Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 115/2020/0008/З |
Дугаар | 221/МА2021/0068 |
Огноо | 2021-01-28 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 221/МА2021/0068
Ц.Г-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.Г-ын нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга Л.Ц-д холбогдуулан гаргасан Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/101 дүгээр, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102 дугаар, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах тухай Дорноговь аймгийн Алтанширээ сумын иргэн Ц.Г-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: “ ... нэхэмжлэгч иргэний хэргийн шүүхэд хандан өөрийн төрсөн эцгийн дуудлага худалдаагаар худалдан авсан газар болон түүн дээрх объектын өв залгамжлагч болохыг тогтоолгох нэхэмжлэл гарган 3 гэрчийг мэдүүлэг өгүүлж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар авсан болохыг нотолсон байдаг. Уг шүүхийн шийдвэр хэрэгт нотлох баримтаар хэрэгт авагдсан.
Хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар өгсөн бол Газрын тухай хуульд заасан журмын дагуу газрыг гэрчилгээгээр эзэмшүүлэх үүргээ биелүүлээгүй. Газрын тухай хуулийн 34.1-д “энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрыг даамал ....тухайн иргэн, аж ахуйн нэгжтэй газар эзэмших гэрээ байгуулж, гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгон улсын бүртгэлд бүртгэн” гэж заасны дагуу гэрээ байгуулан гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгүүлснээр газар эзэмших эрх үүснэ. Гэтэл дээрх ажиллагаа огт хийгдээгүй, хийгдсэн талаарх ямар ч баримт, мэдээлэл байхгүй гэдгээ хариуцагч хүлээн зөвшөөрсөн атлаа сүүлд гаргасан тайлбартаа нэхэмжлэгчийн эцэг Д.Ц 2 жилийн хугацаанд газраа ашиглаагүй, газрын төлбөрөө төлөөгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Өмнө гаргасан захирамжийг хүчингүй болгох бүрэн эрхээ хэрэгжүүлэлгүйгээр иргэн Ц.Г-ад хаяглан мэдэгдэл хүргүүлж газраа чөлөөл гэж шаардсан нь төрийн байгууллагын үйл ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, түүний өвлөн авах байсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Хариуцагч 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А/102 тоот захирамжийн талаар Захиргааны ерөнхий хуулийн 27, 43 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулж, уг захирамжийг албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй. Хариуцагчийн нотлох баримтаар хүргүүлсэн хавтаст хэргийн 101-109 дэх талд авагдсан баримтууд нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан болохыг нотлохгүй, Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан сонсох ажиллагааны тэмдэглэлийн шийдвэр гаргаж буй асуудлын талаарх мэдэгдэл, үндэслэл гэсэн хэсэгт “захирамжийг хүчингүй болгох тухай захирамжийн төслийг уншиж сонсох ажиллагаа явуулав” гэж бичсэн бөгөөд эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийн ямар ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаа талаар дурдаагүй, өмнө нь гарсан ямар захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгож байгаа талаар бичээгүй, сонсох ажиллагаанд оролцож байгаа Ц.Г- миний хувьд уг ажиллагааг сайн ойлгоогүй гэдгээ шүүхэд өгсөн хариу тайлбартаа “1997 оноос хойших газар эзэмшүүлэх захирамжийг болгох юм байна гэж ойлгосон” талаар тайлбарласан. Дээрх нөхцөл байдлаас харахад сонсох ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
А/50 тоот захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу албан ёсоор мэдэгдэж гардуулаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 43.4-д заасан “захиргааны актыг албан ёсоор гардуулснаар түүнийг мэдэгдсэнд тооцно” гэсэн заалтыг зөрчиж гаргасан акт гэж үзэх үндэслэлтэй.
2019 оны 07 дугаар сарын 29-ний захирамж хүчингүй болгох тухай А/102 тоот захирамжийн хувьд нэхэмжлэгч захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дараа гарсан акт бөгөөд тухайн актыг гарсантай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 2019 оны 07 дугаар сарын 29-ний захирамж хүчингүй болгох тухай А/102 тоот захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-т “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухай актыг цуцалсан болон хүчингүй болгосон эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт бүхий акт хууль бус болохыг тогтоох” гэж зааснаар хууль бус акт гэж үзэх үндэслэлтэй. Дээрх үндэслэл 2020 оны 04 дүгээр сарын 21-ний газар албадан чөлөөлөх тухай А/50 тоот захирамжид мөн адил хамааралтай гэж үзэж байна. Тийм учраас нэхэмжлэгч А/50 тоот захирамжийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй болно.
Төрийн захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүйн улмаас нэхэмжлэгчийн өөрийн төрсөн эцгийнхээ шударгаар олж авсан эд хөрөнгийг өвлөх, өмчлөх эд хөрөнгийн эрх нь зөрчигдсөн гэж үзэх хууль үндэслэлтэй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Дорноговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 сарын 04-ний 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул дараах өөрчлөлтийг шийдвэрт оруулав.
Нэхэмжлэгч Ц.Г-аас “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/101, 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102, 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчийн хүчингүй болгохыг хүсэж буй захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусаагүй, хүчин төгөлдөр үйлчилж байх шаардлагатай.
Гэтэл Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102 дугаар захирамжаар “Ц.Г-ын эзэмшлийн барилга байгууламжийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр” шийдвэрлэсэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байхад нэхэмжлэгчээс хүчингүй болж, эрх зүйн үр дагаваргүй болсон А/101 дүгээр захирамжийг дахин хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхээс тус захирамжид холбогдуулан хэрэг үүсгэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу, захиргааны актын эрх зүйн үр дагавар бүхий байх шинжийг агуулаагүй болохыг анхаараагүй байна.
Иймд Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/101 дүгээр захирамж нь эрх зүйн үр дагаваргүй болсон, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих нөлөөлөлгүй байх тул нэхэмжлэлийн тус шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102 дугаар захирамжийн тухайд, дээр дурдсанаар тус захирамж нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж, газар чөлөөлөх талаар гарсан А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгосон өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл үзүүлсэн захиргааны акт байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, уг шийдвэрийн улмаас газар чөлөөлсөн захиргааны үйл ажиллагаа хийгдээгүй тул энэ үндэслэлээр “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэг үндэслэлтэй байна.
3. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг буруу дүгнэж, Газрын тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр захирамжаар “Хүүхдийн цэцэрлэгийн урд талын урагш харсан 1 давхар байшинтай цэцэрлэгийн урд төмөр хашаатай, орон сууцны зориулалттай 700 м.кв газрыг” Д.Ц /Ц.Г-ын эцэг/-д эзэмшүүлсэн, уг захирамжийг хүчингүй болгосон ямар нэг шийдвэр байхгүй, хүчин төгөлдөр үйлчилж байгаа эсэх, түүнчлэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тус захирамжид заасан 1 давхар байшин мөн эсэхтэй хариуцагч маргаагүй байна.
Ийнхүү эрх бүхий этгээдийн шийдвэрээр газар эзэмших эрх олж авсан этгээдийн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж, газрыг албадан чөлөөлөх үндэслэл бүрдээгүй, зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж бариагүй, бусад хэлбэрээр газрыг дур мэдэн эзэмшсэн нөхцөл байдал бий болоогүй байхад хариуцагч Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг дарга 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжаар “хүүхдийн цэцэрлэгийн эзэмшлийн газар дотор байрлах хуучин цэцэрлэгийн барилга байгууламжийг албадан буулгаж, гарыг чөлөөлөх” шийдвэрийг гаргасан нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасантай нийцээгүй, нэхэмжлэгч Ц.Г-ын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах эрхэд халдсан хууль бус шийдвэр болсон байна.
Гэтэл хариуцагчаас “...Д.Ц нь газар эзэмших гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээ гаргуулаагүй учраас газар эзэмших эрхгүй” гэж тайлбарласан, анхан шатны шүүхээс “...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба нэгэнт нэхэмжлэгчийн талийгаач эцэг Д.Ц нь хуульд заасан газар эзэмших талаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй болох нь тогтоогдсон улмаар нэхэмжлэгч Ц.Г-аас захиргааны байгууллагад хандан өөрийн талийгаач эцэгт 2003 оны 24 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газрын гэрчилгээг гаргуулах болон тухайн газрыг үргэлжлүүлэн эзэмших талаар хүсэлт гаргаж байгаагүй байх тул хариуцагч албан тушаалтнаас газрыг албадан чөлөөлөх захирамж гарган, хэрэгжүүлснийг буруутгахгүй...” гэсэн үндэслэлгүй дүгнэлтээр маргаан бүхий актыг зөвтгөж тайлбарласан нь буруу.
Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0,07 га-гаас илүүгүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1.1-д “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж зааснаар газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр гарснаар газар эзэмших эрх үүсэх тул гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй нь үүнийг үгүйсгэх, газар эзэмших эрхийг дуусгавар болгох, цуцлах үндэслэл болохгүй төдийгүй Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа, одоог хүртэл газар эзэмших эрх Д.Ц-ийн өвлөгч нарт хадгалагдаж байгаа гэж үзэхээр байна.
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ” гэж зааснаар иргэнд газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулах нь сумын газрын даамлын үүрэг, өөрөөр хэлбэл нэгэнт газар эзэмшүүлэх шийдвэр гарсан бол газар эзэмших гэрээ байгуулах нь захиргааны байгууллагын үүрэг юм.
Түүнчлэн сумын Засаг даргын дээрх 2003 оны 24 дүгээр захирамжийн 3-т “шинээр газар эзэмшигч нартай хуульд заагдсан зохих журмын дагуу гэрээ байгуулан гэрчилгээ олгох ажлыг сумын газрын даамалд даалгаж” шийдвэрлэсэн атлаа гэрээ байгуулж, гэрчилгээ аваагүй гэж Д.Ц /мөн нэхэмжлэгч/-ийг буруутгасан нь үндэслэлгүй, иймд түүнийг газар эзэмших эрхгүй гэж үзэн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар албадан буулгасан захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч Ц.Г-ын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгаж, газрыг чөлөөлөх захирамж хэрэгжсэн, харин нэхэмжлэгчээс “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч “...үл хөдлөх эд хөрөнгийг нь хууль бусаар албадан буулгасан захиргааны шийдвэрийн улмаас учирсан хохирлоо гаргуулах” ашиг сонирхлоо хангалттай илэрхийлсэн байх тул шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” шийдвэрийг гаргах боломжтой.
Гэтэл анхан шатны шүүх “ ... нэхэмжлэгч нь нэгэнт хэрэгжиж дууссан Алтанширээ сумын Засаг даргын 2020 оны А/50 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй бөгөөд, энэ тохиолдолд шүүх ... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй гэж заасныг зөрчин, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, маргаан бүхий 2020 оны А/50 дугаар актыг хууль бус байсан болох эсэх талаар дүгнэлт хийх замаар нэхэмжлэлийн шаардлагыг шууд өөрчлөн шийдвэр гаргах боломжгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй муутай болжээ.
Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “хүчингүй болгуулах”-аар тодорхойлсон ч захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн акт хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох шийдвэрийг шүүх гаргах боломжтой, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий актыг хууль бус байсан болохыг тогтоолгох ашиг сонирхол байгаа буюу хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх ашиг сонирхол байх тул Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Хариуцагчийн “...Ц.Г-ыг нэхэмжлэл гаргах эрхгүй” гэх тайлбарын тухайд, маргаан бүхий газрыг эзэмших эрх Ц.Г-ын эцэг Д.Ц-д үүссэн байх боловч газар эзэмшигч нас барснаар уг иргэний хууль ёсны өв залгамжлагч нь хүсвэл газар эзэмших эрхийг өөрийн нэр дээр шилжүүлж, газрыг үргэлжлүүлэн эзэмших боломжтой төдийгүй тус газар, дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өвлөн авах ашиг сонирхол нэхэмжлэгчид байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй, маргаан бүхий актуудын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөөгүй гэж үзэх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-ын Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/50 дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/102 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-ын Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Алтанширээ сумын Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар чөлөөлөх тухай” А/101 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн заалт нэмж, 2 дахь заалтын дугаарыг 3 болгож өөрчлөн шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН