| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0181/Э |
| Дугаар | 000085 |
| Огноо | 2017-09-20 |
| Зүйл хэсэг | 150.1., |
| Улсын яллагч | Ц.Мөнхтуяа |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 000085
Ч.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хэргийн индекс 142/2017/0181/Э
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй
Шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Мөнхтуяа
Шүүгдэгч Ч.Э
Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул
Нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолтой Ч-ын Э-д холбогдох, 201714000311 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 19-ны өдөр Булган аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдахын өмнө “Оюу” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан, ам бүл 6, аав, ээж, 2 хүүхдийн, хамт амьдрах, Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн 30-а дугаар гудамжны 23 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Т овгийн Ч-ийн Э
Шүүгдэгч Ч.Э нь Баян-Өндөр Уртбулаг багт 8 нэрийн хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны хооронд 2 671 400 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолоор:
Шүүгдэгч Т овогт Ч-ын Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Ч.Э-г 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Ч.Э-аас 2 671 400 төгрөг гаргуулан хохирогч Б.О-т олгохоор,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д зааснаар шүүгдэгч Ч.Э-ийн хохирол төлөх хугацааг 2 сараар тогтоож,
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Э-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Улсын яллагч эсэргүүцэлдээ:
Орхон аймгийн прокурорын газраас Ч.Э-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2017 оны 06 сарын 14-ний өдөр яллагдагчаар татах тогтоол баталж шүүхэд шилжүүлсэн.
Орхон аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 07 сарын 05-ны өдөр хэлэлцээд шүүгдэгч Ч.Энхтуяаг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2017 оны 05 сарын 18-ны өдрийн шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулан шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааан хэрэглэсэн байна.
Монгол улсын 2002 оны эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1 дэх хэсэгт ....гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3 сар хүртэлх хугацаагаар баривчлах ял оногдуулна... гэж,
2017 оны 07 сарын 01-ний өдрөөс үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт .....хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байна.
Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.1.д заасан ялаас хүндрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн нь эрүүгийн хуулийг ноцтой зөрчиж байна.
Шинэчлэн найруулсан эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заасныг зөрчсөн байна.
Иймд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 сарын 05-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би ийм их төлбөр гарсанд гайхаж байна дахин шалгуулж өгнө үү гэв.
Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа
Ч.Э-ийн үйлдсэн хэрэг нь тогтоогдсон, эрх бүхий байгууллага хохирлын тооцоог хийсэн..., дахин шалгуулах шаардлага байхгүй... Ч.Э учруулсан хохирлоо төлөх нь зүйтэй гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:
Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн прокурорын газраас Ч.Э-г Баян-Өндөр сумын Уртбулаг багийн дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн итгэмжлэн хариуцаж байсан бараанаас 2.671.400 төгрөгийг хувьдаа завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 2017 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1.д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэсэн байна.
Иймд шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасан “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэснийг үндэслэн шүүгдэгч Ч.Э-д 2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1.д заасан баривчлах ялыг оногдуулж, 2015 оны 2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулиар баривчлах ял нь ялын төрлөөс хасагдсан тул шүүгдэгчийг ялаас чөлөөлж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх нь эрүүгийн хуулийн зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Ч.Э-ийн үйлдсэн хэрэг тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү... гэсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 182 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг:
2002 оны Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.1.д зааснаар Ч.Э-г нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 сар баривчлах ялаар шийтгэсүгэй гэж өөрчлөн, шүүгдэгч Ч.Э-г 2 сар баривчлах ял эдлэхээс чөлөөлсүгэй гэсэн заалт нэмж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авсугай.
3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Ц.ТУЯА
С.ЦЭЦЭГМАА