боломжгүй.

 Иймд анхан шатны шүүхээс маргаан бүхий актуудыг Газрын тухай хууль зөрчөөгүй талаар үндэслэлтэй, зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Харин нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа удаа дараа өөрчилж, эцсийн байдлаар “Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/08 дугаартай шаардах хуудас болон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгож, хариуцагч нараас 955 500 төгрөг гаргуулах”[1]-аар өөрчилсөн байхад анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д холбогдуулан дүгнэлт хийгээгүйгээс гадна нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт буруу бичсэн, үг, үсгийн болон техникийн шинжтэй алдаа гаргасан түүнчлэн хохирлын талаар гаргасан шаардлагыг “иргэний хэргийн шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой” гэх дүгнэлт хийсэн атлаа уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д “Захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарч хамтатган нэхэмжлээгүй бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасан, нэхэмжлэгч нь 955 500 төгрөгийн хохирол шаардсан боловч хариуцагч нь хохирол учруулсан болохоо хүлээн зөвшөөрөөгүй, хохирлын хэмжээнд маргасан, өмнө нь ямар байдалтай байсан ТҮЦ-ийн байгууламж нь зөөвөрлөгдөх үед ямар болж эвдэрч, гэмтсэн болох нь тодорхойгүй, энэ талаар баримтгүй төдийгүй зөвхөн нэхэмжлэгчийн захиалгаар хийж гүйцэтгэсэн хохирлын үнэлгээний тайланг үндэслэн тухайн хохирлыг “нотлогдсон” гэж үзэх боломжгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 735 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион албанд холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/337 дугаар захирамж болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 19/08 дугаартай шаардах хуудсыг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.С-ийн Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “955 500 /есөн зуун тавин таван мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                      Д.ОЮУМАА

ШҮҮГЧ                                                                     Г.БИЛГҮҮН

 

[1] Хавтаст хэргийн 213 дугаар хуудас