| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00447/И |
| Дугаар | 568 |
| Огноо | 2016-09-01 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдасан /төрийн тусгай албан хаагч/, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 01 өдөр
Дугаар 568
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, Дэнжийн 8 гудамж 309 тоотод оршин суух, Бух овогт Цэрэнгийн Дэжидмаагийн /РД:ЧС69060508/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 8 дугаар хороо, 118 дугаар дунд сургуульд холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэжидмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч миний бие 2011 оноос эхлэн Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуульд технологийн багшаар ажиллаж байгаад сурагчдаас мөнгө татаж цэцэг авахуулсан ноцтой зөрчил гаргасан гэж үзэн 2016 оны 06 сарын 09-ний өдрийн 29 тушаалаар ажлаас халагдаад байна.
Ц.Дэмидмаа би боловсролын байгууллагад ажиллаж байх хугацаанд зөрчил дутагдал гаргалгүй нэр төртэй, амжилттай ажиллаж ирсэн.
Тус сургуулийн 12а бүлгийн хэсэг охид өөрсдийн санаачилгаар технологийн кабинетад цэцэг тавьсан байсан. Цэцэг авах асуудлыг мэдээгүй бөгөөд би цэцэг авч өгөх тухай шаардаагүй байхад сурагчдаас 3 ширхэг цэцэг 7 500 төгрөг, цэцгийн ваар 7 500 төгрөг, нийт 15 000 төгрөгийн хандив авсан гэж үзэн үндэслэлгүйгээр ажлаас халж байгаа явдалд маш их гомдолтой байна.
Захирал Мөнхтөр нь өөрийн үзэмжээр багш нарыг айлган сүрдүүлж, хамт олны эв нэгдлийг хагаралдуулж, миний нэр төрийг гутаан доромжилж өөрийн багийг бүрдүүлэхийн тулд хууль зөрчсөн үйлдэл гаргалаа гэж үзэж байна.
Захирал Мөнхтөр нь өөрөө хууль дүрэм, журам зөрчиж, хандив цуглуулан сургуулиа тохижуулж байсан.
Үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөнөөр миний хувьд сэтгэл санааны асар их дарамтанд орж байгаа бөгөөд миний амьдралыг мэдсээр байж ажлаас халсан нь гэртээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг, 2 оюутны төлбөр төлдөг хүнд хүүхдээ цаашид сургах боломжгүй байдалд оруулж байна.
Иймд ажилтны хөдөлмөрлөх эрх зөрчигдөж байгаа тул ажилд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Ц.Мөнхтөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Тус сургуулийн технологийн багшаар ажиллаж байсан Ц.Дэжидмаагийн нэхэмжлэлтэй ХУД-ийн 118 дугаар сургуульд холбогдох ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Боловсролын байгууллагын хамгийн түрүүнд баримтлах хэм хэмжээ бол багшийн ёс зүй бөгөөд 118 дугаар сургуулийн удирдлага ч мөн энэ шаардлагыг үйл ажиллагаандаа баримталж ажиллаж ирсэн. Нэхэмжлэгчийн хувьд өмнө ажиллаж байсан ажлын үр дүнг үгүйсгэсэн эсвэл үл тоосон ямар нэгэн хандлагыг сургуулийн зүгээс огт гаргаж байгаагүй. Гэтэл нэхэмжлэгч Боловсролын байгууллагын орчин түүний удирдлагыг үндэслэлгүйгээр гүтгэж захирал Мөнхтөрийг ажлын байранд дарамт үзүүлдэг, ялгаварлан гадуурхагч мэтээр шаардлагадаа дурьдсан нь огт үндэслэлгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 12а ангийн сурагчдаас технологийн кабинетад
15 000 төгрөгийн үнэтэй цэцэг, цэцгийн ваар авсан болохоо зөвшөөрсөн нь Боловсролын тухай хууль, Багшийн ёс зүйн дүрэм, сургуулийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээг зөрчсөн нь тогтоогдож байна.
Сургуулийн захирлын 2016 оны 04 сарын 26-ны өдрийн А/17 тоот тушаалын 3-т заасан зөрчил гаргасан. Багш Дэжидмаагийн хувийн амьдралын нөхцөл байдлыг ойлгож байгаа бөгөөд өөрийн ёс зүйн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн нөхцөлд захиргааны шийдвэрийн талаар харилцан ойлолцолд хүрэх боломжтой гэсэн боловч нэхэмжлэгч өнөөдрийг хүртэл ямар нэгэн асуудлыг хөндөж уулзаагүй байгаа болно.
Иймд Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн захирлын 2016 оны 06 сарын 09-ны №-ны Ц.Дэжидмаагийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай захирлын тушаал хуулийн дагуу гаргасан захиргааны акт тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Дэжидмаа нь хариуцагч Хан-Уул дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулан эвлэрсэн байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
“1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан шаардлагуудаас цаашид нэхэмжлэх зүйлгүй хүлээн зөвшөөрсөн.
2.Нэхэмжлэлд дурьдсан 12а ангийн сурагчдаас хандивласан 15 000 төгрөгийн эд зүйлс авсан нь багшийн ёс зүйгээ зөрчсөн үйлдэл болохоо хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлд дурьдсан Ц.Мөнхтөр, Хан-Уул дүүргийн 118 дугаар сургуулийн хамт олны талаарх мэдэээлэл нь ташаа болохыг хүлээн зөвшөөрч, жич уучлал гуйхыг хүлээн зөвшөөрч энэ талаар сургуулийн захиралд бичгээр тайлбар өгнө.
3.Ажилгүй байсан хугацааны цалин, эрүүл мэнд нийгмийн даатгалыг нэхэмжлэхгүй.
4.Хариуцагч Хан-Уул дүүргийн 118 дугаар сургууль эвлэрлийг баталгаажуулсан захирамж гармагц үл маргах журмаар өмнөх ажлын байранд эгүүлэн тогтоосон тушаал гаргахаар харилцан тохиролцов.
5.Эвлэрлийн гэрээг сайн дураар байгуулсан бөгөөд үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон” гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь эвлэрлийг баталгаажуулсан захирамж гармагц үл маргах журмаар нэхэмжлэгчийг өмнөх ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тушаал гаргахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар “гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл” нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Ц.Дэжидаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хан-Уул дүүргийн 118 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгохыг хариуцагч маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийлгэх шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь эвлэрлийг баталгаажуулсан захирамж гармагц үл маргах журмаар нэхэмжлэгчийг өмнөх ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тушаал гаргахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Ц.Дэжидмаад буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН