Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00550

 

Б.С-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2574 дүгээр магадлалтай

Б.С-гийн нэхэмжлэлтэй

“А” ХХК-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хатанзоригийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Базар, хариуцагчийн өмгөөлөгч М.Хатанзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Б.С- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нөхөр бид хоёр 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ХААН банкнаас орон сууцны ипотекийн ЗГ/1361 тоот зээлийн гэрээгээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар баг, 22 дугаар байрны 25 тоот 2 өрөө орон сууцыг 63 000 000 төгрөгөөр зээлийн нөхцөлөөр худалдан авсан. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “А” ХХК-ийн Дархан салбартай 30514006208 тоот зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ 30314106911, 3031416912 тоот үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааг үйлдэж даатгуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хамтран зээлдэгч Д.Цогтсайхан нь зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан тул гэрээнд заасны дагуу нөхөн төлбөр олгох тухай өргөдөл хүсэлтийг 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “А” ХХК-ийн Дархан салбарт холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгсөн. 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр “А” ХХК-иас нөхөн төлбөр олгох нөхцөлийг хангаагүй, нөхөн төлбөр олгох боломжгүй гэх мэдээллийг өгсөн. Мөн санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргахад 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 9/2737 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлтэй байна гэсэн. Иймд бидний орон сууцны зээлийн төлбөр 582 800 төгрөгийг графикт хугацаанаас өмнө тогтмол төлж байсан бөгөөд үүнээс өрхийн орлогод эзлэх хувь буюу талийгаачийн нөхөн төлбөрт 65 хувь болох 35 734 036 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б.С- нь өөрийн нөхөр Д.Цогтсайханы хамт 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр орон сууцны ипотекийн зээлийн гэрээг ХААН банктай байгуулан 63 000 000 төгрөгийг зээлж авсан. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн Дархан-Уул аймаг дахь салбартай 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааны 30514006208 дугаар бүхий даатгалын гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээт баталгааны 30314106911 дугаартай гэрээг тус тус байгуулсан. Даатгалын гэрээг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг үндэслэн даатгуулагчийн амь нас алдах эрсдэл, хөдөлмөрийн чадвараа 70 хувь буюу түүнээс дээш хувь алдах эрсдэлээс урьдчилан сэргийлж байгуулсан. Гэрээний дагуу даатгалын тохиолдол гарсан нөхцөлд Б.С-д нөхөн төлбөр олгох хувийг банктай байгуулсан зээлийн гэрээний үнийн дүнгийн 35 хувь, Д.Цогтсайханд 65 хувиар тус тус тооцон олгохоор харилцан тохиролцон даатгалын баталгааг даатгагч компани өгсөн. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч Д.Цогтсайхан нас барсан тул гэрээний дагуу түүнд ногдох нөхөн олговор олгох хүсэлтийг нэхэмжлэгч нь гаргасан. Энэхүү хүсэлт нь Даатгалын тухай хууль, гэрээний дагуу нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөлд хамаарсан учраас хүсэлтийг манай компани хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээж аваагүй.

Даатгалын гэрээний 8.10 дахь хэсэгт даатгуулагчийн сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй, мансуурах, согтууруулах бодис хэрэглэсэн аливаа хохирол нь нөхөн төлбөр олгохгүй ерөнхий нөхцөл гэж заасан. Мөн гэрээний 12.2.3-т согтууруулах ундаа мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөрийг олгохоос татгалзах даатгагчийн эрхийг тодорхойлсон. Нөхөн төлбөр хүссэн хүсэлтийн хавсралт Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд үүнд даатгуулагч нь 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ нас барсан, хөнгөн зэргийн согтолттой гэсэн байна. Иймд даатгалын гэрээний 12.2.3-т заасны дагуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас даатгалын тохиолдол үүсвэл даатгагч нь даатгуулагчид нөхөн төлбөр олгох боломжгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 433 дугаар зүйлийн 433.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “А” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.С-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336 620 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2574 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “А” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 /гучин таван сая долоон зуун гучин дөрвөн мянга гучин зургаа/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай” гэж, 2 дахь заалтыг “үлдээсүгэй” гэснийг “үлдээж”, хариуцагч “А” ХХК-иас 336 620 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2574 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/02647 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг өөрчлөн “А” ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.С-д олгосугай, 2 дахь заалтад хариуцагч “А” ХХК-иас 336 620 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэсэн өөрчлөлтийг оруулсныг эс зөвшөөрч хяналтын гомдлыг гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэсэн болов ч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна гэж дүгнэсэн байна. Даатгуулагч Д.Цогтсайхан нь согтууруулах бодис хэрэглэснээс бус харин өвчний улмаас нас барсан "болох нь тогтоогдсон байхад хариуцагч нөхөн олговор олгохоос татгалзсан гэж Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

“А” ХХК нь даатгуулагчтай Даатгалын гэрээг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулан Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгааг гаргаж өгсөн байна. Тухайн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “Даатгуулагч сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй, мансууруулах, согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохирол “нь нөхөн төлбөр олохгүй байх ерөнхий нөхцөл болно гэж тодорхойлсон байна. Мөн даатгалын баталгаа, даатгалын гэрээний 12 дугаар зүйлийн 12.2.3-д “Согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол” нь даатгагч нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл байхаар урьдчилан тохиролцсон байна.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д заасны дагуу даатгалын компани нь хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлөх, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д даатгагч нь хууль болон гэрээнд заасан нөхцөлийн дагуу нөхөн төлбөрийг олгох гэсэн хуулийн заалтыг үндэслэн нөхөн олговор олгохоос татгалзсан. Согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохиролд нөхөн төлбөр олгохгүй байх гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэж байна.

Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар дүгнэлтэд задлан шинжилгээний онош 3 дахь хэсэгт хөнгөн зэргийн согтолттой, дүгнэлтийн 6 дахь хэсэгт талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ гэсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр даатгуулагч зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний булчингийн шигдээсээр нас барсан гэж дүгнэсэн болов ч нас барах үедээ согтолттой байсныг нотлож байна.

Даатгуулагч нас барсан шалтгаан нь өвчний улмаас гэсэн болов ч согтууруулах ундаа хэрэглэсэн үед түүний эрүүл мэндэд хохирол учирсан байна. Тухайн тохиолдлыг даатгалын гэрээнд нөхөн төлбөр олгохгүй байх нөхцөл гэж урьдчилан тохиролцсон тул “А” ХХК нь хууль болон гэрээнд заасан даатгагчийн үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2574 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан тайлбарт:

Нэг. Тусгайлсан буюу нарийвчилсан заалтыг хэрэглэх үндэслэлтэй тухай:

1. Даатгалын гэрээний 8.10 дахь заалтад согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохгүй тухай заасан бол гэрээний 12.2.3 дахь заалтад согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд даатгалын нөхөн төлбөр олгохгүй тухай заасан. Даатгалын гэрээнүүдийг бүтцийг харвал ерөнхий болон тусгай нөхцөлөөс бүрдэнэ Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний болон Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний 1 дүгээр зүйлээс 11 дүгээр зүйл хүртэл ерөнхий нөхцөл бол 12 дугаар зүйл нь Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын тусгай нөхцөл юм. даатгалын компаниудын зүгээс банкаар дамжуулж борлуулж буй бүхий л даатгалын бүтээгдэхүүний гэрээний төслийг боловсруулахдаа бүхий л даатгалын бүтээгдэхүүнд хамаарах ерөнхий нөхцөлийг бичиж, мөн тухайн даатгалын гэрээнд нарийвчлан хэрэглэгдэх тусгай нөхцөлийг бичдэг. Ингэснээр гэрээний тусгай нөхцөл нь тухайн даатгалын бүтээгдэхүүний онцлогтой холбоотой заалт учир тусгай нөхцөлд өөрөөр заасан бол ерөнхий нөхцөлийн заалтыг хэрэглэдэггүй. Өөрөөр хэлбэл, гэрээний тусгай нөхцөл бол нарийвчилсан зохицуулалт юм.

2. Даатгалын гэрээний 12 дугаар зүйл (Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын тусгай нөхцөл)-ийн 2 дахь хэсэгт “тухайн даатгалын онцлогтой холбоотой...” гэж зааснаас энэ нь ойлгогдоно. Зөвхөн зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ бус Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээний хувьд ч ийм байдлаар боловсруулагдсан байна.

3. Түүнчлэн, Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ болон зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээнүүд нь 1 дүгээр зүйлээс 11 дүгээр зүйл хүртэл буюу ерөнхий нөхцөлийн хувьд ямар ч ялгаагүй, харин 12 дугаар зүйл буюу тусгай нөхцөлийн хувьд ондоо байгаагаас үүнийг мөн олж харж болно. Иймд даатгалын гэрээний тусгай нөхцөлд заасан бол энэ нь гэрээний ерөнхий нөхцөлд зааснаас давуу үйлчилнэ.

4. Даатгалын гэрээний 12 дугаар зүйл (тусгай нөхцөл)-ийн 3 дахь хэсэгт болон 7.1 дэх хэсэгт тус тус даатгалын нөхөн төлбөрийн баримтуудыг заасан. Хэрэв анхан шатны шүүгчийн дүгнэсэн ёсоор буюу даатгалын гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлийн аль алийг нь хэрэглэх үндэслэлтэй бол даатгагч даатгалын тохиолдлын үед гэрээний 7.1 дэх заалт болон 12.3 дахь заалтад заасан баримтуудыг даатгуулагчаас шаардах байсан. Тухайлбал даатгалын гэрээний 7.1.2 дахь хэсэгт “хохирлыг баталгаажуулах зураг" гэж, 7.1.6 дахь хэсэгт “Хохирол үнэлэгчийн бичгээр гаргасан дүгнэлт” гэж тус тус заасны дагуу тус баримтуудыг даатгуулагчаас шаардах байсан. Гэтэл зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний хувьд эдгээр баримтууд үйлдэгддэггүй, нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагагүй байдаг. Тухайлбал хохирол үнэлгээчний дүгнэлт гардаггүй, хохирлыг зургаар баталгаажуулах боломжгүй. Харин зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээний тусгай нөхцөл буюу 12.3 дахь хэсэгт зээлдэгчийн эрсдэлийн даатгалын нөхөн төлбөрийг шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг яг таг тодорхойлсон. Энэ нь даатгалын гэрээний тусгай нөхцөл бол нарийвчилсан заалт болохыг харуулна.

5. Даатгалын гэрээний нүүрэн хэсэг буюу эхний хуудасны “Нөхөн төлбөр олгохгүй нөхцөлүүд” хэсэгт '“Согтууруулах ундаа ... хэрэглэсний улмаас үүссэн хохирол” гэж заасан нь мөн адил бидний тайлбарлаж буй байдлыг илтгэх юм. Хэрэв даатгалын гэрээнд 12.2.3 болон 8.10 дахь заалтууд нэгэн зэрэг хэрэглэгдэх байсан бол гэрээний нүүрэн хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэсэн үед болон хэрэглэсний улмаас учирсан хохирол” гэж заах байсан.

6. Хэрэв согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохиролд нөхөн төлбөр олгохоос татгалзах нь Даатгалын гэрээний 8.10 дахь заалттай хамт хэрэглэгдэх байсан бол гэрээний 12.2.3 дахь хэсэгт “согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол” гэж заах шаардлагагүй байсан. Учир нь даатгалын гэрээний 8.10 дахь заалтад “согтууруулах ундаа хэрэглэсэн үед учирсан хохирол” гэж заасан нь согтууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирлыг ч багтааж байгаа.

7. Даатгалын гэрээний ерөнхий болон тусгай нөхцөл нь ямар ялгаатай болох, ингэж ялгасны ач холбогдол, хэрэглээний учир холбогдол нь юу болох тухай хариуцагчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны үед асуухад “энэ гэрээ байх ёстой гэж үзэж байна. Нарийн хариулмааргүй байна” хэмээн энэ талаар хариулахаас зайлсхийсэн. Бидний энэхүү үндэслэлд анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тайлбар, няцаалт өгөөгүй.

8. Иймд даатгалын гэрээний 8.10 дахь хэсэгт согтууруулах бодис хэрэглэсэн бол даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх нь ерөнхий журам бөгөөд үүнийг зээлдэгчийн эрсдэлийн даатгалын хувьд согтууруулах бодис хэрэглэсний улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохоос татгалзахаар нарийвчлан зааж, өөрчилсөн гэж ойлгох, хэрэглэх нь зөв юм.

Хоёр: Гэрээний стандарт нөхцөлийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах үндэслэлтэй тухай:

1. Иргэний хуулийн 201.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана” гэж заасны дагуу стандарт нөхцөлөөр хийгдсэн даатгалын гэрээг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах үндэслэлтэй.

2. “А” ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ болон хоёр ч Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ нь нэг стандарт бүхий нөхцөл, загвараар байгаа нь гэрээнүүдийг даатгагч дугаарласан байгаа нь тус гэрээг даатгагчийн стандарт нөхцөл болохыг илтгэнэ. Мөн даатгалын гэрээг зуучилсан “Хаан банк” ХХК-ийн салбар нь энэ тухай шүүхэд тайлбар ирүүлэхдээ “бид “А” ХХК-ийн боловсруулж өгсөн нөхцөл, загварын дагуу, ямар нэгэн өөрчлөлтгүйгээр тус гэрээг байгуулсан” гэж тайлбарласан байгаа нь гэрээний стандарт нөхцөл болохыг тодорхой өгүүлнэ.

3. Даатгалын гэрээний 8.10 дахь хэсэгт “согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан хохиролд нөхөн төлбөр олгохгүй” гэж, 12.2.3 дахь хэсэгт “согтууруулах бодис хэрэглэсний улмаас хохирол учирсан бол нөхөн төлбөр олгохгүй” гэж тус тус заасан нь хоорондоо зөрчилдөөнтэй юм. Учир нь даатгалын гэрээний 12.2.3 дахь заалтын дагуу даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн боловч энэ нь түүний амь насаа алдах шалтгаан болоогүй бол даатгагч нөхөн төлбөр олгох агуулгатай бол даатгалын гэрээний 8.10 дахь заалт нь хохирол учрах шалтгаан болоогүй ч согтууруулах бодис хэрэглэсэн бол нөхөн төлбөр олгохгүй байх агуулгатай байна. Даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн үедээ, зүрхний шигдээс өвчнөөр нас барсан. Үүнтэй холбоотой даатгалын гэрээний аль заалтыг хэрэглэж нөхөн төлбөрийг шийдвэрлэх нь тодорхой бус, маргаантай болж байгаа нь гэрээний ойлгомжгүй, тодорхой бус байгааг илтгэх билээ.

4. Гэрээ нь стандарт нөхцөлөөр байгуулагдах нөхцөлд гэрээний бүхий л заалтуудыг нэг талаас урьдчилан боловсруулан байдаг тул (хуульчийн оролцоо ч ордогтой холбоотой) гэрээний нөгөө тал болох хэрэглэгчийг хамгаалах шаардлагатай. Энэ үүднээс Иргэний хуульд гэрээний стандарт нөхцөлд тусгахыг хориглох зүйлүүдийг зааж, мөн гэрээний стандарт нөхцөлийг хэрэглэгчид ашигтайгаар тайлбарлах зэргээр хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах журмуудыг заасан. “А” ХХК-ийн хувьд ч гэсэн урьдчилан боловсруулан, өөрт ашигтай нөхцөл бүхий гэрээ байгуулж байгаа тул түүнийг даатгуулагчид ашигтайгаар тайлбарлах замаар даатгуулагчийн эрхийг хамгаалах нь чухал. Учир нь даатгуулагч, нэхэмжлэгч Б.С- нь “Хаан банк” ХХК-иас үл хөдлөх эд хөрөнгийн зээл авахдаа тус компанийн хамтран ажилладаг даатгалын компани болох “А” ХХК-ийн урьдчилан өөрт ашигтайгаар боловсруулсан даатгалын гэрээг ямар ч өөрчлөх боломж, сонголтгүйгээр, шууд гарын үсэг зурах замаар байгуулж байгаа билээ.

Гурав: Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус болох тухай:

1. Даатгалын гэрээний 8.10 дахь хэсэгт “согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан хохирол” гэж заасан нь Иргэний хуулийн 202.1 дэх заалтын дагуу хүчин төгөлдөр бус стандарт нөхцөл юм. Учир нь энэхүү нөхцөл нь уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө тал буюу даатгуулагчид хохиролтой, шударга ёсны зарчимд харш заалт юм. Гэрээний тус заалт нь даатгалын тохиолдол болох шалтгаан болоогүй нөхцөл байдлыг далимдуулан нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийг даатгагчид олгож байна. Тухайлбал даатгуулагч нь маш бага хэмжээний согтууруулах бодис хэрэглэсэн үед гуравдагч этгээдийн халдлагад өртөж, гэмт хэргийн хохирогч болж амь насаа алдсан нөхцөлд даатгагч нь нөхөн төлбөр олгохоос татгалзахаар байна. Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын хувьд даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн үед үл хөдлөх эд хөрөнгөнд галын эрсдэлийн улмаас хохирол учирвал мөн адил нөхөн төлбөр олгохоос татгалзахаар байна. Энэ нь даатгалын тохиолдол бий болох шалтгаан болоогүй зүйлийг шалтаглаж, шударга бусаар нөхөн төлбөр олгохоос татгалзах эрхийг даатгагчид олгож буй тул шударга ёсны зарчимд харш, түүнийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой стандарт нөхцөл гэж үзэх үндэслэлтэй.

2. Бид анхан шатны шүүхэд энэ тухай хариуцагчийн төлөөлөгчид асуулт тавьж “Даатгуулагч согтууруулах бодис хэрэглэсэн үедээ гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн улмаас амь насаа алдвал нөхөн төлбөр олгохоос татгалзах уу” гэж асуухад “Энэхүү гэрээ нь шууд утгаараа гуравдагч этгээдэд ямар ч хамааралгүй” хэмээн энэ тухай хариулахаас зайлсхийж, тайлбар, няцаалт өгөөгүй. Хэрэв даатгагч нь гэрээний тус заалт Иргэний хуулийн 202.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзэж байгаа бол миний жишээ татсан дээрх хоёр тохиолдолд няцаалт тайлбар өгөх шаардлагатай.

Дөрөв: Даатгуулагч зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан болох тухай:

1. Даатгуулагч нас барах үед Шүүхийн шинжилгээ хийгдэж байсан бөгөөд Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар Шинжээчийн дүгнэлтээр түүний нас барсан шалтгааныг тогтоосон. Ингэхдээ талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний булчингийн шигдээсээр нас барсан хэмээн тогтоосон. Хэдийгээр нас барах үед хөнгөн зэргийн согтолттой байсан боловч энэ нь түүний нас барсан шалтгаан болоогүй. Харин зүрхний архаг өвчний улмаас зүрхний шигдээс өвчлөл онош тавигдсан байдаг. Иймд согтууруулах бодис хэрэглэсний улмаас даатгуулагч амь насаа алдсан гэж үзэх үндэслэлгүй юм. Хүний нас барсан шалтгааныг тогтоох нь эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн тогтоох асуудал тул үүнийг хариуцагч болон шүүгчийн зүгээс өөрийнхөөрөө тайлбарлах үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Б.С- “А” ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 35 734 036 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгуулагчид учирсан хохирол нь нөхөн төлбөр олгох даатгалын тохиолдолд хамаарахгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, хэрэгт авагдсан баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримт, талуудын хооронд байгуулагдсан Даатгалын гэрээний холбогдох зохицуулалтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.С- нь хамтран зээлдэгч Д.Цогтсайханы хамтаар 2013 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Хаан банктай “Орон сууцны ипотекийн зээлийн гэрээ” байгуулж, тус гэрээгээр 63 000 000 төгрөгийг 192 сарын хугацаатай, жилийн 8%-ийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээлж, зээлийн гэрээний үүргийг бүрэн биелүүлж дуусах хүртэлх хугацаанд зээлийн эрсдэлийн даатгалд даатгуулахаар тохиролцсон байх бөгөөд гэрээний үндсэн дээр “А” ХХК-тай Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулж, зээлдэгч нь амь насаа алдах эрсдэл,  хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдах эрсдэлийн үед даатгагч “А” ХХК нь даатгалын тохиолдол болох үеийн зээлийн төлбөрийн үлдэгдэл дүнгээс даатгуулагч Б.С-д зээлийн 35%-д ногдох, Д.Цогтсайханд зээлийн 65%-д ногдох төлбөрийг нөхөн төлөх, даатгуулагч нар нь даатгалын хураамжийг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Зохигчийн хооронд байгуулсан Даатгалын гэрээ хуулийн шаардлага хангасан, талуудын хүсэл зоригийг илэрхийлж чадсан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд гэрээний талаар талууд маргаагүй байна.

Хоёр шатны шүүх Даатгалын гэрээний эрх зүйн харилцаанаас маргаан үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1.-д зааснаар даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй тул даатгуулагч Б.С- нь хамтран зээлдэгч буюу даатгуулагч Д.Цогтсайхан 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зүрхний шигдээс өвчний улмаас нас барсан үндэслэлээр зээлийн үлдэгдэл төлбөр 54 975 440 төгрөгийн 65%-д ногдох 35 734 036 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...даатгуулагч Д.Цогтсайханд согтууруулах ундаа хэрэглэсний улмаас даатгалын тохиолдол үүссэн тул гэрээний 8.10., 12.2.3.-т заасан даатгалын нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарна..” гэж тайлбарлажээ.

Гэрээний Найм дугаар зүйлийн 8.10.-т “даатгуулагчийн сэтгэцийн эмгэг, эрх зүйн чадамжгүй, мансууруулах, согтууруулах бодис хэрэглэсэн үед учирсан аливаа хохирол”-д нөхөн төлбөр олгохгүй гэж, Арван хоёрдугаар зүйлийн 12.2.3.-т “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол”-д даатгалын нөхөн төлбөрийг бүрэн буюу зарим хэсгийг олгохоос татгалзана гэж тус тус зохицуулсан, түүнчлэн Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгаанд “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэсний улмаас үүссэн хохирол”-ыг нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд тусгайлан хамааруулжээ.

Гэрээний 8.10. дахь заалт нь “согтууруулах бодис хэрэглэсэн нь хохирол учрахад нөлөөлсөн, тухайн согтууралтай холбоотой” байдлыг, 12.2.3.-т болон Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгаанд заасан хохирол нь “согтууруулах ундаа, ...хэрэглэсэнтэй шууд хамааралтай” болохыг тодорхойлсон гэж үзэхээр байна.

Хэргийн 5 дугаар талд авагдсан Дархан Уул аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №38 дугаартай Шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний булчингийн шигдээсээр нас барсан, нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байсан” гэж тогтоогджээ.

Дээрх дүгнэлтээр даатгуулагчийн нас барсан үндсэн шалтгааныг “...зүрхний архаг цус хомсрох өвчний улмаас зүрхний булчингийн шигдээс...” гэж тогтоосон байхад хариуцагч нь “...согтууруулах ундаа хэрэглэсний улмаас нас барсан” гэж нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь талуудын хооронд байгуулсан Зээлдэгчийн эрсдэлийн даатгалын гэрээт баталгаанд тусгайлан заасан нөхөн төлбөр олгохгүй нөхцөлд хамаарахгүй байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн тайлбар үндэслэлгүй гэж үзнэ. 

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцсэн байх тул магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 2574 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336 620 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                            Х.ЭРДЭНЭСУВД