Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамбадаржаагийн Хулан |
Хэргийн индекс | 183/2016/00046/И |
Дугаар | 371 |
Огноо | 2016-07-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 371
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, Ерөнхий сайд Амарын гудамж, Өнгөт хэвлэлийн байр 2 дугаар давхарт байрлах “Ард даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 6 дугаар хороо, Нүхт 27 дугаар гудамж, 500 тоотод оршин суух, Дааган овогт Пүрэвийн Нямдаваад /РД:УЖ67073015/ холбогдох,
672 585 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ард даатгал” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Нямдаваа нь 2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “Юнител” ХХК-тай “Үйлчилгээ ашиглах урт хугацааны гэрээ байгуулж” 88051501 дугаар дээр 6 сарын хугацаатайгаар 1 100 000 төгрөгийн үнэтэй “I phone” 4 S гар утас зээлээр худалдан авч сар бүр 185 000 төгрөгийн суурь хураамж төлөхөөр үүрэг хүлээсэн. Иргэн Нямдаваа нь үүргээ зөрчиж төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй. Гэрээний хугацаа дууссан бөгөөд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл нь 440 057 төгрөг байна. Гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн өдрийн 0,3 хувийн алданги тооцохоор тохиролцсон. “Ард даатгал” ХХК нь “Юнител” ХХК-тай төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ байгуулсан. Уг гэрээгээр Юнител ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдолд үүсч даатгалын нөхөн төлбөро олгоно гэжээ. Ард даатгал ХХК нь 595 851 төгрөг шилжүүлсэн. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иймд иргэн П.Нямдаваагийн төлбөрийн үлдэгдэл, 660 085 төгрөг, Эй Эс Партнёрс ХХК-ий улсын бүртгэлийн гэрээг нотариатаар батлуулсан зардал болох 2500 төгрөг, нэхэмжлэлийн зохих баримтуудыг баталгаажуулахад гарсан зардал болох 10 000 төгрөг, нийт 672 585 төгрөгийг Ард Даатгал ХХК-д гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч П.Нямдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие 2013 оны 5 сарын 13-ны өдөр Юнител компаниас гар утас гэрээ байгуулж авсан. Тэр утас нь Мобиком дээр 500 000-550 000 төгрөгний үнэтэй зарагдаж байсан байна лээ. Үнэтэй утас байна гэхээр нь авсан өдөртөө буцаагаад өгөхөөр очиход нэгэнт авсан болохоор манайх одоо буцаагдахгүй гэсэн. Зах зээлийн ханшаар 500 000 гаад мянган төгрөг төлсөн. 2 жил гаран над руу яриагүй, нэхэмжилж байгаа мөнгийг 6 сарын хугацаанд төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ард Даатал” ХХК нь хариуцагч П.Нямдаваад холбогдуулан 672 585 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэснээс хойш зохигч талууд эвлэрч 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд “... нэхэмжлэлийн шаардлага болох 672 585 төгрөгийг дараах байдлаар хувааж төлнө.
2016 оны 08 дугаар сард 134 517 төгрөг,
2016 оны 09 дүгээр сард 134 517 төгрөг,
2016 оны 10 дугаар сард 134 517 төгрөг,
2016 оны 11 дүгээр сард 134 517 төгрөг,
2016 оны 12 дугаар сард 134 517 төгрөг нийт 672 585 төгрөг” гэжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 672 585 төгрөгийг хариуцагч П.Нямдаваа нь маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, уг 672 585 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард 134 517 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 134 517 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 134 517 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 134 517 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 134 517 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцжээ.
Иймд зохигч талуудын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”Ард Даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч П.Нямдаваад холбогдох 672 585 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 672 585 төгрөгийг хариуцагч П.Нямдаваа нь маргаангүйгэр хүлээн зөвшөөрч, уг 672 585 төгрөгийг 2016 оны 8 дугаар сард 134 517 төгрөг, 2016 оны 9 дүгээр сард 134 517 төгрөг, 2016 оны 10 дугаар сард 134 517 төгрөг, 2016 оны 11 дүгээр сард 134 517 төгрөг, 2016 оны 12 дугаар сард 134 517 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч талуудын эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Ард Даатгал” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 20 692 төгрөгний 10 346 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлстийн 2603030349 тоот данснаас 10 346 төгрөг, хариуцагч П.Нямдаваагаас 10 346 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.ХУЛАН