| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0078/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Мөнхцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
улсын яллагч Д.Мөнхцэцэг,
шүүгдэгч Х.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Х.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 06213 0005 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х.Д, 1969 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, группд байдаг, ам бүл 5, дүү нарын хамт, Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо,101-6 тоотод оршин суух, урьд 2006.04.20-ны өдрийн 51А дугаартай Чингэлтэй дүүргийн шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 101-6 тоотод хамт амьдардаг Г.Хүслэнг үгэнд орсонгүй гэж уурлан таягаараа цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Х.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Насанд хүрээгүй хохирогч Г.Хүслэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2019.10.12-ны өдөр нөөтбүүкээр юм үзэх гээд хөргөгчөө салгаад уртасгагч авсан, тэгтэл ах Д наадахаа болиод хөргөгчөө залга гэж хэлсэн, эмээ юм үзэх гэж байна гэх хэлэхэд чи ду гээд байгаа юм гэж хэлээд төмөр таягаараа миний эрүүний доод хэсэгт хавсарч цохисон. Цохилтоос болоод дээд талын үүдэн нэг шүд, доод талын үүдэн нэг шүдний үзүүр хэсгээр эмтэрсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч Л.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүслэн миний шүдийг Д ах хугалчихлаа гээд амнаас нь цус гарчихсан ирсэн” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Яллагдагч Х.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн орой 19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 101 дүгээр байрны 6 тоотод 82 настай ээж Лхамхүүгийн хөргөгчийг Хүслэн салгаад нөөтбүүк залгаад кино үзнэ гээд байж байхаар нь би уурласан. Тэгээд Хүслэнг наад утсаа хурааж ав, наад нөөтбүүкээ салга гэж хэлээд таягаааа газраар байсан утас хамаж авсан. Хүслэн юу гээд байгаа юм гээд урдаас босоод ирсэн. Тухайн үед таягаараа Хүслэнд хүрчихсэн. Яг хаана нь хүрснийг анзаараагүй. Тэгээд Хүслэн амаа дараад байж байгаад гараап явсан. Би шүдийг нь хугарчихсан гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 33,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №168 тоот дүгнэлтэд:
1. Г.Хүслэнгийн биед үүдэн дээд 1 дүгээр шидний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 19/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/ Шийтгэх тогтоолын хуулбар /хх-40-41 зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Х.Д нь 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо 101-6 тоотод хамт амьдардаг Г.Хүслэнг үгэнд орсонгүй гэж уурлан таягаараа цохиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Насанд хүрээгүй хохирогч Г.Хүслэнгийн: “2019.10.12-ны өдөр нөөтбүүкээр юм үзэх гээд хөргөгчөө салгаад уртасгагч авсан, тэгтэл ах Д наадахаа болиод хөргөгчөө залга гэж хэлсэн, эмээ юм үзэх гэж байна гэх хэлэхэд чи ду гээд байгаа юм гэж хэлээд төмөр таягаараа миний эрүүний доод хэсэгт хавсарч цохисон. Цохилтоос болоод дээд талын үүдэн нэг шүд, доод талын үүдэн нэг шүдний үзүүр хэсгээр эмтэрсэн", гэсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Х.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Х.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Насанд хүрээгүй хохирогч Г.Хүслэн нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Х.Д-д хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгч Х.Д нь хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группд байдаг, зөвхөн группын мөнгөнөөс өөр орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Х.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Х.Д-г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Д-д оногдуулсан торгох ялыг 10 /арав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Х.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР