| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0012/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/16 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2020/ШЦТ/16
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Доржханд, В.Энхболд,
Шүүгдэгч Х.ЭС.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.М, Х.Энарт холбогдох эрүүгийн 1738001820155 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.Энь С.М, Н.Хр нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед хохирогч П.С-ийн 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгний, хохирогч Н.З-гийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч С.М нь Н.Х, Х.Э нартай бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед хохирогч П.С-ийн 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгний, хохирогч Н.З-ийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,
Шүүгдэгч С.М нь ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 18-19-ний хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас иргэн Б.Ц-ийн 3 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.ЭС.М, Н. нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед хохирогч П.С-ийн 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгний, хохирогч Н.З-ийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч С.М нь ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 18-19-ний хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас иргэн Б.Ц-ийн 3 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1738001820155 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Хөвсгөл аймгийн Тариалын сумаар дайраад явж байхад 20 гаран тооны үхэр байхаар нь С.М, Н.Хүрэлбаатар бид 3 талаас нь хоргоож байгаад 4 тооны хүрэн зүсмийн үхэр барьж хамтдаа нядлаад Хүрлээгийн унаж явсан 20-05 ХӨВ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн машинд ачаад шууд Улаанбаатар хот руу гарсан...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч С.Мийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2018 оны 11-р сарын 17-ны өдөр Хүрэлбаатар, Х.Эах бид 3 уулзаад хоорондоо ярьж байгаад замдаа үхэр нядлаад аваад явья гэж тохироод Тариалан сум руу салаад Намнангийн ар гэх газарт 20 гаран тооны үхэр байхаар нь бид 3 нийлж байгаад 4 тооны үхэр барьж аваад гурвуулаа нийлээд нядалж машин дээрээ ачсан. Тэгээд шууд Улаанбаатар хотын чиглэлд явсан...” гэх мэдүүлэг,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /хх-ийн 30-44-р хуудас/,
Хохирогч Б.Цэцэнбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 3 адуугаа 2017 оны 07 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Түнэл сумын Хар усны гол гэх газраас бэлчээрээсээ алга болсон. Би 3 адуугаа Түнэл сумын 1 дүгээр баг зуны голд байдаг өвөлжөө рүүгээ гүйгээд явсан гэж бодоод сар орчим эрж хайсан юм. 2017 оны 8 дугаар сарын 20-ны үед Мөрөн сумын 13 дугаар хорооны мах авдаг цэгний камер шүүж үзсэн чинь миний 3 адууг С.М өгч байгаа зураг байсан...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/,
Хохирогч П.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манайх Их-Уул сумын Улиастын ам гэдэг газраас ... хар нүдтэй ягаан зүсмийн нас нийлж байгаа үнээ 1 толгой, халзан, улаан ягаан зүсмийн шүдэлж яваа эр бяруугаа хулгайд алдсан...ингээд сураг нь гарахгүй байж байгаад цагдаагаас дуудаад нядлагдсан үхрийн толгойн зураг үзүүлэхээр нь үзтэл манай хоёр үхэр мөн байсан. Үүнээс гадна танихгүй 2 үхрийн толгой бас байсан...Нэхэмжлэх зүйл байхгүй, би өөрт учирсан хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60-р хуудас/,
Хохирогч Н.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 11 сарын 10-ны үед байх сайн санахгүй байна. Өглөө манай үхэр гэрийнхээ гадаа ирсэн байхаар нь үхэр лүүгээ орчиж үзтэл 2 тооны үхэр байхгүй байсан...Тэгээд сураг сураад байсан чинь манай сумын иргэн Сарантуяа гэдэг айлын 2 тооны үхэр бас бэлчээрээс алга болсон байсан. Тэгээд бид нар эрэл сурал болж байтал хэсгийн төлөөлөгч бид нартай уулзаад алдагдсан үхрийн толгойн зургийг үзүүлсэн. Тэгтэл манай алга болсон үхрийн толгойн зураг мөн байсан...Би нядлагдсан 2 үхрийнхээ махыг журмын хашаанаас очиж авсан... Би өөрт учирсан хохирлоо барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 65-68-р хуудас/,
Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2017 оны зун манайх Түнэл сумын 1-р баг зуны гол гэх газраас Түнэл сумын 6-р баг болох Хар усны ам гэх газар ирж зуссан юм. 2017 оны 07 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө манай 3 тооны хоёр хар морь, нэг хээр морио алдсан юм. Аав Цэцэнбилэг бид хоёр мотоциклтой, морьтой хамт эрэл хайгуул хийсэн. Аав Цэцэнбилэг бид хоёр сар гаруй хайсан боловч огт сураг гарахгүй байсан. Дараа нь 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Мөрөн сумын мах маркетинд орж шүүж үзэхэд нэг улаан дээлтэй намхан залуу манай гурван морийг цулбуураас нь барьсан зогссон зураг авахуулсан байсан. Том хар моринд орос улаан алаг гөлөмтэй эмээл тохсон зураг би харсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 85-р хуудас/,
Хөрөнгийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 87, 95-97-р хуудас/,
Шүүгдэгч Х.Эрдэнэсүрэнгийн хувийн байдлыг тогтоосон Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны тодорхойлолтын хуулбар, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 188-193, 197-р хуудас/,
Шүүгдэгч С.Мийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 183, 190-193-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1738001820155 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М, Н.Хүрэлбаатар нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед хохирогч П.Сарантуяагийн 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгний, хохирогч Н.Зоригоогийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан,
Шүүгдэгч С.М нь ганцаараа 2017 оны 07 дугаар сарын 18-19-ний хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас иргэн Б.Цэцэнбилэгийн 3 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Б.Цэцэнбилэгийн мэдүүлэг /хх-ийн 51-53-р хуудас/, хохирогч П.Сарантуяагийн /хх-ийн 58-60-р хуудас/, хохирогч Н.Зоригоогийн мэдүүлэг /хх-ийн 65-68-р хуудас/, гэрч Ц.Цолмонбаатарын /хх-ийн 71-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хуулбар /хх-ийн 30-44-р хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 85-р хуудас/,
Хөрөнгийн тайлангийн үнэлгээ /хх-ийн 87, 95-97-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М, Н.Хүрэлбаатар нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Харин шүүгдэгч С.М нь 2019 оны 07 дугаар сарын 18-19-ний хооронд Хөвсгөл аймгийн Түнэл сумын нутгаас иргэн Б.Цэцэнбилэгийн 3 тооны адууг хулгайлахдаа уг гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М, Н.Хүрэлбаатар нар нь бүлэглэн П.Сарантуяагийн 2 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгний, хохирогч Н.Зоригоогийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгний хохирол учруулсан, шүүгдэгч С.М нь ганцаараа Б.Цэцэнбилэгийн 3 тооны адууг хулгайлж 3.000.000 төгрөгний хохирол учруулсан байна.
Хохирогч П.Сарантуяа, Н.Зоригоо нар нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба хохирогч Б.Цэцэнбилэгт учруулсан 3.000.000 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй байна. Иймд шүүгдэгч С.Моос 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэцэнбилэгт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Х.Энь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Х.Энь 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 189-193-р хуудас/,
Шүүгдэгч С.М нь 2015 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дүгээр зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 186,190-193-р хуудас/-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Энь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн 1738001820155 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Энь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч Х.Энь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгч Х.Эам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, шүүгдэгч С.М нь ам бүл 4, эх, дүү нарын хамт амьдардаг, эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Эрдэнэсүрэнгийн цагдан хоригдсон 145 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 1160 цагаар тооцож, шүүгдэгч С.Мийн цагдан хоригдсон 99 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар буюу 792 цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээнээс тус тус хасах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.М, Х.Энарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Х.Э нарыг тус бүр 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Эрдэнэсүрэнгийн цагдан хоригдсон 145 /нэг зуун дөчин тав/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 1160 /нэг мянга нэг зуун жар/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас, шүүгдэгч С.Мийн цагдан хоригдсон 99 /ерөн ес/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай буюу 792 /долоон зуун ерэн хоёр/ цагаар тооцож нийтэд тустай ажил хийлгэх ялаас тус тус хассугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.С.Моос 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цэцэнбилэгт олгосугай.
5. Эрүүгийн 1738001820155 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Энь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Эрдэнэсүрэн, С.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР