Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 6713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Монгол Улсын хуулийн этгээд 2779188 регистрийн дугаартай, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, НҮ-ийн гудамж МТ байранд оршин байх МТ Хан-Уул ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Монгол Улсын хуулийн этгээд 2849046 регистрийн дугаартай, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 84-44 тоотод оршин байх Тайхар Орд ХХК-нд холбогдох,

Гэрээний үүрэгт 45.035.824 төгрөг, алданги 22.517.912 төгрөг нийт 67.553.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан, Б.Уранцэцэг, хариуцагчийн төлөөлөгч З.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Тамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компани Тайхар-Орд ХХК-тай байгуулсан 01/15 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаагаар байгуулсан. Энэхүү гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар зээлээр худалдах худалдан авсан барааны төлбөрийг тухайн сарын 30-ны дотор тооцоо нийлж акт үйлдэх ба тухайн сарын эцэст худалдагч талын дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх байсан боловч өнөөдрийн байдлаар төлбөр барагдуулахтай холбоотой ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймд бид шүүхэд эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргаж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7029 дугаар шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж Тахарын ерөнхий газрын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5/1301 албан тоотоор Тайхар орд ХХК-ийн захирал З.Нармандахын оршин байгаа хаяг, холбоо барих утсыг өгсөн. Иймд бид энэхүү гэрээний 3.3 дахь хэсэгт зааснаар гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр болох 45.035.824 төгрөг, түүний алданги болох 22.517.912 төгрөг нийт 67.553.736 төгрөгийг гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тайхар Орд ХХК нь нэхэмжлэгчтэй 2015 оны 1 дүгээр сарын 19-ны өдөр 01/05 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулсан бөгөөл нийт 45.035.824 төгрөгийн шатахууны үнэ нэхэмжилснийг хүлээн зөвшөөрсөн. Учир нь алданги нэхэмжлэхгүй бол гэрээний үүрэгт 45.035.824 төгрөг төлөхийг зөвшөөрч эвлэрэх хүсэлт гаргасан. Гэтэл нэхэмжлэгч эвлэрэхгүй алдангийг мөн гаргуулна гэсэн. Гэрээ хийсэн нь үнэн. Тухайн үеийн зах зээлийн үнийн дүнгээр 1410 төгрөгөөр агуулахын үнийг тохирсон. Гэтэл нэхэмжлэгч тал 1810 төгрөгөөр нэхэмжилж байгаа. 2015 оны 1 дүгээр улиралд 1200 төгрөг байсан. 1410 төгрөг буюу бөөний үнээр бидэнд зарж байсан. Одоо жижиглэнгийн үнээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн акт дээр миний гарын үсгийг бичсэн нь миний гарын үсэг биш. Тухайн үед 40 гаруй сая төгрөг нэхэмжилж байхад нь итгээд алданги эрсдэлийг тооцоолоод 45.035.824 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг өгсөн. Гэтэл 1810 төгрөг, 1740 төгрөг гэсэн үнэлгээнүүдээр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн биеэр очиж тооцоо нийлээгүй. Нэхэмжлэгч талын нэхэмжилж байгаа бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Эдийн засгийн хямралаас шалтгаалж манай компани гэрээний үүргээ цаг хугацаанд нь гүйцэтгэх боломжгүй байсныг хүлээн зөвшөөрнө гэв.

 

Шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК нь хариуцагч Тайхар Орд ХХК-нд холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 45.035.824 төгрөг, алданги 22.517.912 төгрөг нийт 67.553.736 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас тодорхой хэмжээг зөвшөөрнө гэж тайлбарлаж байх боловч хэдэн төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч байгаа үнийн дүнгээ тодохойлж тайлбарлаагүй болно.

Нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК хариуцагч Тайхар Орд ХХК-ийн хооронд 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 01/15 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр 02/15 дугаар Барьцааны гэрээ-г тус тус байгуулж, худалдагч нь газрын тосны бүтээгдэхүүнийг Говьсүмбэр аймаг дахь ГТБ-ийн агуулахаас зээлээр гэрээнд заасан хугацаа, нөхцлөөр худалдах, худалдан авагч нь зээлээр худалдах түүний төлбөр тооцоог төлөх, гэрээний үүргийн гүйцэтгэлд Тайхар Орд ХХК-ийн зөвшөөрлийн №9110А Дундговь аймаг, Баянжаргалан сумын Хөх тээг газарт орших 57 гектар уурхайн талбайг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан гэрээ зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 5-11 дүгээр тал/

Зохигчдын хооронд байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний 3.1-т талууд барааны үнийг тухайн үеийн зах зээлийн үнэ, худалдан авагчийн хэрэгцээг харгалзан тухай бүр тохиролцож байх ба зээлээр худалдах барааны үнэ ямар ч тохиолдолд ... 40.000.000 төгрөгөөс хэтрэхгүй бөгөөд зээлээр авсан барааны үнэнд хүү тооцохгүй гэжээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээг зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж нэрлэсэн боловч энэхүү гэрээгээр худалдан авагч нь худалдан авсан эд зүйлийн үнийг тодорхой хугацаанд хэсэгчлэн хүүтэй төлөхөөр тохиролцох, эд хөрөнгийн үнэ нь эд хөрөнгийн үнийг шууд төлөх үеийн үнээс нэмэгддэг агуулгатай тул талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэв.

Монгол улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан бөгөөд уг гэрээнд эрх бүхий этгээд гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарагдсанаар хүчин төгөлдөр болсон байх бөгөөд хуульд зааснаар хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.

Хариуцагч нь дизель түлшний агуулахын үнийг 1410 төгрөгөөр тохиролцсон гэтэл 1810 төгрөгөөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байх боловч энэхүү үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзалын үндэслэлээ нотлоогүй болно.

Хэрэгт авагдсан 2015 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн Тайхар Орд ХХК-ийн бөөнөөр авсан шатахууны тооцоо нийлсэн акт-нд тооцоо нийлсэн Тайхар Орд ХХК-ийн захирал З.Нармандах гэсэн хэсэгт зурсан гарыг үсгийг хариуцагчийн төлөөлөгч зураагүй гэж маргаж байх боловч хариуцагч Тайхар Орд ХХК-ийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 001/15 дугаар Төлбөр барагдуулах хүсэлт гаргах тухай албан бичиг, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн Тайхар Орд ХХК-ийн захирал З.Нармандахын Тодорхойлолт зэрэг баримтаар хариуцагчийн татгалзал няцаагдаж байна. /хх-ийн 16-19 дүгээр тал/

Нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК нь гэрээний дагуу газрын тосны бүтээгдэхүүнийг зээлээр худалдах үүргээ биелүүлсэн, хариуцагч Тайхар Орд ХХК нь худалдан авсан 23.728 дизель түлшний үнэ 43.051.420 төгрөг, 92 автобензиний үнэ 1.984.404 төгрөгийг гэрээнд тохиролцсон хугацаанд буюу талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар төлөөгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нийт 45.035.824 төгрөгийг шаардах эрхтэй байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3-т худалдан авагч нь энэ зүйлийн 3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө, 5.1-д худалдан авагч нь барааны төлбөрийг гэрээний 3.2-т заасан хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн 0,5 хувийн алданги төлнө. Энэхүү алданги үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж тохиролцсоны дагуу алданги 22.517.912 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Хариуцагчийн шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт эдийн засгийн чадавхиаас шалтгаалан үүргийг хугацаанд гүйцэтгэх боломжгүй байсан талаарх түүний тайлбар болон үүрэг гүйцэтгэгчийн зөрчлийн шинж байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар алдангийн хэмжээг 50 хувиар багасган алдангид 11.258.956 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 11.258.956 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Тайхар Орд ХХК-иас 56.294.780 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК-нд олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Тайхар Орд ХХК-иас 56.294.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 11.258.956 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 495.720 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Тайхар Орд ХХК-иас 439.423 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч МТ Хан-Уул ХХК-нд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭНХЖАРГАЛ