| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2020/0015/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/24 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/24
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Алтаншагай,
Улсын яллагч Ч.Батзориг,
Хохирогч Ж.Ч,
Шинжээч эмч Б.Цолмон,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Содномдорж,
Шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Шхолбогдох эрүүгийн 1938008160480 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд өөрийн гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Чы толгойруу гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд өөрийн гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Чы толгойруу гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938008160480 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 11-нд Хайч гэх газраас Хатгал тосгоны төвд байдаг гэртээ ирж хашаандаа буулгасан түлээгээ хурааж толанаар олгодог хүнсний зүйл авахаар орж ирсэн. Тэгээд Халзан болон манай эхнэр Чулуун бид 3 хамт 0,75 граммын хэмжээтэй “Сэржим” гэх нэртэй архи хувааж ууж дуусаад Халзан яваад өгсөн. Тэгээд би эхнэр Чулуунд хандаж толаныхаа хүнсийг аваад ир гэсэн чинь Чулуун би архи уучихсан юм чинь яаж очиж авдаг юм гэж хэлэхээр нь би юунд архи уусан юм толаныхаа хүнсийг авчаад дараа нь архи уухад яасан юм гэж хэлээд хэсэг хугацаанд маргалдаж байгаад би уурлаад эхнэр Чулууныг хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгсэн уйлаад болиоч гэхээр нь би больсон. Тэгээд би эхнэртэйгээ маргааш нь хайч гэдэг газарт байдаг хөдөө гэр лүүгээ явсан. Тэгээд маргааш нь Мөрөн сумаас манай том хүү Батзаяа ирээд Мөрөн сум руу орж үзүүлэх хэрэгтэй гээд аваад явсан...Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч Ж.Чы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шиг санаж байна. Нөхөр Б.Штэй байж байтал Халзан гээд залуу нэг шил архитай ирээд бид 3 нөгөө архийг уусан. Тэгээд Халзан архи дуусаад гэр лүүгээ явсан. Нөхөр бид хоёр нэлээн муудсан байсан. Манай нөхөр Б.Ш намайг хүнсний толандоо яваад ир гэж хэлсэн. Би согтуу байна, маргааш явъя гэж нөхөр Б.Шд хэлсэн чинь, манай нөхөр намайг чи угаасаа архи ууж байхаар хүнсний толандаа явахгүй яасан юм гэж хэлсэн. Тэгээл бид 2 маргалдсан чинь манай нөхөр гэнэт босж ирээд миний нүүр шанааруу баруун гараараа 2 удаа цохисон. Би хажуу тийшээгээ унасан чинь манай нөхөр намайг чирээд 2 удаа баруун зүүн гуялуу өшиглөсөн...Би гомдол саналгүй байна...” гэх мэдүүлэг /,
Гэрч Ш.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Бүрэнтогтохоос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 11 цагт гарч Хатгалд очиход ээж Чулуун нь орон дээр хэвтээд нүүр дух хэсэг нь шарх болж хавдсан байдалтай байсан. Би юу болсон талаар асуухад аав Б.Ш ээжийг хардаад архи ууж байгаад зодсон гэсэн. Аав Б.Ш өөрөө надад энэ тухай хэлсэн. Нүүр нь хавдсан нуруу нь чирэгдсэн гэмээр зулгаралт байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 605 тоот:
1. Ж.Чы биед зүүн чамархай цөмөрсөн хугарал, баруун талын зулай тархины эдэд няцрал, дух баруун шанаа, хамрын үзүүр хамрын нуруу, зүүн сарвууны чигчий хуруу, баруун шилбэнд зулгаралт, баруун дээд зовхи, зүүн дээд зовхи, ооч хэсэгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Ж.Чы биед үүссэн зүүн чамархайн ясны цөмөрсөн хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д заасан амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин баруун талын зулай тархины эдэд няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Бусад хэсгийн зулгаралт цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 13-нд үзлэг хийгдсэн байсан. 11 дүгээр сарын 14-ний өдөр би өөрөө дискийг судалж дүн шинжилгээ гаргасан. Өмнө гэмтэл авч байсан бороололтын ул мөр байхгүй, бороололт явагдаагүй байсан. Тэгэхээр шинэ гэмтэл байсан...”гэх мэдүүлэг,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны даргын оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн баталгааны хуулбар, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44, 46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938008160480 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд өөрийн гэртээ 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Ж.Чы толгойруу гараараа цохиж, хөл рүү нь өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Шгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Ж.Чы мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Гэрч Ш.Батзаяагийн /хх-ийн 19 дүгээр хуудас/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
Шинжээч эмч Б.Цолмонгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 605 тоот дүгнэлт /хх-ийн 31 дүгээр хуудас/,
Шинжээч эмч Б.Цолмонгийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг
зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Б.Ш нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Ж.Чы эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Шг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Ш нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938008160480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-г 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш-д оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн 1938008160480 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР