| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00440/И |
| Дугаар | 378 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 378
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 9 дүгээр хороо, Бурхант-9, 108-3 тоотод оршин суух, Хорол овогт Гомбожавын Оюунчимэгийн /РД:ЛК87061504/ нэхэмжлэлтэй,
Хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Оюунчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Оюунчимэг миний бие Цэдэвдоржийн Эрдэнэмөнхтэй багийн найз нэг ангид сурдаг байсан. 2008 оноос хойш эхлэн үерхсэн. 2010 оны 04 сарын 05-нд хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 12 сарын 01-нд охин Эрдэнэмөнхийн Гэрэлтзулийг төрүүлсэн. Тэр цагаас хойш бид хоёр хамтран амьдарч байгаад 2015 оны 7 сарын 17-нд хоёр дахь охин болох Эрдэнэмөнхийн Анукаг төрүүлсэн, цаашид бид хоёр гэрлэлтээ батлуулах бодолтой байсан. Гэтэл хамтран амьдрагч Цэдэвдоржийн Эрдэнэмөнх маань 2016 оны 07 сарын 03-нд усанд осолдож, нас барсан тул охидууд болох Эрдэнэмөнхийн Гэрэлтзул, Анука нартаа тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул бид хоёрын 2008 оноос үерхэн 2010 оны 04 сарын 05-наас 2016 оны 07 сарын 03 хүртэл хамтран амьдарч байсныг маань тогтоож өгнө үү.
Бид багаасаа үерхсэн, нэг ангид сурдаг байсан юм. Тэгээд 2010 оны 4 сарын 05-наас эхлэн нэг гэртээ орж хамтран амьдарч эхэлсэн. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, Зв хэсэг, улиастайн гудамж 622 тоотод амьдардаг байсан. Том охин Гэрэлтзул маань 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй байсан учраас ааваараа овоглоогүй юм, бага охин Анука маань 2015 оны 7 дугаар сарын 17-нд төрсөн. Бид гэрлэлтээ батлуулах гэж байсан боловч амжаагүй, манай хүн иргэний үнэмлэхээ гээгдүүлээд тэгээд батлуулж амжаагүй байсан юм. Гэтэл золгүй явдлаар нас барсан тул биднийг хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү. Хоёр талын хүмүүс бүгд гэрчилсэн байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Г.Оюунчимэг нь Ц.Эрдэнэмөнхтэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Баянмөнх овогтой Цэдэвдоржийн Эрдэнэмөнх нь /РД:ЛК87060113/ 2016 оны 07 сарын 03-нд Хан-Уул дүүргийн нутагт ослоор нас барсан болох нь нас барсны №00001797729 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 5-р хуудас/
Г.Оюунчимэг Ц.Эрдэнэмөнх нар нь 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Ц.Эрдэнэсүхийн “...би Эрдэнэмөнхийн төрсөн дүү нь бөгөөд Оюунчимэг нь манай ахтай хамт амьдарч байсан нь үнэн болно...”, гэрч М.Ургамалын “...манай охин Оюунчимэг нь 2010 оны 4 сарын 5-нд Эрдэнэмөнхтэй тусдаа гарч амьдарсан. 2 хүүхэдтэй болсон ба хамтын амьдралтай нь үнэн болно” гэсэн мэдүүлэгүүд, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний №1122002511, Г-2501 тоот гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэв. /хэргийн 15-17-р хуудас/
Иймд Г.Оюунчимэгийн нэхэмжлэлийг хангаж, түүнийг Ц.Эрдэнэмөнхтэй 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Хорол овогт Гомбожавын Оюунчимэгийг Баянмөнх овогт Цэдэвдоржийн Эрдэнэмөнхтэй 2010 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН