| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00364/И |
| Дугаар | 380 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Маршал таун, 101 дүгээр байр, 10 тоотод оршин суух, Сартуул овогт Ванганжалын Ундраагийн /РД:ЦА67091000/ нэхэмжлэлтэй,
Д.Дамдинжавыг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч В.Ундраа, нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В.Ундраа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
В.Ундраа би 2015 оны 09 сарын 01-ний өдөр Д.Дамдинжавтай зээлийн гэрээ байгуулж 5.165.000 төгрөгийг хүүгүйгээр барьцаагүйгээр зээлдүүлж зээлийн гэрээ байгуулсан болно.
Д.Дамдинжав нь гэрээний хугацаанд зээлийг бүрэн төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар зээлийн төлбөрөөс төлсөн зүйл байхгүй зээлийн гэрээний үүргээ зөрчиж байна.
Мөн утсаар ярьж зээлийн гэрээний хугацаа дууссан, мөнгөө авмаар байна гэхэд өгнө санаа зоволтгүй төлнө гэдэг байсан чинь сүүлдээ утсаа авхаа больсон бөгөөд танихгүй утсаар залгаж ярихаар явдаг газраараа яв, надаас мөнгө салгаад авахыг чинь харна гэдэг болсон.
Ингээд зээлийн гэрээний үүрэгт 7.747.500 төгрөгийг гаргуулахаар 2016 оны 06 сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийг хүлээн авхаас татгалзсан.
Иймд хариуцагч Д.Дамдинжавын оршин сууж байгаа хаягийг тодруулахын тулд эрэн сурвалжлах хүсэлтэй байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Ундраа нь хариуцагч Д.Дамдинжавыг эрэн сурвалжлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд зааснаар шаардах эрхтэй ба шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Д.Дамдинжав нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгч В.Ундраагийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 1-4-р хуудас/
Д.Дамдинжав нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатарын гудамж,13 байр,19 тоотод бүртгэлгүй болох нь Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн №102/ШЗ2016/20310 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамжаар тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Авгачууд овогт Дамдинсүрэнгийн Дамдинжавын оршин суугаа хаягийг тогтооход ач холбогдол бүхий баримтуудыг дурьдвал,
1982 оны 10 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, Хасбаатарын гудамж, 13 байр, 19 тоот хаягт бүртгэлтэй, РД:ЖД82102671, холбоо барих утас 95152648 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Авгачууд овогт Дамдинсүрэнгийн Дамдинжавыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Д.Дамдинжавыг эрэн сурвалжилж, олох ажиллагааг Тахарын ерөнхий газрын эрэн сурвалжлах, мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН