| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
| Хэргийн индекс | 183/2016/00438/И |
| Дугаар | 377 |
| Огноо | 2016-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 377
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19-18-15 тоотод оршин суух, Боржигон овогт Бавуусүрэнгийн Баярсайханы /РД:ШБ65021713/ нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Энхбилгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Б.Баярсайхан би ТЭЦ-3-ын дэргэдэх МПИ, мигават салбарт өндөр даралтын зуухны засварчин, гагнуурчнаар 2003 оны 08 сарын 03-наас 2008 оны 11 сарыг дуустал 5 жил 3 сар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдээгүй байж байгаад уг салбар татан буугдаж, Орос мэргэжилтэнгүүд гэрээний хугацаа дуусгавар болж, бүгд нутагтаа буцаж, холбогдох бичиг баримтууд үндэсний төв архивт өгөгдөөгүй тул хамт ажиллаж байсан С.Үүртсайхан, Д.Баярсайхан нарын тодорхойлолт, нотлох баримт зургуудыг үндэслэн ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжих байна. Б.Баярсайхан нь ТЭЦ-3 дэргэдэх Мигават салбарт ажиллаж байсан, гэтэл энэ талаарх баримтууд нь татан буугдахдаа архит өгөгдөөгүй гэдэг үндэслэлээр гарч ирэхгүй байна. Тиймээс гэрчийн мэдүүлэг болон хөдөлмөрийн дэвтэрийг үндэслэн ажилласан жилийг тогтоож өгч туслана уу гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Б.Баярсайханы Хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, ажлаас гарсан тушаалууд нь бичигдээгүй, уг баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй болох нь нэхэмжлэгчийн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Архивын Ерөнхий газрын 2016 оны 3 сарын 24-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д шүүх хянан шийдвэрлэхээр заасан байна.
Нэхэмжлэгч Б.Баярсайхан нь 2003 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2008 оны 11 сарыг дуусталх хугацаанд ТЭЦ-3-ын дэргэдэх МПИ, “Мигават” салбарт өндөр даралтын зуухны засварчин, гагнуурчнаар ажиллаж байсан болох нь:
“Мегаватт” ХХК-ийн 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №72/16 дугаар “Бавуусүрэн овогтой Баярсайхан нь 2003 оны 8 дугаар сарын 03-наас 2008 оны 11 сарын 30-ний хүртэлх хугацаанд “Өндөр даралтын зуухны засварчин, гагнуурчин “ажилтай байсан нь үнэн бөгөөд одоо холбогдох бичиг баримт гаргах өгөх боломжгүй. Учир нь манай компани архив хадгалдаггүй болно” гэсэн тодорхойлолт /хэргийн хуудас/,
Б.Баярсайханы мэргэжлийн үнэмлэхний хуулбар /хэргийн хуудас/,
Дулааны Гуравдугаар цахилгаан станц ХК-ийн гүйцэтгэх захирлын 2003 оны 7дугаар сарын 29-ний өдрийн №376 дугаар “Хөдөлмөрийн сахилгын шийтгэх ногдуулах тухай” тушаалын “4-т Б.Баярсайхан нарын хөдөлмөрийн гэрээг 7 сарын 29-ний өдрөөс ажил олгогчийн санаачилгаар цуцлаж, ажлаас халсугай” гэсэн бичилт /хэргийн хуудас/,
Б.Баярсайхан №117148 дугаартай Хөдөлмөрийн дэвтрийн бичилтүүд /хавтас хэргийн 3,4-р хуудас/,
нэхэмжлэгч Б.Баярсайхантай хамт ажиллаж байсан гэрч Д.Баярсайханы “...2003 оноос 2008 он хүртэл хамт Меговатт ХХК-д ажиллаж байсан бөгөөд Баярсайхан нь засварчин гагнуурчин хийдэг байсан. Тэтгэвэр тогтоолгох гэсэн чинь ажилласан жил нь хүрэхгүй байгаа бөгөөд Меговатт ХХК нь архивт материалыг нь өгөөгүй байсан ” гэх мэдүүлэг /хэргийн 20-21-р хуудас/,
гэрч Д.Баярсайханы №121627 дугаар нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбар /хэргийн 9-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 7-р хуудас/,
мөн гэрч С.Үүртсайханы “...2003 оноос эхлэн 2008 он хүртэл Меговатт ХХК-д хамт ажиллаж байсан бөгөөд тэр үед Баярсайнхантай хамт ажилладаг байсан” гэх мэдүүлэг /хэргийн 17-18-р хуудас/,
гэрч С.Үүртсайханы №151031 дугаар Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хэргийн 8-р хуудас/, иргэний үнэмлэхний хуулбар /хэргийн 7-р хуудас/, нэхэмжлэгчийн шүүхэд болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзэв.
Иймд Боржигон овогт Бавуусүрэнгийн Баярсайханыг 2003 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2008 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд ТЭЦ-3-ын дэргэдэх “Мегаватт” салбарт өндөр даралтын зуухны засварчин, гагнуурчнаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар Боржигон овогт Бавуусүрэнгийн Баярсайханыг 2003 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 2008 оны 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд ТЭЦ-3-ын дэргэдэх “Мегаватт” салбарт өндөр даралтын зуухны засварчин, гагнуурчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН