Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 121

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Тулга, 

улсын яллагч Н.Гэрэлмаа,

шүүгдэгч М.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 07020 0098 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн М.Б, 1984 оны  04 дүгээр сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Хүрээмандал суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Илт Гоулд” ХХК-д өрмийн мастер ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монел 17 дугаар гудамж 335 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Цагдаагийн хотхоны 75-3-23 тоотод оршин суудаг гэх, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа хотхоны 75 дугаар байрны 3-23 тоотод буюу өөрийн гэртээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох С.Болдчимэгийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, толгойн зүүн талын шанаа, гэдэс хэрэгт 4 удаа цохиж, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Хохирогч С.Болдчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй...хэрэг гардаг өдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хотхоны 75-3 тоот болох өөрийн гэртээ нөхөр болох Бтай маргалдаж улмаар нөхөр Б миний зүүн талын шанаа руу 3-4 удаа цохиж гэмтээсэн...нэхэмжлэх зүйл байхгүй...би одоо нөхөртэйгөө эвлэрсэн бид хоёрын харьцаа хэвийн байгаа. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Яллагдагч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би энэ эрхээ эдлэхгүй. Мэдүүлэг өгнө. Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа хотхоны 3-75-3 тоот болох гэртээ эхнэр С.Болдчимэгтэй хардалтын улмаас маргалдсан. Улмаар би тухайн үед уураа барьж дийлэлгүй эхнэр С.Болдчимэгийн зүүн хацар хэсэгт 2 удаа алгадаж тухайн гэмтлийг учруулсан. Эхнэр болох С.Болдчимэгийг өөр залуутай хардаад гар хүрсэн. Би өмнө нь эхнэртэй гар хүрч байгаагүй. Гэр бүлийн асуудлаас болоод ганц нэг маргалдах үе байдаг байсан харин хэрэг гардаг өдөр уураа барьж дийлэлгүй эхнэртээ гар хүрсэн. Би тухайн болсон асуудлыг бүгдийг нь санаж байна эрүүл шахуу байсан. Манай том хүү 6 настай Хатанбүүвэй байсан. Өөр хүн байгаагүй. Би баривчилгаанд явж байгаагүй. Би өөрийн гэсэн эрхэлсэн ажилтай архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглээд байдаггүй. би хийсэн хэргээ хүлээж байна, миний буруу...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14165 тоот дүгнэлтэд: 

1. С.Болдчимэгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаа, зүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Шинэ гэмтлүүд байна.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 10/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаа хотхоны 75 дугаар байрны 3-23 тоотод буюу өөрийн гэртээ, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр болох С.Болдчимэгийг жирэмсэн гэдгийг мэдсээр байж, толгойн зүүн талын шанаа, гэдэс хэрэгт 4 удаа цохиж, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн хацар, шанаа, зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтлүүд буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь

Хохирогч С.Болдчимэгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Цагдаагийн хотхоны 75-3 тоот болох өөрийн гэртээ нөхөр болох Бтай маргалдаж улмаар нөхөр Б миний зүүн талын шанаа руу 3-4 удаа цохиж гэмтээсэн...нэхэмжлэх зүйл байхгүй...би одоо нөхөртэйгөө эвлэрсэн бид хоёрын харьцаа хэвийн байгаа. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт байхгүй..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч М.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч М.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч С.Болдчимэг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч М.Б-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. М.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар М.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар М.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР