Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 51

 

 

 

 

 

 

2020       01          17                                 2020/ШЦТ/51

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Чулуунчимэг,

            Улсын яллагч Н.Түвшинбаяр,

            Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт Ч.Б-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909038231139 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 03-нд Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхийн хамт тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч.Б-г /регистрийн дугаар /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах иргэн Ж.Номин-Эрдэнийн байшинд хууль бусаар нэвтэрч 55 инчийн МИ маркийн зурагт, мөнгөн чимэглэлтэй эмээл зэрэг эд зүйлийг хулгайлж 4.987.025 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүх зүйлийг үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэв.

              түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Шарга морьтын эцсийн дэлгүүрээс архи, пиво авч уусан тэгээд уг авсан архиндаа согтоод айлын хашаанд унтсан байсан. Тэгээд намайг сэрэхэд харанхуй болсон байсан. Сэрээд хартал төмөр торон хашаатай хашаан дотроо том байшин байсан. Уг байшингийн цонхыг хагалаад орж зурагт, эмээл хоёр аваад буцаж гараад шууд шарга морьтын 3 дугаар буудалд гэртээ харьсан. Маргааш өглөө нь уруудаж такси бариад шууд 4 дүгээр дэлгүүрийн хажууд байдаг ломбарданд зурагтаа 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тухайн эмээлийг зарж үрсэн зүйл байхгүй байж байгаад цагдаад хураалгаж эзэнд нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-4-5/,

 

              Хохирогч Ж.Номин-Эрдэнийн: “…Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт гурван шарга зусланд байрлах өөрийн эзэмшлийн байшингаа эргэх санаатай зуслан дээрээ ирсэн юм. Тэгээд байшингийн хаалгаа онгойлгоод орсон чинь манай байшингийн зүүн талын цонх хагарсан гэрт байсан мөнгөн чимэглэлтэй эмээл болон 55 инчийн МИ маркийн лед смарт зурагт алга болчихсон, цонхны хагарсан шил нь шалаар тарчихсан байсан. 2019 оны 10 дугаар сарын 11-ний орой 22 цаг 48 минутад дохиолол дугарсан мессэж миний гар утсанд ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,        

 

              Гэрч Б.Мөнхтэгшийн  “…Би "Баялаг өрнөн дэлгэрэх" ХХК-ний Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн орчим байрлах "Супер 1" нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт үнэлгээний ажилтнаар ажилладаг. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр миний ажиллаж байсан барьцаалан зээлдүүлэх газарт 55 инчийн МИ гэх загварын ухаалаг зурагтыг 400.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Манайд барьцаалсан зурагтын хугацаа 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дууссан ба Баянжаргал гэх хүн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зурагтаа аваад явсан байна …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

 

              Хэргийн газарт үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хх-9-10/, Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-17/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, Эд зүйлийн үнэлгээ /хх-9/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-12/, Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-49/, хорооны тодорхойлолт /хх-55/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-47/, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-62, 65-76/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-78-79/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьтын зусланд байрлах иргэн Ж.Номин-Эрдэнийн байшинд хууль бусаар нэвтэрч 55 инчийн МИ маркийн зурагт, мөнгөн чимэглэлтэй эмээл зэрэг эд зүйлийг хулгайлж 4.987.025 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ж.Номин-Эрдэнийн мэдүүлэг, гэрч Б.Мөнхтэгшийн мэдүүлэг, шүүгдэгч Ч.Бын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Ч.Бын дээрх бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.Номин-Эрдэнийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

 

Шүүгдэгч Ч.Бын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүхээс шүүгдэгч Ч.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад элдүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

1.Шүүгдэгч Ч.Б-г Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Ч.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Ч.Бд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4.Шүүгдэгч Ч.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             З.БОЛДБААТАР